Найруулагч Б.Ганболд Би хүнд таалагдах гэж хийдэггүй

Чимээ анир багатай байж байгаад гэнэтхэн гарч ирсэн Тэнгэрийн андгай кино Тэнгис кино театрт сүр дуулиантайгаар нээлтээ хийлээ. Киноны акулуудыг цочтол гарч ирсэн энэ кино Швед, Япон зэрэг орнуудын чихэнд аль хэдий хурч Манайд гаргаач ээ гэсэн урилгаа хүртэл ирүүлээд амжиж. Кино урлагийн сургуулийг төгссөн Б.Ганболд гэх шавилхан залуу найруулагч томчуулын толгой дээр цахиур хагаллаа. Их эзэн Чингис хааны дүрийг жүжигчин МУГЖ Д. Сосорбарам, Жамухыг АЖ П. Цэрэндагва амилуулсан бол АЖ П.Цэрэндагвын гэргий жүжигчин АЖ Б.Мэндбаяр гуай Өэлүн эхийн дүрд тоглосон. Тэнгэрийн андгай кино нь Чингис хааны намтар зузаан амьдралаас зөвхөн Жамухтай анд бололцож нөхөрлөж байгаа хэсгийг уран сайхнаар харуулсан. Энэ киноны найруулагч Б.Ганболдтой уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Манай найруулагчид Чингис хаан киног хийх гэж байна гээд нэлээдгүй дуншиж байж Чингис-үүдээ эхэлсэн. Тэнгэрийн андгай кино чимээ аниргүй байж байгаад гэнэтхэн нээлтээ хийлээ?
-Нэгдүгээрт, би тэдэнд атаархсандаа Би хийхгүй бол болохгүй нь. Би заавал Чингис гэдэг киног хийнэ гэж хийгээгүй. Хоёрдугаарт, энэ киног хийхэд манайдаа нэртэй компани надад маш их тусалсан. Тэнгэрийн андгай-г бүтээж, босгож ирэхийн төлөө сэтгэлээсээ
тусалж зүтгэсэн. Энэ хүмүүст л баярлаж байна даа. Хүн Би хийх гэж байна гэж цээжээ дэлдэж болохгүй. Харин хийснийхээ дараа Би ийм юм хийчихлээ гэвэл арай дээр байх. Гуравдугарт би хүнд таалагдах гэж ямар нэг зүйлийг хийдэггүй. Өөрийнхөөрөө л байх дуртай. Энэ бол миний араншин бас амьдралын зарчим гэж болно л доо.

-Манайхан чинь кино хийх гэхээрээ санхүүгийн ивээн тэтгэгч олох гээд зүтгэчихдэг шүү дээ. Зарим нь туслаач ээ, дэмжээч ээ гээд явж байдаг. Тэнгэрийн андгай ийм сураг гаргасангүй байж байгаад гарчихлаа. Та тийм их мөнгөтэй баян хүн үү?
-Өнөөдөр ганцхан зүйлийг би хэлье. Монголоо гэсэн сэтгэлтэй, үндсэрхэг үзэлтэй хүмүүс Морьтхангай компанид байдаг юм байна гэдгийг бүх монголчууддаа хэлэхэд таатай байна. Хэрэв Морьтхангай гэдэг групп байгаагүй бол Тэнгэрийн андгай гэдэг кино байхгүй. Магадгүй би өөрийн чинь хэлснээр ивээн тэтгэгч хайгаад байж байх байсан байлгүй. 800 жилийн ойд зориулаад хүмүүс юм хийгээд байна л гээд байгаа болохоос биш ийм юм хийчихлээ гэж байгаа хүн хаана байна. Гэтэл Морьтхангай түүхэн киног хийчихээд байна шүүдээ.

-Тэгвэл Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулсан олон Чингис хаан киноны нэг нь төрчихөж байгаа хэрэг үү?
-Дахин хэлье. Би хүнд таалагдах гэж амьдардаггүй юм. Энэ киног 800 жилийн ойд зориулж хийе гэсэн юм байхгүй. Уран бүтээлч хүний хувьд зөвхөн анд нөхөр гэж ямар хүмүүс байдаг юм, тэр тухай киног л хийе гэсэн юм.

-Швед, Япон зэрэг улсуудаас манайд гаргаач ээ гэсэн урилга ирсэн гэсэн. Өнөөдөр энд нээлтээ хийж байгаа киног тэд яаж мэдчихдэг байна. Энд гарахаас өмнө гадаадад нээлтээ хийсэн юм уу?
-Та Монгол хүн л юм бол юуны өмнө, хамгийн түрүүнд эх нутагтаа хайртай байх хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Өнөөдөр тэнд гарна энд гарна гэж ярих бол уран бүтээлч хүний хувьд кайф биш. Тэр уралдаан тэмцээн хаана болж байна тэр бол байдаг л зүйл. Киноныхоо нээлтийг хаана хийх гэж байна. Энэ сонин биш. Уран бүтээл сайн л бол хүссэн хүсээгүй цаашаа өөрөө яваад өгнө.

-Хүний махыг тас шувуунууд булаацалдан зулгааж байгаагаар дурсэлсэн байсан. Бас тэнгэрт нисч байгаа хэрээнүүд. Хэтэрхий харгис-аар дүрсэлчихэж гэж шүүмжлэгдсэн үү?
-Би найр хурим ч юм уу, том матрикс хийхийг хүсээгүй. Андынхаа төлөө үхсэн хүмүүс олон байна шүү дээ. Өнөөдөр яагаад Тэмүүжин гэж хүн байдаг юм. Яагаад тэр хүнийг хүмүүс яриад байдаг ом бэ. Гэтэл тэнд бас Жамух гэж хүн байдаг юм шүү. Хамгийн гол нь тэр. Тэмүүжин Жамух хоёрын золиос тас байхгүй юу. Тас шувуу хүний махыг яаж идэж байна. Тэрүүгээр л хамаг учрыг харуулахыг зорьсон хэрэг. Жамух ямар хүн бэ. Би энд нэг зүйлийг л хэлмээр байна. Хүмүүс Чингис хаан, Чингис хаан гээд л яриад бичээд байдаг. Тэр аугаа Чингисийг чинь Жамух бий болгосон байхгүй юу. Бас чиний амьдарч байгаа орчинг Жамух бий болгосон юм. Тэгэхээр Жамухын бүтээсэн зүйлүүдийг Чингис хийсэн бүтээсэн гээд байхаар тэр тас, хэрээнүүдээс харгис байгаа биз. Жамух хаан болчихоод анддаа, өөрөөр хэлбэл Чингист зай тавьж өөрийгөө хөнөөлгөсөн шүү дээ. Тэгэхээр Жамух энэ бүхнийг бүтээгээгүй гэж үү.

-Жамухыг Арчилдай ноён чулуугаар цохиж тамлан алсан. Жамухын үхлийг олон кинон дээр өөр өөрөөр гаргаад байвал түүх гуйвах юм биш үү. Магадгүй гадаадынхан Чингис хаан киног хийхдээ Жамухын үхлийг бас нэг өөрөөр дүрсэлж яваандаа түүхчдийн бичсэн нөгөө түүх ул мөргүй болох вий?
-Би энэ үгийг хэлдэг юм. Цаашид хэлэх ч болно. Хүн эхлээд амьдардаг. Дараа нь чулуу болж үхдэг. Киноны төгсгөлд хоёр чулуу үлддэг. Чулуун дээр чулуугаар цохиж алдгийн учир ийм. Би мундагтаа сэтгээд хийгээд байгаа юм биш. Жамух яагаад чулуун дээр тарчилж байна. Хүн чулуун дээрээ л байсан. Чулуун дээрээ л үхэж байна. Энд өөр тайлбар хэрэггүй гэж бодож байна. Чингистэй хамт байсан хүмүүсээс хэн ч одоо байхгүй. Түүхчид тийм байсан байж магадгүй гэж таамаглаж бичсэн болохоор түүх гуйвах асуудал байхгүй байх.

-Тэнгэрийн андгай гэсэн нэрний андгай гэдэг үгийн дундуур нь сум харваж байгаагаар хийсэн байсан. Эхлээд уулзахдаа анд бололцоод дараа нь гай гэсэн утгыг гаргасан юм болов уу гэх хүн ч байсан. Жамух, Чингис хоёрын нөхөрлөлийг андгай гэдэг үгээр илэрхийлчихсэн юм шиг санагдсан?
-Хүн эхлээд хүнтэй сайн байна уу гэж уулзах ёстой. Энэ бол эхний уулзалт. Дараа нь хүн ядарч байхад Яаж байна миний хөгшөөн гэж уулзах ёстой. Өнөөдөр энэ кинонд тийм юм байхгүй. Анд бол анд. Хүний анд нөхөр гэж ямар байх ёстой юм тэрийг л харуулж байгаа хэрэг.

Ж.Нарангарав
2006.12.1 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button