Төмөр зам дахь ужгирсан булхайнууд эхнээсээ дэлгэгдэж эхэллээ

Долоо хоногийн өмнө Төмөр замын суудлын депогийн дарга, зүтгүүрийн депогийн ҮЭ-ийн дарга нар энэ ослын дүгнэлтээр удирдлагууд нь өөрсдийгөө хаацайлан авч үлдээд хариуцлагыг доорхи ажилтнууддаа үүрүүлсэн талаар болон удирдлагуудынхаа олон арван саяар бие биедээ байр бэлэглэдэг тухай ярьж байсан билээ. Харин энэхүү мэдээллийн дараа тэдэнд ямар нэгэн байдлаар шахалт үзүүлж баталгаагүй, үндэслэлгүй мэдээлэл цацлаа гэх зэргээр дарамтлах болсон учир энэхүү мэдээллээ баталгаажуулах, нөгөөтэйгүүр 20-нд болсон ослын дараа ахин хоёр ноцтой осол гарах дөхсөнийг удирдлагууд нь нууж чимээгүй өнгөрөөж байгаа тул Төмөр замгэх бие даасан энэ вант улс дахь хамаг булхайг дэлгэж олон нийтэд хүргэхээр тэд өчигдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа.

Төмөр зам нягтлан бодох бүртгэлийн албаны даргадаа зургаан байр бэлэглэжээ

УБТЗ-ын даргын 2006 оны 09 сарын 05-ны өдрийн А-229 тоот тушаалын 1-д Д.Сайханцэцэгийн хүсэлтийг үндэслэн 3 өрөө байрныгэрээ хийж худалдан авч өгөхийг барилга орон сууцны албаны дарга Ж.Ганбаатарт даалгажээ. Гэтэл замын даргын тушаалыг зөрчиж гурван өрөө байраа таван өрөө болгож томсгосны зөрүү болон тушаалд заагдаагүй 7000 долларын үнэтэй хоёр ширхэг автомашин авсны зардлыг төмөр замаар төлүүлсэн аж. Уг тушаалд зааснаар өмнө нь Д.Сайханцэцэгийн хувьчилж авсан хоёр өрөө байрыг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр замын дарга дур мэдэн Н.Тэгшхоролд шилжүүлэхээр заасан нь хувийн өмчид халдсан мэт харагдаж буй боловч тэрээр Сайханцэцэгийн охин болох нь тогтоогдсон тул төмөр замыг хэдэн дарга нар нь биш энэ эмэгтэй л өөрийнхөө аясаар хөдөлгөж байгаа нь илт байна хэмээн тэд мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй Төмөр зам 2006 онд л гэхэд Сайханцэцэгийн гал сөнөөгч ах Цэрэндорж, үйлчлэгч дүү Уранхишиг, нябо дүү Эрхэмболор, төвийн диспетчер дүү Эрдэнэбадрал нарт нь шинэ байр олгосноор нийтдээ зургаан байрыг зөвхөн түүнд олгоод байгаа гэнэ. Харин хамгийн сонирхолтой нь энэ байр авах гэрээний төгсгөлд төмөр замын эрх мэдэл бүхий хүмүүс зөвшөөрөл олгосноор барахгүй Сайханцэцэг өөрөө өөртөө зөвшөөрлийн тамга дарсан байх юм. Төмөр замын удирдлагуудын өмнүүр улаан гэрлээр гардаг энэ Сайханцэцэг гэгч хэн бэ? Тэрээр Төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны даргаар ажилладаг. Зарим нэгэн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Төмөр замд хэсэг ажиллаж байгаад гарч Монгол транс-д ажиллаж байхдаа мөнгөний хэрэгт холбогдон буцаж Төмөр замд ирсэн, шаггүй сэргэлэн, арын хаалгатай нэгэн гэх мэдээлэл дуулдаж буй. Төмөр зам-ын удирдлагууд ямар ч хэл үггүйгээр энэ эмэгтэйд 5 өрөө байр, 2 машины зогсоол гээд нийтдээ 90 гаруй сая төгрөг төсөвлөж ээж болон ах дүүд нь таван ширхэг байр бэлэглэх учир шалтгаан юу байв. Гэтэл Төмөр зам хэдийгээр ахуй хангамжийн тал дээр дээд зэрэглэлийн гэлцдэг ч энэ байгууллагад 30 гаруй жил ажилласан, хоёр дайнд оролцож, улс орноо хамгаалалцаж явсан Д.Надмид гуай хөгшнийхөө хамт хөлсний байранд, осолд орж нас барсан туслах машинист залуу эхнэрийнхээ хамт подвольд амьдарч буй нь энэхүү хангамж дээдэст л үйлчилдэг гэж үзэхээс аргагүйд хүргээд байна.

Удирдлагууд нь удаа дараагийн ослыг нуун дарагдуулж байжээ.

Сүйрэл гарсны маргааш буюу 11 сарын 21 нд Алтганы голын 30-р зөрлөгт 3432-р галт тэрэг орж ирээд контрольд багтаагүй тул зам дээрээс татаж байтал цаанаас нь суудлын 285-р галт тэрэг орж иржээ. Өртөөний жижүүр Болохоо болилоо зогсоорой гэж радио станцаараа 285-д мэдэгдсэнээр ослоос аврагдсан бөгөөд тухайн үед станц нь ажиллаагүй бол маш олон хүний амь эрсдсэн том сүйрэл гарах байсан аж. Үүний дараа 11 сарын 27нд Бэлэндалай, Хөтлийн хоорондох 30-р км-ийн 8-р зуутад илчит тэрэг эвдэрч зогссон бөгөөд машинч Батдорж, туслах машинч Амарбаясгалан нар төв рүүгээ тусламж дуудсаныхаа дараа өөрсдөө тэргээ сөн гэх мэтээр удаа дараалан гарсан ослуудыг төмөр замын удирдлагууд нуун дарагдуулсаар өдий хүрчээ. Тэд хариуцлагаас мултарч, эрх мэдэл албан тушаалаа алдахаас айсандаа ийнхүү нуун дарагдуулж байсан гэж төмөр замын ҮЭ-ийн зарим салбарын дарга нар үзэж байна. Эдгээр ослуудын мөрөөр хэд дахин хуралдаж хариуцлагагүй жижүүр, машинист нарт арга хэмжээ авч байгаа хэдий ч мөн л дарга нар нь хариуцлагаас сугаран үлдэж буйд ажилчид нь дургүйцэж байгааг тэд ярьж байлаа.

Хоёрхон жилийн дотор 240 дарга нэмэгджээ

Энэ байгууллага улстөрчид, төрийн томчуудын анхаарал халамжинд байнга бөмбөрөх боллоо. Энэхүү халамж нь тэдний ах дүүс Төмөр замд ирж ямар ч мэргэжлийн бай хамаагүй аль нэг салбарын дарга даамлаар дэвших болсноор илэрчээ. Төмөр замын ажилчдын амралт болох Баян-Буурал амралтын дарга асан Даяндоржийг ажлаас нь халж оронд нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын дүү Энхээ гэгч багшийг уг ажилд томилсон. Мөн шахаасаар ирсэн гэгдэх экс ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ах төмөр замын авто баазын дарга Ц.Арсландорж амралтын газрын үйл ажиллагааг шалгасан шигээ бужигнуулж яваа нь бас л сонирхол татмаар. Уг нь автобаазын дарга амралтын газрын үйл ажиллагааг шалгах эрхгүй л баймаар. Үүнээс нь үүдээд шалгах удирдах ажилтан цөөтэй болохоор бие биенээ нөхөж ажилладаг юм болов уу гэтэл харин ч төмөр зам ч шиг олон удирдлагатай газар тун ховор ажээ. 2004 онд л гэхэд удирдах ажилтны тоо 300 байсан бол 2006 онд 540 болтлоо нэмэгдсэн байх юм. Ийнхүү олон удирдлагуудтай болсон нь эрхэм дарга нарын бие биедээ тал засан шинээр бий болгосон даргын албан тушаалуудаас үүдэлтэй бололтой.

Вант улсыг хэн тэргүүлэхээс төмөр замын ирээдүй шалтгаална

Өчигдөр хувь нийлүүлсэн төмөр замын удирдлагуудын хамтарсан хурал болж Төмөр замын даргыг сонгох асуудлыг шийдэх ёстой байсан. Гэвч Оросын талынхан хугацаагаа хойшлуулж 12-р сарын 1 буюу өнөөдөр болгосон юм. Зарим нэгэн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Төмөр замд гарсан ноцтой осол, ажилчид удирдлагуудын хоорондын маргаан зөрчил гэх мэтийн шалтгаануудаас болж Монголын талаас төмөр замын дарга сонгогдох магадлал тун багассан талаар өгүүлж байна. Уг нь осол гарахаас өмнө манай Засгийн газар болон Төмөр зам хариуцсан салбарын эрх мэдэлтнүүд оросын талтай нууц тохироо хийж өөрийн хүнийг болгох талаар ярилцаж бараг зөвшөөрүүлээд байсан гэдэг. Харин одоо удирдлагуудынх нь булхай нийтэд дэлгэгдэн Төмөр замын ажилчид нь тэднийгээ хүлээн зөвшөөрөхөө байснаас болоод Оросын талд илүү шанс гарсан төдийгүй тэд ч энэ боломжийг алдахгүй шүүрч авах нь лавтай болоод байгаа. Хэдийгээр ажилчид нь өнөөгийн удирдлагуудаа олон талаар буруутгаж буй хэдий ч өнгөрсөн 2004 онд манай удирдлагууд, улстөрийнхөн энэ асуудалд дэндүү хутгалдаж хүнээ тавьж чадахгүй миний чиний хүн гэж маргалдацгааснаас оросын тал өөрийн хүнээ тавьсан гашуун сургамж бий. Одоо ч ялгаагүй Төмөр замд улс төрчид орж хутгалдах боллоо. Уг нь төмөр зам өөрийн гэсэн ёс журам хатуу чанд дэглэмээрээ ажиллаж түүнийг удирдан зохион байгуулж чадах монгол хүн даргаар сонгогдвол манайд илүү ашигтай, Монголын төмөр зам гэдэг чинь манай хөрөнгө. Орос хувь нийлүүлснээс цаашгүй зүйл. Тиймээс бид өөрсдийнхөө хөрөнгөн дээр өөрсдөө сууж байвал илүү ашигтай юм даа хэмээн дүгнэж байна. Харин төмөр зам хэмээх энэ их айл Том бялуу-ны эзнээ өнөөдөр тодруулах бололтой.

В.В.Магдейн үед хэрхэн аж төрж байсан талаар тэд ийнхүү ярьж байна

Монголын төр, улс төрийн намууд албан тушаалын хувиарлалтаар наймаа хийж хоорондоо тохиролцох гэж үйлээ үзэж байсан хоёр жилийн өмнө Орос ах нар Улаанбаатар-Төмөр замыг илт шохоорхож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд баримтлах болсон хамтарсан үйлдвэрийн дарга нарын асуудлыг зөвшилцөж томилно гэсэн гэрээний дагуу В.В.Магдейг Төмөр замд шахаж байлаа. Өөр хоорондоо томоохон бялууг хуваахаар тэмцэлдэн буй үед орж ирсэн түүнийг монголчууд төдийлөн таатай хүлээн аваагүй. Тиймдээ ч түүний талаархи таагүй мэдээ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хэвлэлийн хуудаснаас салаагүй. Түүний мөнгө идсэн, хууль бусаар ажилчдаа халсан зэрэг асуудлаар ажилчид нь хэвлэлийн хурал хийлгэж түүнийг Пүрэвбаатарын хамт огцрохыг шаардаж жагсаал цуглаан хүртэл хийж явсан. Хэдийгээр талийгаачийнхаа араас муугаар дурсдаггүй монгол ёс байдаг ч түүнийг Төмөр замын өнгийг гадаадын томоохон банкууд руу гуйвуулдаг байсан, нэг доллараар авдаг байсан вагоны деталийг 182 доллараар авдаг болсон гэх зэрэг баримтуудыг нь ажилчид нь цуглуулсаар энэ нь бүхэл бүтэн хавтас дүүрчээ. Энэ хэргийг цагдаагийн газар шилжүүлж мөрдөн байцаалтаар үүнийг нотлосон хэдий ч прокурор дээр очоод таг болсон. Түүний үед төмөр замын ачаа тээвэрлэлт буурч нэг ёсондоо алдагдалд ороод буй бөгөөд нэлээд хэмжээний өр шир бий гэдэг ч сураг дуулдлаа. Ёр нь монголын төмөр замыг монгол хүн л бодохоос орос хүн бодохгүй юм билээ гэдгийг ч ажилчид нь хүлээн зөвшөөрч буй аж. Гэвч энэ бүхнийг ганцхан Магдей даргад үүрүүлээд түүнийг буруутгаад өнгөрөх нь арай л хатуудах болов уу. Түүний хажууд одоогийн удирдлагууд бүгд байсан, хамтран зүтгэсэн. Энэ бүхнийг эцэст нь хэлэхэд өнөөгийн төмөр замд үүсээд байгаа уур амьсгал, зөрчил дутагдал, дарга нарын нэг нэгэндээ ая тал засч хээл хахууль өгч авалцах болсон, дээрээ ч тэр доороо ч тэр сахилга бат дэг журам нэг мөсөн алдагдсан зэргээс Монголын Төмөр зам сүйрлийнхээ ирмэг дээр ирчихээд байгаа нь илт. Харин үүнийг тэр чигээр нь явуулаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх үү, аль эсвэл төр нь юмаа мэдсэн шиг мэдэж оролцсон шиг оролцоод аварч гарах уу гэдэг хоёр замын уулзвар нэгэнт тулгараад байна.

И.Цэвэлмаа
2006.12.1 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button