Н.Батбаяр Хүүхэд бүрт олгох 100 мянга, нийт 104 тэрбум төгрөг хаана байна вэ?

Улсын төсвийн тухай хуулийн дагуу төвлөрсөн төсвийг 12 дугаар сарын нэгний дотор батлах ёстой. Гэвч өчигдөр орой гэхэд гэнэт нүүх гэж байгаа айл шиг хамаг юм нь ундуй сундуй байсан төсвийг цагт нь багтаах гэж УИХ байдгаараа чардайлаа. Ингээд өчигдрийн үдээс хойшхи хуралдааны тэмдэглэлийг толилуулья.

Нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлан, эцэст нь 2007 оны төсвийн тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөөд байлаа. Хуралдаан өчигдөр үдээс хойш 15 цагт эхлэх байсан ч УИХ дахь АН-ын зөвлөл завсарлага авснаар 17 цаг хүртэл хойшилсон. АН-ын дарга Ц.Элбэгдоржийн оролцсон зөвлөлийн хурал хаалтгай болсон бөгөөд улсын эдийн засагтай холбоотой ноцтой асуудлыг хэлэлцсэн гэж гишүүн Б.Мөнхтуяа 17 цагт эхэлсэн хуралдааны эхэнд хэлж байсан. Мөн тэрбээр АН-ын зөвлөл хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэлгийг cap бүр өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа энэ хурлын үеэр бататгаснаа илэрхийлсэн.Ийнхүү хуралдаан эхэлсэн ч Тусгай сангийн тухай болон Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс эхлээд гишүүдийн дунд маргаан дэгдсэн. Гишүүн Н.Батбаяр,
-Бидний өмнө нь ярьж тохирсон асуудлууд өөрчлөгдөөд төсвийг хөгжлийн сантай хольж батлах гэж байна. Учрыг магадлатал Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан дээр очоод ийм өөр болоод ирсэн байна. Ингэж болохгүй. Өмнөх хоёр хуулийг орхиод өнөөдөртөө 2007 оны төсвийг баталж болно шүү дээ гэв. Эрхэм гишүүн ийм санал гаргасан ч дээрх хоёр хуулийг батлахгүйгээр ирэх оны төсвийг батлах аргагүй хэмээн гишүүд нэгдсэн тул горимын саналын дагуу санал хураалт явуулан хоёр хуулийн төслийг олонхийн саналаар баталсан. Ийнхүү 2007 оны төсвийг батлахаар болсон ч мөн л дээр дурьдсан Монгол Улсын төсвийг хөгжлийн сантай холих гэж байна гэсэн яриа дахин босч ирэв. Дахин дахин хариулт шаардсан дээрх асуултад Сангийн сайд Н.Баяртсайхан,
-Монгол Улсын Хөгжлийн сангаас гарах хөрөнгө оруулалтын жагсаалт, 2007 оны төсөвтэй хамт батлагдах ёстой. Төсвийн орлого, зарлагад Хөгжлийн сангийн хөрөнгө тусчихсан явж байгаа. Тийм учраас одоо хоёр жагсаалтыг батлах нь зүйтэй. Монгол Улсын төсвөөс 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг гишүүдэд өгсөн. Нийт 139.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын жагсаалт байгаа. Түүнээс гадна Хөгжлийн сангийн хөрөнгө улсын төсвийн орлого, зарлага дотор яваа учраас тэр сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх барилга, байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт гэж хоёр дахь жагсаалт батлагдах ёстой. Ингэхгүйгээр улсын төсөв бүрэн гүйцэд болж чадахгүй байгаа юм гэсэн хариулт өгсөн. Харин гишүүн Н.Батбаяр,
-Та нар чоно борооноор гэдэг шиг үйлдэл гаргахаа боль л доо. Ажлын хэсэг дээр тохирсон зүйлээ өнөөдөр та нар гэнэтхэн Улаан гэдэг хүний өрөөнд ороод өөрчилсөн байна шүү дээ. Монгол Улсын хөгжлийн сангаас олгох хүүхэд бүрт жилд 100 мянган төгрөг, нийт 104 тэрбум төгрөг хаана байна вэ гэхэд Сангийн сайд,
-2007 оны төсөв дотор Хөгжлийн сангийн мөнгө явж байгаа. Үүн дотор хүүхдийн мөнгө туссан байгаа. 145 тэрбум төгрөг байгаа шиг санагдаж байна. Манайхан хэл дээ гэж Сангийн яамны ажлын хэсгийнхэнд хандсан. Тэр үеэр гишүүн Н.Батбаяр
-Та нар Монгол Улсад хоноцын сэтгэлээр хандцагаа боль л доо. Та нар юу гээд байгаа юм бэ. Хэрэлдвэл хэрэлдье. Яршиг л байна шүү дээ. Өнөөдөр улсын төсвийг батлах гэж байна. Ерөнхийлөн захирагч нарын орлого, зарлагыг бичсэн байна. Үүн дотор Монгол Улсын хөгжлийн сангаас олгох хүүхэд бүрт жилд 100 мянган төгрөг, нийт 104 тэрбум төгрөг хаана байна вэ. Сангийн сайдын гээд байгаа 300 гаруй сая төгрөгийн багцад байхгүй. Та нар шударгаар хэл, алга байна шүү дээ гэж шаардсан. Түүний асуултад Сангийн яамны ажлын хэсгээс хариулт өгсөн. Тэдний хариулснаар бараа үйлчилгээний зардалд 217 тэрбум төгрөг байгаа аж. Монгол Улсын хөгжлийн санг Сангийн сайдын багцад оруулсан гэв. Өөрөөр хэлбэл, 2006 онд зарцуулах 195 тэрбум төгрөг, 2007 онд зарцуулах 217 тэрбум төгрөг явж байгаа гэв. Гишүүн Н.Батбаярт дээрх хариулт хангалттай санагдаагүй бололтой. Тэрбээр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцын 355 тэрбум төгрөг дотор Хөгжлийн сангаас хүүхэд бүрт жилд олгох 100 мянган төгрөг багтаж байгаа юу, үгүй юу гэдгийг шударга хэл гэж тулгасан. Харин ажлын хэсгийнхэн, Нийгмийн хамгааллын сайдын багцад байхгүй, Сангийн сайдын багцад байгаа гээд хэлэх үггүй гацах үед УИХ-ын дарга Ц.Нямдорж,
-Гишүүд ээ, УИХ-ын Тамгын газраас энд хажуугаар нэг юм шургуулаад байх юм. Түүн дотор Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хүүхэд, гэр бүлийг дэмжих арга хэмжээнд 114.6 тэрбум төгрөг зарцуулна гэсэн заалт байх юм. Н.Батбаяр гишүүн та үүнийг хэлээд байна уу. Түүнийгээ л хийчихнэ шүү дээ гэв. Гэвч УИХ-ын даргын үг гишүүдэд бүр ч эргэлзээ төрүүлэв бололтой. УИХ-ын дарга Ц.Нямдорж цааш нь, Сангийн сайдын зарцуулах 377 тэрбум төгрөг байгаа. Үүний 114 тэрбумыг хүүхэд, гэр бүлийн арга хэмжээнд гээд салгаад баталчихья гэж байна шүү дээ. Тэгээд болно биз дээ. Ойлгож байгаа биз дээ гэж хэлэхэд гишүүн Н.Батбаяр жаахан тайвширсан. Ийнхүү хаана байгаа нь мэдэгдэхээ болиод байсан хүүхэд бүрт Хөгжлийн сангаас олгох мөнгөний сураг гарснаар төсвөө үргэлжлүүлэн хэлэлцэж батлахаар болсон юм. Монгол Улсын төсөвт оруулах орлогын доод хэмжээ нэг триллион 293 тэрбум 327 сая 322.9 мянган төгрөг, төсвөөс зарцуулах зарлагын хэмжээ нэг триллион 423 тэрбум 319 сая 159 8 мянгантөгрөг байна гэж хуулийн төсөлд заасан байсныг гишүүдийн олонхи дэмжин баталсан. Гэтэл УИХ-ын Тамгын газрын даргын багцад 1.5 сая төгрөг төсөвлөн оруулж ирсэнээс болж хурал дахин завсарлах болов. 1.5 сая биш байлгүй дээ гэж эргэлзсэн УИХ-ын даргын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан,
-Сангийн яамнаас өнөөдөр л төсвийн дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр тооцоогоо оруулж ирж байгаа. Бид энэ тооцоотой танилцаагүй гэсэн хариулт өгсөн. УИХ-ын дарга Төсвийн байнгын хороогоор хэлэлцээгүй тоог хэлэлцэж батлах аргагүй. Тийм болохоор хоёр талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг эхлэн хуралдаж санал зөрж байгаа тоон дээрээ ярилцаад, дараа нь Төсвийн байнгын хорооны гишүүд 30 минут хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулж ирэх санал гарагсан. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Байнгын хорооны хуралдаанаар энэ олон тоог 30-хан минутад хэлэлцэх боломжгүй гэж цааргалсан ч гишүүдийн дийлэнх нь дэмжсэн учир хурал дахин завсарласан.

2006.12.1 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button