Шүүх хурлын дараа бяцхан толхилцоон болжээ

Бид ч гэсэн адилхан яллагдаж байгаа хүмүүс. Та нар битгий хүний зовлонгоор тохуу хийгээч. Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ.
Энэ бол өчигдөр Нийслэлийн шүүхийн танхимын гадаа аргаа барсан эмэгтэйн хэлсэн үг. Тэрээр гаалийн гэх хэрэгт яллагдсан Б.Өвгөнхүүгийн гэргий бөгөөд нөхөртөө аяганы амсар зуулгаж малгайг нь өмсүүлэх гээд цагдаа нартай толхилцохдоо ингэж халаглаж байв. Гаалийн Х.Баатарын гэх дуулиант хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон талаар манай сонин мэдээлсэн. Энэхүү шүүх хурлын эргэн тойронд өрнөж байсан яриа хөөрөө тэд дахин дээд шатны шүүхэд хандах болов уу гэсэн асуулт болов. Шоронгоос захидал бичсэн гэсэн шуугиан дэгдээсэн Х.Баатар түрүүний шүүх хурлаас хойш нэлээд жин нэмсэн гэмээр харагдаж, харцнаас нь яасан ч яахав гэсэн байдал үе үе харагдаж байсан бол Б.Даваажав нэлээд өөртөө итгэлтэй, гандан бууршгүй харагдаж байсан. Тэдний хувьд давж заалдах шатны шүүх хурлаас ялаа хасуулж магадгүй гэсэн горьдлого байсан нь тодорхой. Гэвч чингэж чадаагүйг бас эвлэрэнгүйгээр хүлээж авч байгаа бололтой. Шүүх хурлын дараа яллагдагчдын ар гэрийнхэн тэдэндээ халуун хоол унд идүүлж, ганц хоёр үг солихоор хүлээж байсан. Цагдаагийнхан гэргий нарыг нь нөхрүүддээ халуун хоол унд оруулахыг зөвшөөрсөн ч бусад хүмүүсийн хөл-ийг чандлан хорив. Б.Өвгөнхүүгийн гэргий л гэхэд нөхрөө бага охинтой нь утсаар ч болов яриулчих гэж ихэд хичээж байх шиг харагдсан. Харамсалтай нь болохгүй гэсэн цагдаагийн харгалзаа энд мөн л хүчтэй байв. Улсын заан И.Доржсамбуу Б.Өвгөнхүүгийн хамаатан. Олны танил, монголчуудын бөхчүүддээ хайртай байдаг зан-г ашиглан хэдхэн хором ахтайгаа уулзаад амжсан. Харин яг энэ үеэр буюу шүүх хурлын дараа цагдаа, яллагдагчийн ар гэрийнхний хооронд бяцхан толхилцоон болжээ.
Б.Өвгөнхүүг хорих руу ачигдахаар машиндаа суух үед нь эхнэр нь ноосон малгай өмсүүлчих гэсэн боловч цагдаа хориглож. Эхнэр нь үүнд маш их гомджээ. Өвлийн хүйтэнд шорон орон руу ачигдаж яваа хүнд дулаан малгай өмсүүлчихэж юу нь болдоггүй юм бэ, хэдийгээр тэр хэрэг хийсэн ч шүүгдэгчдийн эрхийн талаар сануулмаар санагдав. Уг нь Ганц худаг гэдэг хүнийг гэм буруутай зүйл хийсэн эсэхийг нь шалгахаар саатуулж буй газар гэдэг ч манайхан бол бүр нэгэнт хийсэн хэрэг нь шүүхээр тогтоогдсон хоригдлоос ч дор байдалтай байлгадгийг хэн бүгд мэднэ. Хэдэн cap жилийн турш үс сахлаа хусан, ариун цэвэр сахих нь бүү хэл бүр бөөстөж орхидог гээд бодохоор энэ бол түр саатуулах гэхээсээ илүү залхаан цээрлүүлэх газар гэмээр. Ямар сайндаа л гаалийн хэрэгт холбогдсон Б.Даваажав л гэхэд шүүх хуралд ирэхдээ үс сахал нь бавайсан, царай алдсан чигээрээ байхав дээ. Уг нь шүүх хуралд орохоос өмнө сэжигтнүүдийг үс сахлаа засуулж, хувцас хүнараа солих боломж олгодог гэсэн. Харин тэд татгалзжээ. Үүгээрээ Ганц худагт ямар байдгийг харуулах гэсэн бололтой.

2006.12.1 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button