М.Энхболдын айлчлал ба М.Энхсайханы сүүлчийн ялалт

Гэхдээ энэ айлчлалын үр дүнд хамгийн их баярласан хүн бол үнэндээ шадар сайд М.Энхсайхан байлаа. Учир нь айлчлалын хамгийн том үр дүн болох хятадуудад хүчиндүүлэн хүчиндүүлэн авч буй 300 сая долларын зээл. Түүнийг Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зарцуулах болсон шийдвэр нь М.Энхсайханы хувьд ялалт байв. Аль 10 жилийн өмнөөс энэ цахилгаан станцын асуудлыг шийдэж олон зуун сая доллараар яригдах хөрөнгө оруулалтыг, М.Энхсайхан гэдэг хүнд ашигтайгаар наймаалцаж чадах хэн нэгнээр шийдүүлэн явцуу хүрээний ашиг сонирхлыг хангах гэсэн түүний хүсэл өнөө ингэж биелэв. 10 жилийн өмнө П.Жасрайн Засгийн газрын үед шийдэгдээд хэрэгжих гэж байсан Эгийн голын УЦС-ын төслийг М.Энхсайхан Ерөнхий сайд болуутаа унагаж байсан билээ. Малайзийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр дээд түвшийдээ ярилцаж Ерөнхий сайд М.Махатирын манайд хийх айлчлалын шалтгаан ч болж байсан энэ төсөл М.Энхсайхан тэргүүтэй улс төр бизнесийн бүлэглэлд ашиггүй байсан учраас хүчээр дампуурсан юм. Малайзийн оронд чехүүдээр энэ УЦС-ыг бариулан хувьдаа ашиг хуваах тууний шинэ төлөвлөгөө тухайн үед мөн л бүтэлгүйтсэн билээ. Түүний хуйвалдсан Чехийн Техноарт гэдэг компани ямархан нүдний булайнууд байсны баримтыг тухайн үеийн захын нэг хэвлэлийн хуудаснаас одоо харж болно. С.Зоригийн үхлийн шалтгаан юу байсан бэ гэдэг дээр ултай хийсэн таамаглалуудын дотор Эгийн голын усан цахилгаан станцын асуудал гэдэг өгүүлбэр одоо ч явсаар байгаа. Энэ таамаглалыг бодит ундэслэлтэйгээр няцаасан зүйл ч өнөө хэр үгүй байна. Хэрвээ энэ таамаглал үнэхээр үнэн бол М.Энхсайханы тэрхүү бүтэлгүйтлийн үнэ С.Зоригийн амьтай тэнцжээ. Гэвч энэ бүтэлгүйтэл түүний хувьд түр зуурынх байсан байна. Өнөөг хүртэлх хугацаанд улс төрд түүний гаргасан ов мэх, матрын нулимс, сүртэй лоозон, урвалт шарвалт, ар луу шаасан хутга, ичгүүр сонжуургүй, олон нүүр зэрэг нь 10 жилийн дараах энэ ялалтынхаа төлөө бодлоготой хийж байсан үйлдлүүд байжээ. Тэр санасандаа хүрлээ. Их ч үнээр хурлээ. Одоо үүнээс илүү зүйлд санаархвал гараа хуга цохиулна. Үүнээс цааш Монголын улс төрийн талбарт М.Энхсайханы идэх өвс, бэлчих бэлчээр дуусч байна. Эг сайн байна уу, М.Энхсайхан баяртай!

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button