Улаан туузаар бусадыг уриаллаа

Монгол улсын хувьд 2006 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг Таны амлалт-ДОХ-гүй ирээдүй уриан дор ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоог дайчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж өнөөдрөөс эхэлж байна.

ДОХ-ын өвчнийг үүсгэдэг хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/ халдвар авсан анхны тохиолдол Монгол улсад 1992 онд албан ёсоор бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт 25 тохиолдол илрээд байна. ХДХВ-ийн халдварт хамгийн өртөмтгий 15-49 насны залуучууд Монгол улсын нийт хүн амын 57 хувийг эзэлж байна.
МАСЗХ нь ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр болох 12-р сарын 01-ний өдөр Улаан тууз хөдөлгөөнийг өрнүүлж, уг хөдөлгөөнд нэгдэхийг олон нийтэд уриалж аян өрнүүллээ.

Уг хөдөлгөөний хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Төмөр зам, ИНЕГазар, МИАТ, Цахилгаан холбоо, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Петровис, Чингис зочид буудал, Номин холдинг, Sky худалдааны төв, Таван Богд Групп, Хаан па зочид буудал, Баянгол зочид буудал, Бишрэлт Худалдааны төв, MCS Групп, Хаан Банк, Эйрмаркет, Соёлын Төв Өргөө, Тэнгис кино театр, Түшиг их дэлгүүр, Нийслэлийн Дүүргүүд, олон нийтийн болон арилжааны бүх телевизүүд зэрэг нийт 30 гаруй байгууллагууд нэгдэн, нийт ажилчид ялангуяа олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй ажилчид, албан хаагчидынхаа энгэрт ДОХ-ын эсрэг билэгдэл болсон улаан туузыг 12-р сарын 1-ний өдөр зүүж иргэдэд үйлчлэлээ.

Мобиком корпораци нь өөрийн сүлжээний 90 мянга гаруй хэрэглэгчдэдээ мобимедиа үйлчилгээгээрээ дамжуулан ДОХ-ын эсрэг уриалгын мессеж илгэсэн юм. Энэ нь ч гэсэн иргэдийн дунд ХДХВ/ДОХ-ын тархалтын зогсооход бага ч гэсэн сонор сэрэмж болох юм.

Нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар болох Нарантуул ОУХТ рүү орох бүх цэгүүд болон энэ өдөр галт тэргээр үйлчлүүлж байгаа бүх зорчигчдод уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж улаан тууз тараах, ДОХ болон БЗХӨ-ний эсрэг сурталчилгааг иргэдэд дэлгэрүүлэн мэдээллэж байсан юм.

ДОХ, БЗХӨ-ний эсрэг мэдээлэл сурталчилгааны ажил болох Улаан тууз хөдөлгөөнийг нийслэлийн 9 дүүрэг, аймаг, орон нутаг дахь салбар холбоодоор дамжуулан, 21 аймагт нэгдсэн зохион байгуулалтайгаар өрнүүлж цаашид дан ганц мэдээлэл тараах бус сургалт семинарыг МАСЗХ-ны зүгээс зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button