Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний эрх хэрэгтэй байна

Энэ онд 2 дахь чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүний эрхийн үндэсний Комисс болон Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний Холбоо хамтран ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ сэдвээр зохион байгуулж байна.
Энэхүү чуулганы зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулах, нөлөөлөл үзүүлэх, арга хэмжээ авах, ахиц дэвшил гаргахад оршиж байгаа юм.
Тус чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр оролцож үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ Хүний эрх, эрх чөлөөг хангах явдал бол нэг, хоёр өдөр хэлэлцээд шийдвэрлэх асуудал биш, хүний нийгэм оршин тогтнож, ардчиллыг хөгжүүлж буй улс орон бүрийн төр засаг, иргэний нийгмийн байнгын анхааралд байх, тасралтгүй, бас уйгагүй ажиллагаа шаардсан үйл явц юм гээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуульд заасан эрхээ баталгаатай эдлэх, тэдний эрх ашгийг зөрчиж буй аливаа үйлдэл, илрэлтэй тэмцэхэд өөрсдийн зүгээс идэвхтэй тэмцэж байгаа ч амьдрал дээр төдийлөн нааштай ахиц өөрчлөлт гарахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхан аж төрж амьдрах зорилго, эрмэлзлэлээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрхээ эдлэх боломж нөхцөл болон аятай таатай орчин бүрдүүлэх нь төр засгийн байгууллагын чухал үүрэг юм гэж онцлон тэмдэглэсэн юм.
Энэхүү Чуулганаар 2005 онд Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэдвээр зохион байгуулсан үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцсэнээс гадна Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Одбаяр нар илтгэл тависан юм.
Түүнчлэн чуулганы үндсэн сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрх, нийгмийн хамгааллыг хангах талаар авч буй арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудал -аар НХХЯ-ны сайд Л. Одончимэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийи хүний эрхийн байдал, учирч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам сэдвээр МХБИБҮХ-ны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай олон улсын стандартын хэрэгжилт -ээр Нийгмийн судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн тэргүүн Р.Сэлэнгэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн төлөв байдалд хийсэн судалгааны дүн сэдвээр Нийгмийн хяналт, хөгжлийн судалгааны төвийн захирал Д.Даваадамдин, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал – Монголын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Сэлэнгэ,
сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
Оролцогчид Тухайн асуудлуудыг хариуцдаг буюу түүгээр мэргэшсэн болон ажил хэргийн холбоотой төрийн болон төрийн бус байгууллагуудын болон ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчид, тухайлбал Монгол дахь олон улсын байгууллагуудын тэргүүнүүд, АНУ, БНСУ, Япон, Англи зэрэг улсын элчин сайдууд, холбогдох яамны зарим төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, УМХГ-ын дарга, албадын дарга, улсын байцаагч, Нийслэлийн засаг даргын орлогч, Тамгын газрын газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар, холбогдох мэргэжилтэн, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн дарга нар, МҮЭ болон эмэгтэйчүүд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын тэргүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд, тус холбооны гишүүн байгууллага, Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг бусад төрийн бус байгууллагуудын сонгуультан, тэдгээрийн гишүүн иргэд зэргээс 200 гаруй хүн болон судлаач нар, мөн иргэдийн оролцоог хангах үүднээс нийт 400 гаруй оролцогчид хамрагдсан байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button