МУ-ын ерөнхийлөгч ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна

УИХ-ын гишүүн, ЗГ-ын шадар сайд М.Энхсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү айлчлал нь хоёр орны хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр хэмжээний яриа, хэлэлцээний үргэлжлэл юм гэж мэдэгдэв. Энэхүү айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтсон сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна гэв.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Холбооны Хурлын дарга С.М.Миронов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков нартай уулзана. Айлчлалын үеэр БНБурУ, Новосибирск муж болон Халимагт зочилж, орон нутгийн байдалтай танилцаж, удирдлагуудтай нь уулзана. Мөн хамтын ажиллагааны зарим асуудлаар холбогдох 14 баримт бичигт гарын үсэг зурна гэж шадар сайд М.Энхсайхан тэмдэглэв.
Энэ удаагийн айлчлалаар ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн, ЗГ-ын шадар сайд М.Энхсайхан, ОХУ-д суугаа элчин сайд Хангай, УИХ-ын гишүүн, Монгол Оросын парламентийн бүлгийн дарга Идэвхитэн нарын төр засгийн 20 гаран хүн явна. Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд хэвлэл мэдээлэл, бизнесийнхэн багтсан бөгөөд нийтдээ 110 хүний бүрэлдэхүүнтэй томоохон айлчлал болох бололтой.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button