Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат Гэгээрэх амь зуухаас амархан

-Бурханы шашны номлол 2500 жилийн турш шалгарч өнөөдөртэй золгосон агуу том ухаан. Хүмүүн хэмээх бодгаль юуны өмнө өөрийнхөө сэтгэлийн хилэнц гэмийг засах учиртай байдаг. Өөрөөр хэлбэл бүх зүйл зөвхөн сэтгэлээс үүддэг. Сэтгэсний дараа л хүн аливааг хэлж, хийж бүтээдэг шүү дээ. Тэгэхээр хамаг зүйлийн уг гагцхүү сэтгэлд байна гэсэн үг. Хэлж буй үг яриа, хийж буй үйл, бодож буй сэтгэлээ ямагт хямгадаж байвал хамаг амьтанд туслах бүх зүйл үүснэ. Тэрчлэн шунал тачаал, уур хилэн, мунхаг гурав дээр үндэслээд хүнд 84 мянган муу сэтгэл төрдөг. Энэ бүх муу муухай сэтгэлийг арилгах эм нь, ариусгалыг эдлэх гарц нь Бурхан багшийн сургаал.

-Нэгэн биед 84 биш, бүр 84 мянган муу сэтгэл хурдаг гэхээр нэг л итгэмээргүй санагдаж байна л даа?

-Бид хүний биеийг олж энэ хорвоо дээр төрсөн. Гэтэл хорвоо маань угаасаа зовлонгийн мөн чанартай. Энэ бие маань тиймээс өөрөө зовлонтой шүтэн барилдсан. Зовлонгийн үндэс нь бидний сэтгэлтэй барилдсан 84 мянган муу сэтгэл. Бас хүний биед 404 өвчин орогнодог. Зовлонтой хорвоод төрсөн учраас зовлонгоос зугатаж жаргал, амгаланг эдлэе гэдэг нь хүний хүслэн. Тэр хүслэнг гүйцээх ганц зүйл нь бурханы сургаал юм. Энэ сургаал номлол түр зуурын амгаланг бус туйлын, мөнхийн амар амгаланд хүрэх хамаг аргыг заасан байдаг. Иймд 84 мянган муу сэтгэлээ 84 мянган сайн сайханд урвуулж чадвал зовлонгоос хагацана. Муу сэтгэлээс хагацаагүй цагт хүн элдэвт шунаж мунхаглаж, элдэв буруу үйл хийж зовлонгоос хэзээ ч ангижрахгүй.

-Бурхан шашныг мухар сүсэг гэх хүн ч бий. Гэтэл үсрэнгүй хөгжилтэй орны өндөр мэдлэг боловсролтой хүмүүс шүтээд байдаг.

-Монголчууд энэ уламжлалт шашнаасаа 70 жил хол хөндий байсны харгай. Үүнээс болоод бид үлэмж хохирол амссан. Үүнийг дагалдаад нийгэмд байсан сайн сайхан зүйлс устсан. Хүн төрөлхтөн бурханы шашин шиг үнэн төгс номлол байхгүйг хүлээн зөвшөөрцгөөж байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй улс орнуудад энэ шашин хүчтэй хөгжиж эхэлсэн. Материаллаг, өндөр хөгжлийг шүтсэнээр хүн зовлонгоос гэтэлж жаргалд хүрсэн үү гэвэл үгүй. Байгаль экологийн тэнцвэр алдагдсанаас болж нийгэмд маш их хохирол үүсдэг. Үүнээс гэтэлгэх, ирээдүйн хөгжлийг тодорхойлоход бурханы шашин л авралын зам болно гэдэгтэй олон эрдэмтэн мэргэд санаа нэгдэж буй.

-Буруу зөвөө ялгаж, бурханы сургаалыг судлахын тулд эхлээд яах ёстой вэ?

-Бодь мөрийн зэрэг дээд номлолыг хамгийн түрүүнд шат дараалалтай сурах учиртай. Бурханы шашныг үзэж судлах боломжийг өөрөө л гаргах хэрэгтэй. Шашин өөрөө хамаг амьтны тусын тулд байдаг. Бодь мөрийн зэрэг нь гэгээрэлд хүрэх шатчилсан зам гэсэн үг. Сэтгэлийг гэгээрэлд хөтлөх, зовлонгоос салахын үнэнийг номлосон ном. Бурхан багшийн сургаалийг маш дэлгэрэнгүй нягтлан эрхшээсэн энэ номыг багшаар хөтлүүлэн судлах нь чухал. Ингэхгүй бол уламжлалт гүн ухааныхаа нэр томъёог огоорч оюуны ядууралд орсон бид зарим үгийн утгыг ухаж ойлгохгүй. Уламжлалт бурханы шашны сэтгэлийн сайн сайхныг авчрахыг номлосон номлол сургаалыг цэцэрлэг, дунд сургуульд заах хэрэгтэй. Хүмүүжил гэдэг бол сэтгэлийн асуудал. Хүний сэтгэлийг хүүхэд ахуйгаас нь засаагүй, хүмүүжил олгоогүй цагт нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийг зогсоож чадахгүй.

-Гэгээрэл олох, гэгээрсэн хүн болох гэсэн ойлголт бас байдаг. Үүний учрыг тайлбарлахгүй юу?

-Хүн өөрөө сайн сайхан, зөв явахын төлөө хичээх юм бол түүний үрийг заавал хүртдэг. Энэ бол жам ёсны хууль. Сайн үйлийн үрд ямагт жаргал ирдэг. Сэтгэлийн гэмээ дарсан, эрдэм болгонд тэгш хүнийг гэгээрсэн хүн гэдэг. Энэ нь үнэн мэдлэгийг бүрэн төгс сэтгэлээр олж мэдсэн хүн юм. Ер нь гэгээрэлд хүрэх зам хорвоод амь зуухаас амархан. Хорвоод амь зуухын тулд хоол унд, хувцас, мөнгөнөөс эхлээд бүхнийг гаднаас хайдаг. Харин гэгээрэлд хүрэхэд гаднаас хайх, гуйх юм огт байхгүй. Гагцхүү бүгдийг өөрөөсөө, дотроосоо, сэтгэлээсээ бий болгодог. Учир жанцан иймд сэтгэлээсээ бүхнийг хайх хэрэгтэй.

-Тэгвэл сэтгэл гэж ер нь юу юм бэ?

-Сэтгэл бол хүний бие ч гэж хэлж болно. Гэхдээ сэтгэл маань бариад авчих бодит зүйл биш. Тэгсэн атлаа оршдог. Бидний бие махбодь сэтгэлгүй бол зүгээр л үхсэн цогцос болно. Сэтгэл байгаа учраас амьтай байдаг. Сэтгэл маань биетэй барилдаж төрөл авдаг. Бие, сэтгэл хоёр шүтэн барилдсаны улмаас хүн бий болдог. Сэтгэл бол хүний бие гэж түрүүн хэлсэн. Хүний бие бүдүүн, нарийн биеэс бүтдэг. Нарийн бие нь судас, хий, дусал гурван зүйл юм. Тиймээс сэтгэл нарийн биеэр дамжин бүх биеийг удирддаг. Угаасаа сэтгэл биетэй барилдсан учраас биеэр нь дамжуулж сэтгэлийг барьж авдаг. Тэгээд бясалгалын гэх мэт олон аргаар хүний сэтгэлийг засч залдаг.

-Засал хийлгэх, ном уншуулах зайлшгүй хэрэгтэйг хүн бүр мэддэг ч цаад утга учрыг нь бүрэн мэдэрдэггүй юм шиг санагддаг.

-Хүний төрсөн өдөр, гариг, од, бүх зүйл барилдаж байдаг. Үүнээс хамааран идэх, өмсөх, нас буян хүртэл хэмжээтэй. Мөн сайн, муу явах үйл ч хамаардаг. Тэгээд төөрөг, заяагаа засах, завсрын, хөндлөнгийн гай барцадаас салахын тулд зурхайн засал, ном гүрэм уншуулдаг. Бурханы ном хүний үйлсийг тэгшилдэг нарийн утга учиртай. Заслын ном хүний биед байдаг 10 хийд үйлчилдэг. Тухайлбал ажил үйлсийн тухай ном уншуулаад сангаар утахад хүний сайн сайхныг тэтгэж өгөх, ялангуяа сайн санааны хийд наалдсан бохир муу зүйлийг зайлуулах жишээтэй. Сангийн утлага нь хүртэл олон янзын зай ордог учраас хүний биеийн хийг тэтгэдэг.

Соёмбо сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button