Тамхины наймаа нь илрэхээс айсан генерал А.Баатарцогт 30 мянган доллар алдаад хав даржээ

Манайхан л болсон хойно ниргэсэн хойно нь хашгирч байгаа нь энэ. Гурван хүн хорвоогоос хальж, хоёр ч галт тэрэг будаа болсны дараа тэд сая сэрэв. Сэрээд энэ газар буглаж, бугшиж байсан олон зүйлийг дэлгэж эхэллээ. Гэхдээ энэ бол манай хувьд ер бусын онцгой зүйл огтхон ч биш. Учир нь Монголд бие даасан албан байгууллага бүхэн үндсэндээ бараг хувийн өмч болж, хэсэг бүлэг хүний санаан зоргоор хөдөлдөг болсны гай үүгээр зогсохгүй. Хариуцлага хэмээх зүйлийн хар зуданд нэрвэгдэж эхэлсний хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн эхний жишээ энэ лав биш. Хилийн цэрэг гэж хэн ч хөдөлгөж чаддаггүй нэгэн бул хар чулуу бий. Тэд хэдэн жилийн турш олон хүний хүүхдийн цусаар гараа угааж ирсэн агаад дарга нар нь байнга албан тушаал дэвшиж, том том одонгуудаар бие биенээ шагнуулсан шигээ энэ цаг үетэй золгож байна. Дайны цаг шиг санагдам хүн амины хэрэг гагцхүү хилийн цэрэгт л гарна. 20 дөнгөж гарч буй хонгорхон ээжийг хоёр хүүхдээс нь өнчрүүлэн буудсан хүмүүс бас л хилийн цэргийнхэн.

Гэгээн цагаан өдөр төрсөн нутагтаа, хадамлахаар явж байсан хүмүүсийг автоматаар шүршиж алчихаад одонгоор шагнуулж явдаг ямар одонд төрсөн, хэн гэгч бурхад вэ эд нар хэмээн асуух цаг өнөөдөр болсон байна. Ийм зэрлэг аллага, таллага газар аваад байхад дарга П.Сүндэв нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болж орхихоор өнөөдөр хүүгээ цэрэгт мордуулсан болон маргааш үдэх гэж байгаа аав ээж нар өөрийн эрхгүй энэ төрийн эсрэг босно хэмээн ярих болжээ. Бас Хилийн цэргийн хурандаа А.Баатарцогт хэмээх нөхөр Монгол Улсын өмнө чухам ямар гээч айхтар гавьяа байгуулчихаад генерал цол хүртэв гэдгийг хүмүүс сонирхож байна. Ялангуяа энэ талаар ямар ч цэргийн цол хэргэм горьдоогүй, ямар нэг байдлаар энэ талын сонирхолгүй энгийн хүмүүс Сүхийн талбайн хойно орших саарал ордон дотор ярилцах болсон нь анхаарал татахгүй байна гэж үү.

Элдэвтэй генерал гэж нэрлэгдсэн А.Баатарцогтыг П.Сүндэв дарга тун сайн сургасан гэнэ. Тухайлбал П.Сүндэв даргын зааж өгсөн зүйлийг хамгийн сайн сурсан үнэнч туслагч нь А.Баатарцогт, шалганы хурандаа Лхагвасүрэн нар аж. Тэд цэргийнхээ төлөө бус гагцхүү даргынхаа төлөө үхэж чадах тул цаг үргэлж цол ахин хамгийн ашигтай хэмээгддэг албан тушаал дээр дархлагдаж ирсэн гэнэ.
А.Баатарцогт генерал л гэхэд Москва дахь ЭСЯ-нд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн сууж байхдаа 2000 оны эхээр өрөөнийхөө сейфнээс 30 мянган доллар хулгайд алдаад, Та нар мөрдөөд хэрэггүй. Би иймхэн юманд хотойдог баян биш хэмээн мөрдлөгийг зогсоосон явдал үнэндээ цэвэр жүжиг байж. Учир энэ үед Европын орнуудыг дамнасан тамхины наймааг манай дипломатчдад сүнгэнүүлж байсан ба А.Баатарцогт ч тухайн үед Чехийн элчин сайд байсан Одонбаатартай хамтран энэхүү хууль бус наймааг жинхэнэ зохион байгуулалтанд оруулсан нөхөр олон хүн ярьдаг. Тиймээс ч тамхины хууль бус наймг загалмайлсан эцэг гэх нь бий.

Мөн мань нөхрийн хувьд өөрийн байгуулсан тамхины наймааныхаа сүлжээний нэг хэсэгт хувийг нь өгөлгүй луу унжсан тул нөгөөдүүл нь өөрсдийн ар тооцоогоо хийхээр шийдэн алтан Москвагийн төвд орших тус тогтносон Монгол улсын элчин сайдын яаман дахь Баатарцогт өрөөний төмөр авдарнаас 30 мянган долларыг нь авч одож. Xэргийн энэ мөрөөр цагдаагийнхан орвол 30 мянгыг xaлаасалсан хулгайчаас гадна А.Баатарцогтын байгуулсан тамхины наймааны сүлжээ илэрч, бут цохигдох байсан тул тэр юм үзсэн баяны дүр эсгэн уг хэргийг чимээгүйхэн даржээ. Тэгээд ч албаны мөн зургаан жил тамхины бизнес хийсэн түүний хувьд 30 мянган доллар гэдэг казинод орж зугаагаа гаргах цөөхөн мөнгө байсан тул огт ч харамсаагүй гэдэг. Төрийн албыг зоосны нүхээр харах хүмүү балаг дуусаагүй байна. Төмөр замын дараа Хилийн цэрэг гэж энэ айлыг төр хир буртагнаас нь салгаасай хэмээн олон хүн мөрөөдөж буй за.

Зиндаа сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button