Ариунаагийн тоглолтын билет 2000 болж гудамжны хог болов

Тэрээр хоёр жил тоглолт хийгээгүй тул өдий дайны үзэгч цуглуулж чадна хэмээн бардамнасан бололтой. Хэн ч, хэзээ ч дөрвөн удаа тоглож байгаагүй, гурван өдөр хаваасаг хэмээн үзэж байсныг тэрээр ийн нураасан нь нэг талаар сайшаалтай. Нөгөө талаар ядарсан ард түмнээ шулж байгааг нь хараад олон хүн дургүйцсэн. Тус тоглолтын билет суудлаасаа хамаарч 10.000-15.000 төгрөгийн ханштай байлаа. Энэ бол гайгүй сайн гэсэн тоглолтын шагийн үнэ гэдгийг хэн ч мэднэ. Ариунааг хүн үзэхгүй байна гэж түүхэнд үгүй. Хүн бүр тоглолт хийх сургаар шохоорхож байсан боловч аймшигтай үнийг нь сонсоод хана мөргөж байхтай олонтаа таарлаа.

Тэгэхээр ядарсан ард түмнээ ингэж улайм цайм шулан мөлжих нь урлагт байж болохгүй байх аа. Гадаадын хамтлаг дуучид ч Монголд ийм үнээр тоглож байгаагүй. Тоглолтын бэлтгэлийг харахад их мөнгө зарж байгаа нь илт байсан. Гэхдээ энэ их зардлаа үзэгчийн билетний үнэнд суутгаж дуран дээр нь хясаж болохгүй. Ивээн тэтгэгч нарын халааснаас олон зардал хэмнэгддэгийг өмнөх олон тоглолт харуулсан. 15.000-аар билетээ зарлаа гээд Ариунаа Майкл Жексон шиг болохгүй. 8000 төгрөгөөр зарлаа гээд нэр хүнд нь навс уначихгүй. 6500 билетийг тоглолтын өмнө хаашаа ч юм шахсан байна лээ.

Ариунаа билет шахаад явж байхаасаа ичих хэрэгтэй. МУГЖ, Нэгдсэн үндэсний байгууллагын элч дуучин билет шахалгүй хүн бүр өөрөө зорьж ирж үзэхээр тоглолт хийх нь нэр хүндийг нь аврах байлаа. Тоглолтын сүүлийн хоёр өдөр билетний үнэ 2000 төгрөг болтлоо унасан байна лээ. Энэ бол шуудхан хэлэхэд доромжлол юм.

Чансаа сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button