Доктор профессор Ч.Мангалжав Хүүгээ Монголын нэр төрийг өндөрт өргөж, олон аавын хүүхдийг байлдан дагуулаасай гэж хүсдэг

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаад анх удаа барилдаж, тавин хувиас дээш амжилт үзүүлэн ирэх оны эхний башёд зиндаа өгсөх болсон Хакүрюү М.Анандын аавтай та бүхнийг анх удаа уулзуулах гэж байна. Анх мэргэжлийн сумод хүүгээ үдэхэд Ананд үүргэвчээ үүрээд, гартаа ганц зураг барин, замын хүн дагаад л Монголоос явж байсан тухай нь Японд очоод хүүгээ бэлтгэл хийж байгааг нь хараад яах гэж хүүгээ явуулав даа гэж халширсан талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэе.

-Таны хүү энэ сард дээд зиндаанд анх удаа барилдаж тавин хувиа үзүүллээ. Хүүд тань болон, танай гэр бүлд баяр хүргэе! Эцэг хүний хувьд хамгийн түрүүнд таны сэтгэгдлийг сонсохыг хүсч байна.

-Чансаа сонины энэ дугаарт уригдсандаа баяртай байна. Манай хүү Хакүрюү Ананд 2006 онд сайхан амжилт гаргалаа. 2006 оны нэг сараас 11 cap хүртэл 6 башё барилдаж, бүгдэд нь анх удаагаа тавин хувиа хийж байгаа юм л даа. Дөнгөж 1 сараас 11 сарын хооронд л жюрёг дайруулаад макүүчи буюу дээд зиндааны дан дугуйн эгнээнд орсон бид баяртай байна.

-Танай хүү анх хэдэн онд сумогийн дэвжээг зорьж байв. Өнөөдөр эргээд санахад?

-Миний хүү ШУТИС-ийн гадаад хэлны лицейд суралцаж байгаад 2001 оны 9 сарын 30-нд Монголоос хөдөлсөн. Ер нь өөрийнхөө сонирхлоор явсан. Цаанаас нь ч урьсан. Тэр шугамаар Кёкүшюүзаны аав Даваа гуай холбож, онгоцонд суух мөнгө төгрөгийг нь хүртэл
зохицуулан явуулж байлаа. Ерөөсөө гав ганцаараа явсан. Үүргэвчээ үүрээд, хүлээж авах багшдаа ганц зураг бариад л, өөр юу юу ч үгүй, замын хүн дагаад л явсан даа. Тэгэхэд Улаанбаатар Токиогийн шууд нислэг байгаагүй, зөвхөн Улаанбаатар Осокагийн чиглэлд нислэгтэй байсан. Тэндээсээ дамжаад очих газраа хүрч байсан гэдэг. Анх сумогийн сургуульд ороод нэлээд хэцүү байсан шиг байгаа юм. Тэр нь хоёр жилийн сургууль юм байна л даа. Гэтэл багш нь Чи энэ сургуульд заавал суралцаад яахав, шууд барилд, болох юм шиг байна гэсэн гэнэ лээ. Тэгээд 2002 оны нэг сараас хару башёд барилдаж эхэлсэн.

-Дэвжээнийх нь талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Анх Изуцу дэвжээнд орсон. Японы ах дүү байгуулсан алдартай дэвжээ л дээ. Энэ Сакахокогийн Изуцу дэвжээ нь их туршлагатай, үе уламжилж ирсэн том дэвжээ. 1970-1980 аад оны үед Сэкитори хүртэл цолтой найман ч том бөхтэй байсан гэж ярьж байсан. 1999 оноос хойш дээд зиндаанд бөхгүй байсан. Түүнээс хойш долоон жилийн дараа Изуцу дэвжээ манай хүүгээр дээд зиндааны бөхтэй болж байна даа.

-Танайх бөхийн удамтай юу, хүү тань энд байхдаа барилддаг байв уу?

-Бөхийн удам бий. Ээжийнх нь талд Даншгийн наадамд барилддаг Завханы алдартай бөх байсан. Тэр хүн бас сайхан цол дууддаг. Засуул, цоллооч ч хийдэг байсан гэдэг. Харин манай хүү спортод их сонирхолтой. Япон явахаасаа өмнө сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис зэргээр хичээллэдэг угийн спортод эв дүйтэй хүүхэд. Ялангуяа сагсан бөмбөгөөр тэмцээн уралдаанд их ордог байлаа. Тэр үедээ нэг их барилдаад сүйд болохгүй ч гэсэн ангийнхантайгаа ноцолддог, сургуулийн аваргад ч оролцож байсан. Тэндээс анх барилдах ур дүйтэй байгаа нь харагдаж эхэлсэн. Би бол энэ талыг нь дэмждэг.

-Сумод ороход таны түлхэц нөлөө хэр байв?

-Аав нь хүүгийнхээ хүсэл зорилгоо биелүүлэхэд нь туслалгүй л яахав. Гэхдээ гол нь миний хүүгийн өөрийн хүсэл байсан. Өнөөдөр би хүүгээ Монголын нэр төрийг өндөрт өргөж, олон аавын хүүхдэд үлгэр жишээ үзүүлж, тэднийг байлдан дагуулж яваасай гэж хүсдэг.

-Сумогийн дэвжээ маш хатуу чанга дэг жаягтай гэгддэг. Та өөрөө газар дээр нь очиж үзэв үү. Хүү тань энэ талаар юу гэж ярьдаг зэ?

-Сумогийн дэвжээ үнэхээр хатуу дэгтэй юм билээ. Өөрөө ч хэлж байсан. Очсон даруйдаа бараг Юунд ч ирчихэв дээ. Явдаг ч юм уу гэсэн бодол төрж байсан гэсэн. Тэгээд сүүлд нь ч би ийм хэцүү даваа шүү дээ, миний хүүгэж хэлж байсан. Сэтгэл зүйн хувьд бид хоёр урьдчилаад бэлтгэж байсан л даа. Тэр жаахан тус болсон байх. Тэгэхгүйгээр шууд очвол тэр хүнд давааг давна гэдэг хэцүү асуудал. Тэр байтугай очоод эхний долоо хоног хоол унд нь таарахгүй, орохгүй байсан. Тэглээ гээд яахав өөртөө тодорхой зорилго тавьсан. Би үүний төлөө, ийм хол хүрч ирчихээд уйлан дуугараад суугаад байж болохгүй. Сэтгэлээ чангалж эцсээ хүртэл үзье гээд дөрөв тав хоногийн дараа бэлтгэлдээ шаргуу ороход багш нь анзаарч эхэлсэн. Дэвжээнийхээ бүх хүмүүстэй барилдахад бүгдийг нь унагаадаг байсан гэсэн. Тэгэхээр л багш нь шууд барилд гээд, 2002 онд 60 гаруйхан кг жинтэй, жоохон хүүхэд барилдаж байлаа шүү дээ.

-Нэлээд тооны монгол залуус сумод барилдаж байна. Тэд хоорондоо ямар харилцаа холбоотой байдаг юм бол. Танай хүүг байр сууриа олоход илүү их түлхэц нөлөө болж байгаа хүн гэвэл?

-Сая зодог тайлсан Кёкүшюүзан Батбаяр байна. Мөн хэл мэдэхгүй байхад нь анх хүрч ирж орчуулгыг нь хийдэг байсан Энхбат. Кёкүтэнхо Н.Цэвэгням эд нар маш их үүрэг гүйцэтгэсэн. Эд хоорондоо их найз. Сүүлийн үед Даваажаргал, Хүчитбаатар, Ама эд нартай бүр ойр дотно болж байгаа. Ер нь дэм дэмэндээ л явж байгаа. Гэхдээ найз нөхөд гээд дэвжээ хэсээд явдаггүй, байнгын бэлтгэл, амралт гээд цаг нь маш нарийн, зав огт гардаггүй юм билээ.

-Та дэвжээнд нь очиж үзсэн үү?

-Би Японд нэг удаа очсон. Хүүгээ Сэкитори цол авахад очсон. Тэгэхэд надад Хомашотай хамт хийж байгаа бэлтгэлээ үзүүлсэн. Үнэхээр хүчтэй, хөлс шороо бужигнуулж хийсгэн, тас няс хийтэл алгадсан ийм дуу чимээтэй айхтар л юм билээ.

-Та сүрдчихсэн үү. Тэр үед дэмий ийш нь явуулж дээ гэж бодогдох юм уу?

-Тэгсэн. Тэр байтугай ээж нь Хэцүү юм аа, эсвэл бид хоёрыг ирэхээр ингэж ширүүн барилдаад байх шиг байна. Болиулбал яасан юм, чи хэлээч гэж байсан. Би бэлтгэлийг нь үзээд гарахад л сэтгэл зүйгээрээ маш их ядарсан. Их хүчтэй дарамт ирэх шиг санагдсан. Чиний хэлдгээрЯах гэж явуулав даа, энэ чинь ямар айхтэр эд вэ гэж бодогдсон шүү. Харсан хүнд бол шууд л тэгж бодогдохоор юм билээ.

-Хичнээн хүчит бөх ч эх хүнд хүү нь балчир хүүхэд мэт санагддаг байх. Ээж нь ер нь яаж байх юм?

-Эх хүн ч ялгаагүй шүү дээ. Бэртчих вий, гэмтчих вий гээд үргэлж л санаа нь зовж байх юм. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөөд л. Барилдаан болно гэхээр хоол нь ч орохгүй байх шиг байдаг. Унахад нь харж чадахгүй болчихдог, сэтгэлийн их хямралтай байдаг л даа. Тэглээ гээд яахав. Тэр бүхнийг давж, зоригтой, тэвчээртэй байж л хүүдээ сэтгэлийн дэм өгөхгүй бол болохгүй шүү дээ.

-Монголчууд сумочдыг жин ихтэй болохоор их иддэг байх гэж ярьдаг. Та өөрөө очиж үзэхэд ямар байх юм?

-Би анх бас л учиргүй их хоол идээд байдаг юм бодсон чинь үгүй юм билээ. Хоол их идэхдээ биш, гол нь илчлэг ихтэй. Сумочдын бэлддэг чанко гэж хоол байна л даа. Тэр бол тусгай шөлөн дээр олон төрлийн ногоо, дараа нь мах хийж буцалгадаг хоол байна лээ. Тэгээд түүнийгээ будаа, өндөгтэй хольж иддэг. Гэхдээ тэр жин нэмэх асуудал чинь хоолноос гадна бэлтгэл их хийж, унтаж амрахаас шалтгаалдаг юм билээ шүү дээ. Тэгж байж их том болдог. Тэгээд бас бэлтгэл гэхээрээ дан ганц барилдаад байхгүй, хүч, хурдны дасгал гээд төрөл бүрээр хийдэг юм билээ. Хоёр шуудайтай элсийг тэврээд 10 минут, хагас суугаа байдалтай байх жишээтэй. Тэгж байж хөл нь бат бэх тогтвортой болдог юм байна л даа.

-Анх явснаасаа хойш эх орондоо хэдэн удаа ирэв. Жилдээ ганц хоёр ирэх үү?

-Жилдээ ганцхан л ирдэг. Хугацаа нь дээд тал нь дөрөв тав хононо доо. Тэр үед нь бид бөх энэ тэр гээд элдвийн юм яриад байхыг хүсдэггүй. Аль болох эрүүл агаарт амруулж, найз нөхөдтэйгээ уулзаад яваасай гэж л хүсдэг. Заримдаа ч амждаггүй. Ер нь гэр орон, найз нөхдөө их санадаг юм шиг байгаа юм. Тэрийгээ өөрөө ил гаргахгүй л дээ. Байгаа байдлаас нь илт анзаарагддаг. Тиймэрхүү л
байдалтай эмээ, ээж бид хэдтэйгээ хэдхэн хоноод буцдаг юм.

-Сая барилдаан дуусаад шууд л утасдсан уу?

-Тийм ээ, Ер нь инээгээд л өөрөө утасдана аа. Одоохон залгах байх гээд л ярьж байтал утас дуугарахад ээж бид хоёр нь утсаа бараг булаацалдаж авсан. Тэгээд хүүдээ баяр хүргэсэн. Цаашдаа хүүгээ бэртэл гэмтэлгүй л барилдаасай гэж залбирах юм. Ирээдүйд өгсөх, дээшээ сайн барилдахыг бурхан л мэдэх байх даа..

-Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг. Хүү тань японжуу болчих юм уу?

-Ер нь бие сэтгэлээрээ япон л болчихсон байх шиг Их хүлээцтэй, няхуур, дэгтэй, аливаад анхааралтай, хариуцлагатай ханддаг болчихсон байна. Өглөө тогтсон хугацаандаа босох, үүрэг хариуцлага, мэндлэх хүндлэх гэдэг дээд зэрэг шүү дээ.

-Төвөгтэй зүйл ажиглагдах уу?

-Үснийх нь асуудал л их хэцүү дээ. Өнөөх хэлбэртэй байдаг үс нь гурав дөрөв хоногийн дараа айхтар хатуураад, угаахгүй бол болохгүй болно. Тэр их тосыг чинь бараг бүтэн хайрцаг шампуниар л угаана шүү дээ. Тэгээд дээр нь овоолсхийгээд бооно л доо. Харин яг явах болоход их хариуцлагатай юм болиоо. Үсийг нь тэр хэв загварт нь оруулж янзалж чаддаггүй юмаа гэхэд ядаж дөхүүлэх хэрэгтэй болдог. Сумочдын үс засдаг үсчин Монголд байхгүй болохоор хэцүү. Тийм үсгүйгээр буцаж болохгүй. Ямар сайндаа л эхнэр бид хоёр өглөөний дөрвөн цагт босоод, найм хүртэл хэд хэд самнаж бооно. Норгоод, гельдээд үзэж тарна шүү дээ. Өөрөө аав аа, ээж ээ ингээрэй тэгээрэй гэж хэлнэ л дээ. Тэгсэн ч бид ямар л олигтой янзлав гэж. Бидний самналт бол онгоцноос буугаад дэвжээндээ очтол л тэсч байхад болж байгаа юм л даа. Самуурайн сүр сүлд нь үсэнд нь байдаг гэнэ. Эмэгтэй хүнийг бол ойртуулахгүй, ээж нь алсын зайнаас, сэнс барьсан байдалтай л ажилладаг.

-Сумочдыг их цалин авдаг баян хүмүүс гэж боддог. Танай хүүгийн хувьд дээд зиндаанд анх удаа орлоо. Өмнө нь ямархуу цалинтай байсан бол?

-Анх удаа дээд зиндаанд орж байгаа болохоор энэ талаар ёстой мэдэхгүй. Өмнө нь дэвжээ нь байр, хоолоор хангадаг байсан. Яахав сайн барилдвал багшийн урамшууллын мөнгө авдаг. Гэхдээ бид цалин мөнгөний талаар нарийн яриад байдаггүй. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн мөнгө яриад байх эвгүй шүү дээ.

-Сумочид барилдахаа байхаар турдаг. Гэхдээ тийм их таргатай хүмүүс хэвийн байдалд ороход асуудалтай байх даа?

-Би бас бодож л байлаа. Ингэж их таргалчихаад сүүлд нь яаж турдаг бол, тун хэцүү байх гэж бодсон. Тэгтэл их аварга Таканохана хичнээн бадриун биетэй байлаа. Гэтэл одоо их сайхан шовойсон залуу шүүгч хийгээд байж байна. Тэгэхээр турж болдогл юм байна гэжбодсон. Гэхдээ яаж турдгийг нь мэдэхгүй.

-Та өөрөө багш хүн. Яг л хичээлтэй байх үед тань сумо гарч таардаг байх. Сэтгэл тогтохгүй биз?

-Их хэцүү, ёстой яг тэр үед лекцтэй таардаг. Би лекцээ уншсан хэрнээ л цаг харагдаад, 350 болоод ирэхийн алдад аргагүйн эрхэнд гүйж гараад 2 минут радио сонсчихоод, хар гүйхээрээ эргэж орно. Тэгэхэд оюутнууд маань миний нүд рүү харан, багшаа яасан гээд лХүүхдүүд маань их хүндэтгэлтэй ханддаг л даа.

-Хүмүүсийн хандлага өөр болж байна уу?

-Өөр болох нь ч хаашаа юм. Хамт олны хувьд их сайхан, нэр хүндтэй л дээ. Оюутнууд маань ч адил. Ер нь надтай мэндлэхгүй оюутан Гэж бараг байхгүй болсон. Яагаад ч юм их л хүндэтгэлтэй ханддаг. Сая хүртэл багш аа баяр хүргэе, хүү тань их сайхан барилдлаа гэх жишзэтэй. Тэр бүхэнд би их сэтгэл дүүрэн байна. Яагаад гэвэл тэд ч гэсэн дотоод сэтгэлдээ нэр төртэй хүн явж, эх орныхоо нэрийг гаргах юмсан гэж бодож байгаа болов уу л гэж би боддог.

-Хүү тань одоо хэдэн настай вэ. Зан аашийн хувьд та юу гэж хэлэхэв?

-Хүү маань өнгөрсөн найман сард 21 хүрсэн. Ер нь их дөлгөөн, дуу цөөтэй, хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ даруухан мөртлөө яг дэвжээн дээр гарахад арслан барс шиг л үзнэ шүү дээ.

-Танай гэр бүлийн бусад гишүүдийн талаар сонирхвол?

-Манай эхнэрийг Б.Оюунтөгс гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй. Одоогоор зээ охиноо харж байгаа. Бид хоёр хүүхэдтэй. Охин маань Америкт сурдаг. Хүү охин хоёр минь уулзаж амжихгүй долоон жил болж байна. Дүүгээ энэ жил дээд зиндаанд гарахад нь л анх удаа компьютераар харлаа гэж байсан.

-Та ШУТИС-д ямар чиглэлээр багшилдаг юм бэ?

-Би энэ сургуулиа төгссөнөөс хойш 26 жил багшилж байна. Эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Энэ сэдвээр доктор хамгаалсан.

-Ярилцсанд баярлалаа.

Ю.Шүрээ

Чансаа сонин 2006.12.02

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button