Төмөр замын удирдлагыг сонгох хурал хаалттай болсон ч эцсийн шийдэлд хүрсэнгүй

Төмөр замын салбарын хурлын дараа өдөр 13 цагийн үед хамтарсан хурал болно, сэтгүүлчидийг оруулж хурлыг нээлттэй хийнэ гэж байсан ч хурал 15 цаг, дахин 16 цагт болж хойшилсоор байлаа. Өдөр салбарын хурлыг хуралдуулсаны дараа Оросын төлөөлөгчид Зам тээвэр, аялал жуулчлалын яам руу явж санал солилцож байгаа гэсэн мэдээтэй байлаа. Төлөөлөгчид яаман дээрээс ирж орой 17 цаг 30 минутын үед хурал эхэлж, хурлыг Сангийн сайд, Монгол дахь ерөнхий хорооны дарга Ч.Ганзориг нээж хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Хурлаар удирдлагыг сонгохоос гадна төмөр замын хөрөнгө оруулалт, эдийн засгийг сайжруулах төлөвлөгөө, үнэ тариф тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, зөрчил дутагдлын талаар гэхчилэн арав гаруй асуудлыг хэлэлцэнэ. Үүнд хамгийн түрүүнд удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцэнэ гэж заасны дотор боловсон хүчинтэй холбоотой асуудал учраас хаалттай хийх шаардлагатай хэмээн сэтгүүлчдийг гаргаж хоёр талын төлөөлөгчид үлдэж асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Монгол дахь ерөнхий хороо нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайд Ц.Цэнгэл, хорооны даргаар Ч.Ганзориг, гишүүдээр ЗТАЖЯ-ны Тээврийн газрын дарга Д.Наранпүрэв, Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга А.Батболд нар багтдаг. Харин өчигдөр Оросын талаас В.В.Ромашев тэргүүтэй А.В.Лушнеков, В.И.Черкаши нарын төлөөлөгчид ирсэн байлаа. Тэд Оросын талын ерөнхий хорооны гишүүнээр шинээр сонгогдсон нөхдүүд гэнэ. Дугаар шилжихийн өмнө авсан мэдээллээр даргыг сонгох асуудлыг нэг цаг гаруй хэлэлцсэн боловч эцсийн шийдэлд хүрч чадалгүй орой 18 цаг 30 минутын орчим тарсан байлаа. Хурал өнөөдөр ахин үргэлжилж эцсийн шийдвэрийг гарах юм.

2006.12.2 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button