Тавантолгойд хөрөнгө оруулахыг хүсч байгаа Оросын гурван компани нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Холбооны Хурлын дарга С.М.Миронов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Б.В.Грызлов, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадков нартай уулзана. Айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд түлхэц үзүүлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Оросуудын зүгээс манай орны уул уурхайн салбар, тэр дундаа сүүлийн үед гадаадынхны анхаарлыг ихээхэн татаад байгаа ашигт малтмалын томоохон орд газруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. Айлчлалын тов дөхөх тусам ОХУ-ын хэвлэлүүдэд үүнийг нотолсон мэдээллүүд хөвөрч байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Тавантолгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулах сонирхлоо албан ёсоор илэрхийлээд байсан Северсталь, Ренова, Базовый элемент компаниуд хамтарсан консорциум байгуулах болсоноо зарласан байна. Ингэхдээ хамтарсан консорциум нь зөвхөн Тавантолгойн төсөл дээр хамтрах болно гэдгээ тодотгосон тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна. Консорциумын гишүүд ордыг ашиглахад шаардагдаж буй дэд бүтцийг бий болгох, эрчим хүчний асуудлыг шийдэх, тэрчлэн байгаль орчныг хамгаалах гэсэн хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. Консорциумд нэгдсэн гурван компани аль аль нь тэдний төсөл амжилттай хэрэгжиж, Монголын Засгийн газрын стратегийн найдвартай түнш болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Консорциумд нэгдсэн гурван компанийг товч танилцуулъя. Хувийн хөрөнгө оруулалтын Базовый элемент сан нь 2001 оноос өмнө Сибирьский алюминий групп нэртэй байсан, 1997 онд байгуулагдсан компани. Эрчим хүч, машин үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 290 мянган ажилчинтай, зах зээлийн үнэлгээгээр 14 тэрбус ам.долларын үндсэн хөрөнгөтэй.
Ренова групп нь 1990 онд үүсэн байгуулагдсан. Оросын эдийн засгийн үндсэн салбарт ажиллаж байгаа Оросын гол компаниудын үндсэн хөрөнгө оруулагч. Тухайлбал, металлург, нефть, машин үйлдвэрлэл, уул уурхай, хими, барилга, эрчим хүч, харилцаа холбоо болон санхүүгийн үйлчилгээний салбарын том компаниудад хөрөнгө оруулсан. Үндсэн хөрөнгө нь 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Оросын 34 муж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Европ, Африкт салбартай.

Северсталь нь дэлхийн найман оронд үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компанийн нэг. ОХУ, Хойд Америк, Франц, Италийн ган үйлдвэрлэгч болон төмөр хайлуулах хэд хэдэн үйлдвэр Северсталь-ийн мэдэлд байдаг. Оросын коксжих нүүрсний ордууд болон төмрийн хүдрийн ордуудыг мөн эзэмшдэг. Сүүлийн үед хувьцаагаа дэлхийн зах зээлд идэвхтэй арилжиж байгаагаас компанийн хөрөнгийн хэмжээ өсч байгаа. Өнөөдрийн байдлаар тус компанийн хөрөнгө 12,7 тэрбум ам.долларт хүрээд байна. 2005 оны байдлаар бүтээгдэхүүний борлуулалтаас 11,6 тэрбум ам.дол¬лар олсон. 100 мянга гаруй ажилчинтай.

Ардын эрх сонин 235 /513/
А.Ангар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button