М.Энхсайхан Айлчлалаар их өрийн асуудлыг ярихгүй

Айлчлал энэ сарын 4-9-ний өдрүүдэд үргэлжилнэ. Айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 25, хэвлэл, мэдээллийн хэсэгт 20 гаруй, бизнесийн хэсэгт 40 гаруй, нийт 116 хүн оролцохоор болжээ. Хоёр тал худалдаа, эдийн засгийг либералчлах талаар голлон ярилцах аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөндөж ярилцах асуудлын хүрээнд Оросын талаас Монголд оруулах хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрийн талаар асуудал хөндөгдөхийг Шадар сайд дурдаж байв. Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Х.Аюурзана ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2000 онд Монголд хийсэн айлчлалаас хойш хоёр талаас дээд хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг онцолсон юм. Монголоос өдгөө ОХУ-ын 20 хотод мянга гаруй оюутан суралцаж байгаа ажээ.

ОХУ-ын Төрийн Думаар ОХУ-д төлсөн Монголын их өрийн асуудал дахин хөндөгдөж магадгүй үед Ерөнхийлөгчийн айлчлал болох гэж буй талаарх сэтгүүлчийн асуудалд Шадар сайд М.Энхсайхан хариуллаа. Түүний хариулснаар их өрийн асуудал хоёр талд нэгэнт шийдэгдсэн тул энэ асуудлыг дахин хөндөж ярихгүй гэв. Төрийн айлчлалын цаг хугацааг хоёр тал харилцан тохиролцдог тул энэ сарын 8-ны өдөр айлчлалын оргил үе байх гэнэ. Оросын талаас арванхоёрдугаар сарын 8,15 гэсэн хоёр хугацааг санал болгосноос 8-ны өдрийг Монголын тал хүлээн авчээ. Энэ товыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Фрадковын өнгөрсөн долдугаар сард Монголд хийсэн айлчлалын үед тохирсон аж Улаанбаатар төмөр замын даргын асуудал Ерөнхийлөгчийн хэмжээнд ярих асуудал биш тул айлчлалд хамаарахгүй гэнэ. Айлчлалын үеэр одоо бэлэн болоод байгаа 14 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурахаар болжээ.

Ардын эрх сонин 235 /513/
Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button