Улаан туузтай жагсаал

Теле¬визийн хөтөлбөр зараад дэгдэж явдаг багачуул ч ам хуурай байсангүй Ах аа, эгч ээ, улаан туузаар энгэрээ чимээрэй. Өнөөдөр ДОХ-той тэмцэх олон улсын өдөр шүү гэж хэлэн хэний ч шахалт, шаард¬лагагүйгээр эвлэгхэн сурталчилгаа хийчих аж. Энэ бүхэн чухамдаа улаан тууз энгэртээ зүүчихвэл ДОХ гэгч аюулт өвчний халдварыг авчих юм шиг жийрхдэг байсан ойлголт хэдийнэ ард үлдсэнийг нэг ёсондоо гэрчилсэн хэрэг байлаа.

Дээрх арга хэмжээг Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Улаан тууз нэрийн дор өрнүүлсэн юм. Тодруулбал, Улаан тууз хөдөлгөөний залуус ХДХВ-ийн сурталчилгааг Монголын Төмөр зам, Монголын Цахилгаан холбоо компани, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг хүн зон олноороо хөлхөж байдаг газруудад амжилттай зохион байгуулсан юм.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ч зүгээр суусангүй. Уламжлал ёсоороо рок, попын дуучдыг оролцуулан Таны амлалт, ДОХ-гүй ирээдүй тоглолтыг Соёлын төв өргөөнд нижгэр хийв. Цөс ихтэй залуучуудын толгойг Камертон хамтлагийн дуучин Болд, Мээдээ нар хит дуугаараа байлдан дагуулахын хамт ХДХВ-ийн сурталчилгаагаар ч шаггүй цэнэглээд авсныг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, Болд ХДХВ-ийн эсрэг залуучууд хамгийн эрчтэй, бас хүчтэй тэмцэх ёстой гэдгийг сануулсан юм.

Түүнээс гадна тоглолтод Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан оролцож үг хэлсэн. Тэрээр Монгол Улс бусад оронтой харьцуулбал ДОХ-ын халдвар авсан хүний тоо цөөн ч түргэн тархах өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Шалтгаан нь манай улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар халдсан өвчин эзэлж буй юм. Жилдээ 15-20 мянган хүн өвчилж байна. Биеэ үнэлэгчдийн 70-80 хувьд нь бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна. Манайд гарсан ХДХВ-ийн тохиолдол бүр нь бэлгийн замаар халдварлаж байна. Хүн амын маань 60 хувь нь 15-49 насныхан. Тэдний дунд аюулгүй сексийн тухай ойлголт, соёл бий болоогүй байна. Тохиолдлын бэлгийн хавьтлын 10 орчим хувьд бэлгэвч хэрэглэдэг гэсэн мэдээ байгаа нь түгшүүрийг улам төрүүлэх болов. Ийм цаг үед Таны амлалт, ДОХ-гүй ирээдүй уриан дор энэ өдрийг тэмдэглэж буй нь чухал арга хэмжээ болж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн бол НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх ажлын хэсгийн дарга Делиа Барселона Өнөө-дөр ХДХВ/ДОХ/-той амьдарч буй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр.

Өнөөдөр ДОХ-ын улмаас нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөөдөр ДОХ-ын улмаас ад шоо үзэгдэн ялгаварлан гадуурхах байдлын эсрэг тэмцэж байгаа хүмүүст талархах өдөр юм. Энэ жилийн ДОХ-ын дэлхийн өдөр нь ДОХ-ыг таслан зогсооё, амлалтаа биелүүлье уриан дор болж байна. Бид өнгөрсөн 20 жилд ямар үйл ажиллагаа үр дүнтэй болж ирсэн бэ гэдгийг судалж үзлээ. Эндээс дүгнэхэд олон нийтэд урьдчилан сэргийлэх, эмчилгээ тусламжийг хүртээмжтэй болгох нь хамгийн чухал байгаа нь харагдлаа. Мөн ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн оролцоог энэ чиглэлд нэмэгдүүлж чадвал арга хэмжээ үр дүнтэй болж чадахаар байна. ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд залуучуудыг татан оролцуулж байгаа нь хамгийн том алхам болж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн мэдээлснээр зарим оронд залуучуудын дунд бэлгэвчний хэрэглээ нэмэгдэж, зан үйлийн өөрчлөлт гарснаар ХДХВ-ийн халдвар буурч байна. ХДХВ-гүй ирээдүй бий болгоход залуусын манлайлал болон тэдэнд хэрэгтэй цогц үйлчилгээ шаардлагатай байна гэж мэдэгдсэн юм.

Оюутнууд энэ өдрийг бас зүгээр өнгөрөөсөнгүй. Залуучууд ариун хайрыг сонгож байна уриан дор нэгдэцгээсэн. Хүйтний эрч чангаран тасхийж байгааг ч тэд ажирсангүй. Бие биедээ үнэнч байя, Ариун хайрыг эрхэмлэ, Би чамд хайртай гэх мэт лоозонгоо барин Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн өмнөх талбайгаас жагсаалаа эхэлсэн юм. Дараа нь МУИС-ийн хоёрдугаар байрны өмнөх талбайд ирж зогсон ХДХВ-ийн эсрэг сурталчилгааг амжилттай өрнүүлсэн. Уг арга хэмжээг Оюуны эрэл оюутны холбооноос санаачилсан бөгөөд Дэлхийн энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо, Олон улсын боловсролын сан зэрэг байгууллагаас зохион байгуулав.

Ардын эрх сонин 235 /513/
Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button