Алхаад марш Доха!

Катар улс, Доха хот тэднийг хөтлөн алхаад, марш…
Азийн нэгэн улсад ийм үүрэг иржээ. Арванхоёрдугаар сарын 1. Гадаа дүн өвлийн хүйтэн ирж, биднийг дулаан хувцсандаа шургалан байх өвлийн эхэн сараар үзэсгэлэнт Катар оронд спортын түймэр дэгдэв. Тэнд бороо ороод л Халуун, дулаан үзэсгэлэнтэй нэгэн улсад хүйтэн өвлийг, эсэргүүцэл мөргөлдөөнийг, дайн тулааныг мартан тамирчин залуус тэмцэлдэж эхэллээ.
Аз жаргалаа эрж буй араб залуу их спортын нүд, чихийг нэгэн зүгт чиглүүлэв. Халика цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн спортын XҮ их наадмын нээлтийн ажиллагааны цөм нь тэрхүү араб залуу, 48 морьтон, алдарт торгоны зам байсан. Хүлэг морио дээдэлдэг араб үндэстэн морьтон залуугаар их наадмын бамбарыг асаалгахаа мартсангүй. Лазерын гэрлийн гайхамшиг, компьютер графикийн дэвшил тэнд тодоос тод гэрэлтэж, нээлтийн ажиллагааг зарим хүмүүс Сиднейн олимпиос давж гарлаа хэмээн үнэлэв. Дэлхийд том байр суурь эзэлсэн Ази тивийнхэн, спортын дор нэгдэж, их наадмаа нээж байгаа нь энэ ээ.

Найман зуухан мянган хүн амтай, өөрөөр хэлбэл эх орныхоо нийслэлд амьдарч байгаа биднээс цөөн иргэнтэй Катар орны хувьд Азийн наадмыг зохион байгуулснаараа дэлхийн бусад тивийнхэнтэй нүүр хагарч, дотно танилцав.
Катар орон Азийн спортын XҮ их наадмыг зохион байгуулснаараа Арабын гэгддэг орнуудаас энэ наадмыг амлан авсан хоёр дахь улс болжээ. Энэ наадамд, энэ жил 45 орны тамирчид хуран цугласнаараа өмнөх Бусаны наадмыг нэг оноогоор давж чадсан байв. Ирак улс ирэхээр болсон нь их наадамд оролцогч орныг 45 болгожээ.
Өндөр хамар, өнгө өнгийн нүд, шар үстэй европ, америк тивийнхэн харагддаггүй болохоор Азийн наадам бидэнд дотно санагддаг. Тиймдээ ч бид их спортын дээд амжилтуудыг шил даран өвөртөлсөөр байгаа Ази тивийн мундагуудын цугларалт болсон Азийн наадмаа олимп хэмээн томруулах дуртай билээ.

Бүсгүйчүүдийн хүртсэн мөнгө, хүрэл Монголыг айргийн тавд багтаалаа
Азийн спортын их наадам нээлтээ хийсэн баасан гаригаас хойш гурав хоног өнгөрч, эхний өдрүүд ард үлджээ. Доха хот ялалтын нулимс, ялагдлын гашуун амтыг нүдээр үзэж, зарим нь цэцэг тэврэн медалийн тавцанд гишгэхэд, хэсэг тамирчид нулимс унаган Доха-г орхиж байна. Буудлага, хүндийн өргөлт, усанд сэлэлт бас бидний итгэл хүлээлгэн суугаа жүдо бөхийн төрлүүдийн ид ширүүн өрсөлдөөн өрнөж, эхнээсээ аваргууд тодорч эхэллээ. Жүдочид монголчуудын салхийг чамлахааргүй хагалсан шүү. Өнгөрсөн бямба гаригт буюу наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн тэмцээн эхэлж, эрэгтэйчүүдийн +100кг, -100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг, -78 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

Дээрх жинд зодоглосон манай бөхчүүдээс спортын мастер П.Лхамдэгд -78 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Дохагийн дэвжээнээс монголчуудын хүртсэн анхны медалийн эзэн болсон бол удалгүй манайхны хоёр дахь медаль өнгөө өөрчлөн ирж, энэ удаа гавьяат тамирчин Д.Цэрэнханд анхны мөнгөн медалийг зүүв. Хүнд жингийн эрчүүд харамсалтай нь медальд хараахан хүрсэнгүй. Уг нь -100 кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Очирбат дөрвөн жилийн өмнө Бусаны Азийн наадмаас 90 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Ийнхүү манайхан өчигдөр өглөөний байдлаар нэг мөнгө, нэг хүрэл медалиар 45 орноос тавд жагсч байсан ч орой 21 цагийн байдлаар буудлага, хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдсөн тамирчид медаль авч чадаагүй учир 11 дүгээрт бичигдэх боллоо.

Ардын эрх сонин 235 /513/
Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button