Сумдыг нэгтгэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв

Дорнод аймгийн Баянтүмэн сумыг Хэрлэн сумтай, Хэнтий аймгийн Баянхутаг сумыг Хэрлэн сумтай тус тус нэгтгэх нь зүйтэй гэдэг дээр төлөөлөгчид санал нэгтэйгээр гар өргөж батласан юм-

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл сэдвээр таван аймгийн 10 сумын төлөөлөгч 85 хүн нийслэлд, төрийн ордноо хоёр өдрийн турш ярилцаад сумдыг нэгтгэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Уулзалт, ярилцлагад оролцогчид сумдыг нэгтгэж, засаг захиргааны нэгжийн шинэчлэлт хийх нь зүйтэй гэх боловч өөрсдийн сумыг нь шинэчлэлтэд хамруулах талаар ярилцахад дуугаа хурааж, эсэргүүцэж байсан билээ. Гэвч хоёр өдрийн турш эрдэмтэн, судлаачдаас номын дуу сонссоны дараа тэд ийн санал нэгдсэн юм. Баянхонгор аймгийн төвийг Баян-Овоо сумтай, Булган аймгийн төвийг Отгон сумтай, Төв аймгийн төв Зуунмод сумыг Сэргэлэн сумтай, Дорнод аймгийн Баянтүмэн сумыг Хэрлэн сумтай, Хэнтий аймгийн Баянхутаг сумыг Хэрлэн сумтай тус тус нэгтгэх нь зүйтэй гэдэг дээр төлөөлөгчид санал нэгтэйгээр гар өргөж батласан юм. Ингэхдээ олон жилийн түүхтэй сумын нэрийг хэвээр хадгалж үлдээхээр тохиролцсон байна. Жишээлбэл Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумыг Баян-Овоо сумтай нэгтгэж, аймгийн төвийн сумыг Баян-Овоо гэж нэрлэх аж. Харин хуучин Баян-Овоо сумыг тосгон байдлаар хөгжүүлэх гэнэ. Өмнөх дугаарт энэхүү уулзалт, ярилцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Уулзалт ярилцлагын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Батболдоос сонирхсон юм.

-Уулзалт, ярилцлага хэр үр дүнтэй болов?

-Засаг, захиргааны нэгжийн шинэчлэлтийн асуудал байнга яригддаг. Гэхдээ хэрэгжүүлэхэд төвөгтэй. Яагаад гэвэл энэ асуудалд эцсийн шийдвэрийг хуулийн дагуу нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчийн хурал гаргадаг. Одоогийн засаг, захиргааны хуваарийг өөрчлөх шаардлагатайг хүмүүс ойлгодог ч өөрчлөлтийг хийх гэхээр татгалздаг. Засгийн газраас ажлын хэсэг гаргаад, 2007 онд 50-60 сумын шинэчлэлтийн асуудлыг шийдье төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд арван сумын 85 төлөөлөгчийг урьж, хоёр өдрийн турш эрдэмтэн судлаачдын яриаг сонсгож, өөрсдийнх нь санаа бодпыг сонслоо. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид шинэчлэлтийн талаар ойлголттой болж, шинэчлэх нь зүйтэй юм гэдэг дээр санал нэгдлээ. Одоо баг, сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эцсийн шийдвэр гарах ёстой.

-Эдгээр сумыг яагаад сонгож авсан юм бэ?

-Засгийн газар эхний ээлжинд аймгийн төвтэйгээ ойр сумыг сонгосон юм. Гэхдээ олон жилийн түүхтэй сумын нэрийг хэвээр хадгалж, аймгийн төвийн буюу сүүлд шинээр байгуулагдсан сумыг татан буулгах замаар асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа өөр хоорондоо ойр, хуучин нэгдэл, сангийн аж ахуйг хооронд нь нэгтгэх, нэгдэж буй сумын төвийг тосгон маягаар хөгжүүлэх юм. Нэгдэж буй сумдын төсвийг эхний дөрвөн жилдээ хэвээр үлдээнэ. Хүн ам нь хэвээрээ байгаа учраас ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ардын эрх сонин 235 /513/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button