Монголын багийн анхны медаль

Монголын баг, тамирчдын салхийг хагалан эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд барилдсан. Тэрээр эхний тойрогтоо Казахын К.Аленаг, хоёрдугаар тойрогтоо ардчилсан Солонгосын К.Р.Миг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрх олж авав.Харамсалтай нь тэрээр хэсгийн аваргын барилдаанд энэ жинд түрүүлсэн өмнөд Солонгосын Ли Со-д ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд урамтай сайхан барилдаж өрсөлдөгчөө буулгаж авснаар Монголын багийн анхны медалийг авчирлаа.

АЛТАН МЕДАЛИЙН ООСРООС АТГААД АЛДАВ

Yүний дараа +78 кг-ийн жингийн барилдаанууд болов. Монголын жүдоч олон улсын хэмжээний мастер Д.Цэрэнханд энэ жинд урамтай сайхан барилдаан үзүүллээ. Тэрээр эхний хоёр тойрогт Солонгосын Ким На, Тайландын О.Олаг төвөггүйхэн ялж алтан медалийн төлөө барилдах эрх авсан. Ялбал алт, ялагдвал мөнгөн медаль хүртэх байв. Аваргын төлөөх барилдаан эхлүүт Хятадын тамирчин манай бөхийг даралтат оруулж хүнд байдалд оруулснаар цэвэр ялсан билээ. Ийнхүү эхний өдөр барилдсан Монголын хүнд жингийн хоёр эмэгтэй жүдоч мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Өчигдрийн байдлаар энэхүү хоёр медалийн ачаар Монгол Улс медаль хүртсэн орнуудын тавдугаарт жагсч байлаа.
Ц.ОЧИРБАТ, Н.ТYВШИНБАЯР НАР ХYРЭЛИЙН ТӨЛӨӨ…

Энэ өдөр Ц.Очирбат (-100), Н.Түвшинбаатар (+100) нар эрэгтэй жүдочдоос түрүүлж барилдлаа. Манай хоёр энэ өдөр хоёр ялж, хоёр ялагдан яг ижил амжилт үзүүлсэн юм. Тэд хоёул хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.
Өчигдөр дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 90, 81 кг, эмэгтэйчүүдийн 70, 63 кг-ийн барилдаан эхэлж байв. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Д.Нямхүү барилдах бөгөөд тэрээр эхний тойргийн учраа болох Палестины бөхийг хүлээж суув. Харин 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ барилдах байсан. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Т.Баттөгс, 70 кг-д Ц.Мөнхзаяа нар барилдахаар мөн учраагаа хүлээж суув.

ГАВЬЯАТУУД ӨНӨӨДӨР БАРИЛДАНА

Жүдо бөх сонирхогчдын хувьд өнөөдөр нойргүй хонох нь. Өнөө шөнө эрэгтэйчүүдийн 73, 66, эмэгтэйчүүдийн 57, 52 кг-ын жингийн барилдаан болно. 73 кг-т Д.Ням-Очир барилдах бө-гөөд манай бөх эхний тойрогтоо Туркменистаны М.Караевтай учраа таарчээ. Хэрэв тэр М.Караевыг ялбал Хятадын Ши Ронронтой хүч үзэх нь.
66 кг-д Афины олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглоно. Гавьяат эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн даваануудад Японы Хироюки Акимото болон БНХАУ, БНАСАУ-ын бөхчүүдтэй хүч үзэх юм байна. Энэ жинд хамгийн олон буюу 27 жүдоч хүч үзнэ.
57 кг-д гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од барилдана. Тэрээр мөн л эхний тойрогтоо гоц мөргөжээ. Харин түүний дараагийн учраа нь Японы залуу од А.Сатотой байх юм.
52 кг-д барилдах М.Бундмаа Казахын Ш.Калиева, БНСУ-ын Ким Кюн Ок нартай учраа таарлаа. Дээрх өрсөлдөгчдөө ялбал манай бөх шууд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button