Төмөр замын даргыг томилж чадсангүй

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчдийн ерөнхий хорооны хурал өнгөрсөн баасан, бямба гаригт боллоо. В.Магдей агсны 49 хоногийг гүйцээж, замын даргын томилгоог хийх гэж хуралдсан тус хуралдаан зорилгодоо хүрсэнгүй өндөрлөв. Тэд УБТЗ-ын даргыг томилж чадсангүй. Ирэх нэгдүгээр сард дахин хуралдахаар болж оросууд буцжээ.Хуралдаанаар Оросын тал В.Магдей агcны гурван жилийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд орос хүн ажиллуулна, замын даргаар орос хүн томилуулна гэсэн байна. Оросууд хоёр хүнийг нэр дэвшүүлж. Харин монголчууд, хувь хүний тухай ярихгүй, эхлээд орос хүн томилох уу, эсвэл монгол хүн томилох уу гэдэг зарчмаа тогтоно гэж тулгажээ.
Хоёр талын энэ хатуу байр суурь хуралдааныг эхнээс нь мухардалд оруулжээ. Хувь нийлүүлэгчид хуралдаанаа гацаанаас гаргаж, цааш үргэлжлүүлэхийн тулд саяхан Хангай зөрлөгт болсон ослын талаар хэлэлцэж зарим хүнд хариуцлага тооцов. Салбарын сайд Ц.Цэнгэл, төмөр замын өнөөгийн зарим удирдлага төлөвлөснийхөө дагуу шүдний өвчин болоод байсан гурван орлогч даргыг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эхний алхмаа хийж чадав. Учир нь замын орлогч дарга О.Сүрэн, Ё.Батсайхан, Л.Пүрэвбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлж, ерөнхий хорооны дараагийн хурал хүртэл хуучин албан тушаалд нь үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн байна. Ажил сайжруулах онцгой үүрэгтэй бөгөөд энэ үр дүнгээс хамаарч тэднийг дахин жинхлэх эсэхийг ерөнхий хорооны дараагийн хурлаар шийдэх аж.
О.Сүрэн төмөр замын талаар өөр байр суурь баримталдаг бол Ё.Батсайхан, Л.Пүрэвбаатар нар АН-ын гишүүн гэдгээрээ зарим хүний шүдний өвчин болдог тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм.
Гурван орлогчийг үүрэг гүйцэтгэгч болгосноос цааш хурал төлөвлөсний дагуу болсонгүй. Энэ мөчөөс эхлэн нэг баг болж явсан сайд Ц.Цэнгэл, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга В.Отгондэмбэрэл нарын зам салжээ. Сайд Ц.Цэнгэл цааш В.Отгондэмбэрэлгүйгээр явахаар төлөвлөсөн байв. Тийм учраас хуралдаанд өөрөө ордоггүй ч Оросын талынхантай уулзаж Тэрбиш гэсэн битүү морь-ийг УБТЗ-ын даргад зүтгүүлж үзэв. Энэ нь оросуудын хувьд В.Магдей агсныг анх томилох үед МАХН-ын шахалтаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавыг төмөр замын даргад нэр дэвшүүлсэнтэй л адил сонсогдсон бололтой. Ялгаа нь гэвэл Д.Загджав төмөр замын мэргэжилгүй бол Тэрбиш нь энэ талын мэргэжилтэй, тээвэр зуучийн төвд ажиллладаг. Д.Загджавыг МАХН шахсан бол энэ удаагийн нэр дэвшигчийг сайд Ц.Цэнгэл зүтгүүлж, томилуулахыг дэд сайд Ч.Ганзоригоор удирдуулсан Монголын хэсэгт үүрэгдсэн сурагтай. Тэрбиш нь хаана, ямар алба эрхэлдэг нь одоогоор тодорхойгүй ч МТТ гэсэн шатахуун түгээгүүрийн газартай, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг гэсэн мэдээлэл байна.
Өөрийнх нь нэрийг гаргаж ирээгүйд гайхсан В.Отгондэмбэрэл дарга нутгийн ахынхаа шийдвэрт гайхсан ч, салбарын сайд гэдгээр нь энэ удаа чимээгүй өнгөрөв. Хэрэв монголчууд олон санаа гарган оргож бусгалгүйгээр В.Отгондэмбэрэлээ зүтгүүлсэн бол Оросын тал хүлээж авах магадлал өндөр байжээ. Энэ санаагаа ч ил цухалзуулсан сурагтай.
Ийнхүү УБТЗ дахин үүрэг гүйцэтгэгч даргатай үлдлээ. Ц.Цэнгэл сайдыг хоёр шалтгаанаар зориуд Тэрбиш гэдэг хүнийг нэр дэвшүүлж томилгоо хийлгэсэнгүй гэж зарим хүн хэлж байна. Нэгдүгээрт, өөрийг нь огцруулах асуудлыг ИЗН-аас босгож МАХН-аас болон АН-аас Г.Батхүү тэргүүтэй хэсэг дэмжээд ирмэгц шахалтад орж тэдний хүнийг гацаа үүсгэх гэж зориуд зүтгүүлсэн байх. Yгүй бол УБТЗ-ын удирдлагад орос хүн оруулж ирэхгүйгээр нэг хэсэг явах сонирхлын үүднээс В.Отгондэмбэрэлээ томилуулсангүй гэлцэж байна. Учир нь хэрэв В.Отгондэмбэрэлийг замын даргаар томилсон бол орлогчоор нь орос хүн томилдог дүрэмтэй ажээ.
Дашрамд дурдахад Ц.Цэнгэл сайд болсныхоо дараахан В.Магдейг ирэх арваннэгдүгээр сард өөрчилж монгол хүн томилуулна гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэр монгол хүн нь В.Отгондэмбэрэл, Тэрбиш хоёрын аль нь байсныг хэн ч эс мэднэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button