Татвараас нуусан мөнгөөрөө салхины халхавч ч болсон барьдаг болоосой

Манайх шиг буурай хөгжилтэй, ядуу эдийн засагтай улсад 10 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Үгүй ядаж л зургаан сумын жилийн төсөв гээд бодохоор ямархуу хэмжээний мөнгө болох нь тодорхой. Харин Ш.Сайхансамбууд энэ нь хэр мөнгө гэдгийг хэн ч мэдэхгүй байх. Юутай ч жаргалдаа ташуурч, мөнгөндөө бялуурсан хүүхэд нь хар тамхинд донтож, өөрөө их хэмжээний барьцаа төлж гэмт хэрэгтнийг урьдчилан хорьдог төвөөс суллагдахад нь багагүй нөлөөлсөн л байх. Зарим хүмүүст мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү луувангаа зулгаана уу хамаа юун гэх л биз. Гэхдээ Ш.Сайхансамбуугийн хувьд арай ч ингэж хэлж боломгүй санагдана. Учир нь, түүний амь шигээ хайрладаг хоёр охиных нь нэрээр нэрлэгдсэн Нарантуул худалдааны төвөөс монголчуудын маань багагүй хувь нь өдрийн хоолоо олж иддэг болохоор. Ямартаа ч Ш.Сайхансамбуу захиралд эрүүл мэнд, амь насаа гаргуунд нь гаргах шахам байж хэдэн төгрөг олдог тэдгээр хүмүүсийн худалдаагаа эрхлэх орчинг арай дээрдүүлэх сэтгэл алга байгаа бололтой. Тун удахгүй 20 гаруйхан хоногийн дараа идэр ес эхэлнэ. Гунан үхрийн эвэр хуга хөлдөм энэ хүйтэнд өнөө хэдэн наймаачид маань чичирч дагжин, арай л хөлдчихгүй өвлийг давж хавартай золгоно. Өвлийн хүйтэнг арай гэж давсан тэд хаврын хавирга нэвт үлээх салхийг юман чинээ бодохгүй, гүрийнэ. Хэдий болтол ингэж явах юм бүү мэд. Тэд өөрсдөө ч мэдэхгүй. Жилийн жилд л ингэж давдаг. Энэ байдалдаа бүүр дасчихсан мэт харагддаг ч юм билээ. Нарантуул худалдааны төвийн худалдаачин Х.Сэргэлэн, С.Оюун, Б.Болдбаатар нартай уулзаж цөөн хором ярилцсан юм. Тэд нар өмдний төрөлжсөн худалдаачид юм билээ.
-Хүйтэн байна шүү. Даарахгүй байна уу?
-Х.Сэргэлэн харин тийм ээ. Даарлаа гээд яахав дээ. Амьдрахын эрхэнд энд зогсч байна.
-Б.Болдбаатар одоо ч бараг дасч байна даа. Даарсан ч тоохгүй болчихож. Ялангуяа гайгүй наймаа хийгээд ирэхээр бүр даарахаа байчихдаг юм шүү дээ./инээлдэв/
-Б.Болдбаатар өнөөдөр арай л хүйтэн байна. Гэхдээ одоо ч цаг нь болсон болохоор аргагүй дээ. Үүнээс хойш улам хүйтэрнэ. Тэгэхээр л хэцүүднэ дээ.
-Та нар Нарантуул зах дээр худалдаа хийгээд хэр удаж байгаа юм?
-Х.Сэргэлэн бид нар бараг арваад жил зогсч байгаа байх. /хэсэг бодов/ Тийм байна он гараад ес дэх жилээ үдэх нь.
-Бүгдээрээ юу?
-Тийм ээ. Бид нэг ангийнхан бас их сайн найзууд. Анх наймаанд хамтдаа гарч байсан. Түүнээс хойш ес дэх жилдээ хамт явж байгаа юм байна. Хамтрагчид, гэр бүлийн найзууд гээд л.
-Есөн жил гэдэг бага хугацаа биш. Мэдээж та нарт өөрчлөлт орсон зүйл бишгүй л байгаа байх. Харин зах хэр өөрчлөгдөж байна. Та нарыг үндсэн ажилчид нь л гэхэд бараг болно биз?
-Б.Болдбаатар, за даа бараг тэгж хэлж болно байх шүү. Харин Ш.Сайхансамбуу л зөвшөөрөхгүй байх даа, биднийг. Мэдээж амьдралд маш их зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ захын тухайд, бидний нийгмийн хувьд л өөрчлөгдсөн зүйл байхгүй. Үүнийг бид хаа ч хэлнэ. Даанч хамгийн их хэл ам хийдэг болохоор захын удирдлага бидэнд дургүй. Сүүлийн үед олон юм ярих хэрэггүй. Оронд чинь ирэх түрээслэгчид байгаа шүү гээд л дарамтлаад байх болсон.
-Хэн тэр вэ?
-Б.Болдбаатар, хэлж болдог юм бол уу даа. Менежер гэх бүдүүн нөхөр бий. Тэр жаахан тааруухан нөхөр. Хүн хүнд очоод л янз бүрийн зүйл яриад хутгаж явдаг юм шиг байгаа юм. Түүнээс Ш.Сайхансамбуу арай тэгж бидэнтэйгээ хутгалдан явахгүй байлгүй дээ.
-Тэгвэл бөөнөөрөө нэгдэж байгаад захын удирдлагадаа шаардлага тавьж болдоггүй юм уу?
Х.Сэргэлэн хэлэхээрээ нэг болсон. Арай л хөдөлгөөн зохион байгуулаагүй байх. Түүнээс болж л бид ад үзэгдэж байхгүй юу. Одоо ч халширч байна. Хэллээ гээд өөрчлөгдөх зүйл огт байхгүй. Харин ч лангууны татвар нэмэгдээд хэцүү. Хүн ч тэгээд мөнгөтэй болох тусмаа улам шуналтай болдог байх шүү. Татвар гэснээс Ш.Сайхансамбууг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн цагдаагийн газраас баривчилсан гээд сонин дээр биччихсэн байсан. Өөрөө татвараас зугтдаг байж мань мэтийгээ татвараа төл гээд шантаажлана. Лангуу хураана гэж сүрдүүлнэ. Юм юм л болно доо.
-Гэхдээ та нар Ш.Сайхансамбуугаас биш юм аа гэхэд захын удирдлагадаа шаардлага тавьж болно шүү дээ?
-Х.Сэргэлэн дэмий юм билээ. Ярихаараа нэг болсон. Ер нь, манайхаас өөр ийм захтай улс орон байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Бид нар шиг дээвэртэй мөртлөө зунд нь дусаалд, өвөлд нь цас, шуурганд дээрэлхүүлж байдаг наймаачид гэж ч байдаггүй байх. Ингэж зогссоор байгаад захын наймаачид маань бөөр, сав, үе мөчний өвчтэй хүмүүс л болдог юм шүү дээ гэсэн. Энэ үгийг зах дээр худалдаа хийдэг бүх хүн хэлдэг юм билээ. Нээрээ ч дандаа л даарч хөрч байдаг болохоор захынхан хүйтний өвчинд ихээр нэрвэгддэг. Харин үхчихгүй л бол гайгүй биз гэж гүрийсэн тэд хожим нь өвчний үүр болохоо мэддэг ч мэдэхгүй дүр эсгэдгийг яалтай. Барагтай бол хий гишгэдэггүй, дээгүүр татлаа сайтай хэмээгдэх Ш.Сайхансамбууг ийнхүү гэнэт баривчлан саатуулсныг хүмүүс хоёр янзаар хүлээн авсан. Үнэн юм гэж байдаг юм байна. Томчуудад хууль үйлчилдэггүй юм шиг аашилдаг. Тэд ч гэсэн хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээдэг юм байна гэж Ш.Сайхансамбууг цагдаагийнхан саатуулсанд сандарсан нь ч цөөнгүй. Гэтэл сүр дуулиан болон баривчлагдсан Ш.Сайхансамбуу 72-хон цагийн дараа суллагдсан нь мөнгөтэй, танилтай хүнд монголын хууль хэрхэн үйлчилдгийг тодорхой харуулав. Ш.Сайхансамбууд холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн албанаас илрүүлэн шалгаж байсан. Түүнд Эрүүгийн хуулийн 162.2 буюу Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэмээн буруутган баривчилж саатуулсан ч 10 гаруй тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулсан түүнд хэрэг хүлээлгэн ял тулгах бодол шүүх, прокурорынхонд байхгүй байгаа нь олныг гайхшруулсаар байна.
Нөгөө талаар олны анхаарлыг зүй ёсоор татсан тус хэрэгт будилаан орж нэг ёсондоо алга болох шатандаа opcон нь том хүмүүс оролцсон том хэрэг сураг алдардаг жам болох нь гэсэн хардлагыг олны дунд гүнзгий төрүүлж байна.

Х.Санаа
2006.12.4 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button