Хэзээ газар хөдлөх нь хамгийн хэцүү бөгөөд чухал асуулт

БУЛНАЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ ГАМШИГ БАЙСАН

-Яагаад газар хөдөлдөг юм бэ?
-Газар хөдлөлтийг одоогоор урьдчилан мэдэж чадахгүй байна. Түүнийг мэдэрч чаддаг багаж гараагүй байна. Ер нь газар хөдлөхийн өмнө ямар нэгэн шинж тэмдэг байж л байгаа.

-Манайд хаана хүчтэй газар хөдлөлт болж байсан юм бэ?
-Газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс болох Калифорни, Японыг бодвол манай улс харьцангуй тайван. Гэхдээ өнгөрсөн зуунд Монгол Улсын баруун бүст найман баллын газар хөдлөлт дөрвөн удаа болсон. Найман баллын газар хөдлөлтийг гамшиг гэж болно. Иймд энэ нь газрын гадаргууд маш том гав, ангал үүсч, зарим булаг шанд нь ширгэж, зарим газраа шинэ булаг шанд оргилж гарч ирсэн гээд гадаргууд маш том өөрчлөлт гарсан.

-Тэр үеийн гэрэл зураг, баримт байдаг уу?
-1905 онд болсон энэ газар хөдлөлт нь Хөвсгөл аймгийн Сангийн далайн нуурын урд хэсгээс Булнайн нурууны хойд хэсгийг дагаад Ханхөхийн нуруу хүртэл 350 орчим км газар маш том хагарал үүссэн. Түүнээс хойш 100 жил өнгөрөхөд газар нь тодорхой хэмжээгээр эдгэсэн боловч одоо ч мэдэгддэг. 1905 оны намар нь судалгаа хийсэн Оросын газарзүйн нийгэмлэгийн эрдэмтэн Вознесенскийн бичиж үлдээснээр бол энэ газар хөдлөлтөөр цөөхөн хүн амь эрсэдсэн гэдэг. Гэхдээ тэндхийн хүмүүс домог маягаар энэ тухай ярьдаг юм байна лээ. Хот айл тэрхүү газрын гав руу орчихоод хэдэн өдөр нохой нь хуцаад байсан хэмээн ярьцгаадаг. Ер нь хот айл орохоор маш том гав үүссэн байдаг юм. 60 метр гүнзгий 10-20 метр өргөн гав үүссэн. 1905 онд болсон энэ газар хөдлөлтийг Булнайн газар хөдлөлт гэж нэрлэдэг. Yүнээс өөр бас нэгэн том газар хөдлөлт бол 1957 онд болсон Их Богдын газар хөдлөлт юм. Энэ газар хөдлөлтөөр Баянхонгор аймгийн Их Богдын нуруу, Өвөрхангай аймгийн Бага Богдын нурууг дамнасан 270 гаруй км газар хагарчихсан байдаг. Тэгэхээр эдгээр хөдлөлтүүд нь цаашид Монголд газар хүчтэй хөдөлж болохыг харуулж байна. Ер нь Монголын геологийн түүх бол хэдэн 100 сая жилийн байнгын идэвхтэй өөрчлөлтөд орсон байдаг. Жишээлбэл, Тэтис гээд маш том далай хэдэн зуун сая жилийн өмнө байсан шүү дээ. Тэр нь хаагдсаар байгаад хоорондоо жижиг тив арлуудыг хавчуулсан байдаг. Энэ ч утгаараа манай геологид маш том өөрчлөлт, сонирхолтой олон төрлийн чулуулаг гээд геологийн маш олон үйл явц явагдаж байсан. Монголын геологийн ухаанаар гадны олон эрдэмтэн эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Миний хувьд газар хөдлөлтийн өнөө үед болж буй идэвхижлийг судалж Англид докторын зэрэг хамгаалсан.

-Таны судалгаагаар манай улсад идэвхижил хэр зэрэг гарсан бэ. Хаана, хэзээ газар хөдлөхийг урьдчилан мэдэж болох уу?
-Эхлээд газрын чичирхийллийг судалсан. Yүний дараагийн бүлэгт газрын гадаргууг геологитой холбож өгсөн судалгаа бий. Мөн газар хөдлөлөөс буй болсон хагарлын геометрийн судалгааг хийсэн. Тэр хагарлуудад суваг ухаж, түүнээс нас тогтоох дээж авсан. Нас тогтоох дээж авснаар голомттой газар дахин хэзээ хөдөлж болох давтамжийг тодорхойлсон. Тэгэхээр газар хөдлөлтийн судалгааны гол асуудал болох тухайн голомттой газар хэр давтамжтай вэ гэдэг нь хүн төрөлхтөнд хамгийн чухал юм. Ер нь хэзээ, хаана хэдэн баллын хүчтэй газар хөдлөх вэ гэсэн чухал асуултууд байдаг. Эндээс хаана гэдгийг өмнө нь хөдөлж байсан буюу голомттой газарт, хэр хүчтэй гэдгийг хагарлынх нь хэмжээгээр тогтоож болдог. Харин хэзээ гэдэг нь хамгийн чухал бөгөөд хэцүү асуулт байдаг. Тухайн газар хэзээ хөдөлж болохыг мэдэж байж байшин барилга барих нь чухал л даа. Ойрын 500 жилд хүчтэй хөдлөл болохгүй газарт газар хөдлөлийн өндөр даацтай байшин барих нь утгагүй юм. Гэхдээ хүчтэй хөдөлж болох газарт даац муутай байшин барьчихвал түүнээсээ илүү гамшиг амсана. Энэ мэт зүйлээс эхлээд нарийн тооцоо хийх шаардлагатай. Бид судалгаандаа 1980-аад онд Оросын судлаачдын хийсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсийг тэмдэглэсэн зургийг ашигладаг юм. Гэхдээ энэ зурагт хүчтэй газар хөдөлсөн бүсийг аюултай байдлаар тэмдэглэсэн байдаг. Энд тэмдэглэгдсэн газар буюу Булнайн, Их Богдын газар хөдлөлтийн бүсэд Японы эрдэмтэдтэй хамтран өнгөрсөн онуудад судалгаа хийж, хагарсан хэсэгт суваг ухаж насны дээж авсан. Ингээд давтамжийг тодорхойлоход 3000-5000 жилийн давтамжтай гэж гарсан. Өөрөөр хэлбэл, ойрын 3000 жилд Булнай нуруунд хүчтэй газар хөдлөлт болохгүй гэсэн үг. Монголд гарсан энэ хүчтэй газар хөдлөлтийн давтамжийг нэгэн Франц эрдэмтэн өөр аргаар судалж 5000 жилийн давтамжтай гэж гаргасан байна лээ.

ОЙРЫН YЕД САН ФРАНЦИСКОД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ МАГАДГYЙ

-Дэлхийд хаана газар хөдлөлт илүү болдог вэ?
-Ер нь Калифорнийн Сан Францискод газар хөдлөлт илүү болдог. Энд газар хөдлөлтөөс сэргийлэн урьдчилж бүх зүйлийг даатгадаг даатгалын компани бий. Манайд ийм зүйл хараахан хөгжөөгүй л байна. Сан Францискод ойрын хэдэн жил газар хөдлөх магадлал өндөртөй гэдэг. Энд 1906 онд хүчтэй газар хөдөлж гамшиг болж байсан юм. Yүний давтамж нь 120 жил гэж гарсан байдаг. Түүнээс хойш одоо 100 жил өнгөрсөн болохоор удахгүй газар хөдөлж болзошгүй юм. Мөн Токио хотод ч хүчтэй газар хөдөлнө гэж судлаачид нь гаргасан байдаг юм байна лээ.

-Манай улсад газар хөдлөлт болох магадлал хэр их вэ. Энэ тухай сонирхуулаач?
-Улаанбаатар хот Монгол орны төв хэсэг болон Хэнтийн нурууны өмнөд хэсэгт оршдог. Ерөнхийдөө харьцангуй тайван бүс. Харин Улаанбаатараас Хустайн нурууг дагаад Сонгинохайрханаас цааш хүчтэй газар хөдөлж байсан голомт байдаг. Yүнийг хэдэн мянган жилийн өмнө хөдөлснийг тогтоогоогүй байна. Энд долоон баллын хүчтэй хөдөлсөн болов уу гэмээр 40-50 км хагаралт үүссэн байдаг. Хэрвээ энд дахиж газар хөдөлбөл нэлээд том сүйрэл авчирч магадгүй. Энд анх Японы эрдэмтэдтэй хамт судалгаа хийсэн юм. Гэвч нас, давтамж гээд нарийн судалгаа алга байна. Давтамж нь хэд, хамгийн сүүлд хэзээ хөдөлсөн бэ гэсэн хоёр асуулт их чухал. Ер нь сүүлийн 3-4 жилд Яармагийн хойно, Сонгинохайрханы зүүн хэсгээр хэд хэдэн удаа газар чичирсэн болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн чичирхийллийн багажаар тогтоосон. Мөн энд идэвхжил ихтэй байгаа гэж геологичдын судалгаагаар гарсан. Жижиг чичиргээг багаж л мэдэрнэ. Хүмүүст мэдрэгдэхээргүй байдаг. Гэхдээ энэ нь дохио өгч байж магадгүй юм. Яагаад гэвэл голомттой газар Нисэхийн цаахна буюу Таван толгойд байдаг. Хэрэв энэ хагарал идэвхжин газар хөдөлбөл Улаанбаатарт 7-9 баллаар мэдрэгдэх юм.

-Жижиг чичиргээ нь хэдэн баллаар хөдөлдөг юм бэ?
-Хэрвээ хүнд мэдрэгдвэл 3-4 баллтай гэж ойлгож болох юм. Хүн мэдэрвэл гурван балл, байшингийн яндан нурвал зургаан балл, газрын гадаргууд хагарал үүсвэл 11-12 балл гээд гадны мэдрэмжээр тооцож болдог. Энэ нь нарийн хэмжүүр биш л дээ. Хамгийн өндөр газар хөдлөлт 12 баллтай байдаг.

-Хүнд мэдрэгдэхгүйгээр газар чичрэх нь эрүүл мэндэд хэр нөлөөлдөг вэ?
-Оросын судлаачдын бичсэнээр 1957 оны Их Богдын газар хөдлөлтийн үеэр зарим хүн ухаан алдаад муужирч байсан гэдэг. Нэгэн бүсгүй усаа авч яваад ухаан алдаж гэртээ яаж ирсэн эсэхээ мэдэхгүй байсан гэх мэт зүйл байдаг л даа. Харин газрын хөдөлгөөнийг амьтан илүү мэдэрдэг гэдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button