Төрийн ажил дампуурч түмний амьдрал доройтлоо

Тус аймагт төрийн алба завхарч төрийн ажилтан нь худалдагддаг болсон тухай ярихын өмнө МАХН-ын үйл ажиллагааны тухай багавтар оршил хэлэхгүй бол болохгүй нь ээ.
Би МАХН-ын гишүүн хүн л дээ. Гэхдээ намынхаа болох болохгүйг урьд нь хэлж ч ирсэн, хойшид хэлэх ч болно. Юуны өмнө манай намд сонгох, сонгогдох эрх чөлөө тун хаагдмал байдаг. Yүнийг би УИХ-ын хоёр, орон нутгийн хэд хэдэн сонгуульд өөрөө нэр дэвшиж байж мэдсэн.
Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ заавал төрийн түшээ болчихно гэсэн зорилго тавиагүй. Юманд хэмжээ гэж бий. Харин сонгогч түмнийхээ санаа бодлыг мэдэх, ойлгох гэж зорьсон. Н.Энхбаяр гуайг МАХН-ын дарга байх үед нь уулзаж Сүхбаатар аймагт МАХН-ын ажил ямар байгааг хэлэхэд манай нам үнэхээр алдаатай үйл ажиллагаа явуулж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Намайг УИХ-ын сонгуулиар нэрээ татахыг зөвлөж Улаанбаатарт ир, орон байр өгье, сайн уран бүтээлчийн чинь хувьд дэмжие гэж хүртэл амлаж байлаа.
Би нэрээ татахдаа үүнээс нь ч болоогүй. Харин МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсийн итгэмжилсэн ухуулагчаар удаа дараа ажиллаж тухайн нэр дэвшигчийг ялуулж байлаа. Тухайлбал, Ш.Бадам, Р.Буд нар надаар хувь заяагаа түшүүлсэн дээ. Бас нэг зүйлийг хэлэхэд манай нам шударга байхыг хичээсэн хүнийг хялайж хардаг муу зуршилтай. Тиймээс ч өд, жигүүр ургаад байгаа байх л даа.
2004 оны сонгуулиар УИХ-д аль ч нам олонхи болоогүй. Гэтэл төрийн түшээ болсон зарим нь өөр намд урваж сонгогчдынхоо итгэлийг доромжлох боллоо. Yүнд манай нам сүрхий үлгэрлэлээ. Энэ байдал. Сүхбаатар аймагт яг хуулбарлагдчихаад байна.
Мөрдөхгүй бол дүрмээр
яах юм
Мөргөхгүй бол сүмээр
яах юм
ийм мэргэн үг байдаг даа. Тус аймагт 2004 оны орон нутгийн сонгууль болоход мөн л аль ч нам олонхи болж чадаагүй юм. Тэгээд аймгийн Засаг даргаа сонгох болоход гол хуйвалдаан эхэлсэн дээ.
Хуйвалдаж, хутгалдаж байж Р.Эрдэнэцогт гэдэг нөхрийг гаргаж ирсэн. Гэтэл энэ хүн нь түрүү сонгуулийн үед МАШСН-ын гишүүн, Баруун-Урт сумын иргэдийн хуралд төлөөлөгч байсан нөхөр. Тэр үед түүний эрх ямба элдэв дээдэд дуртайг нь ашиглан манай нам урвуулж авч чадсан. Тэгээд 2004 оны сонгуульд МАХН-аас гарч ирж аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон төдийгүй аймгийн засаг болж манддаг байгаа.
Манай МАХН-ын дүрэмд нэг намын гишүүн хүн нөгөө намын гишүүн болж болохгүй гээд чанд заасан бий. Гэтэл энэ дүрмийг зөрчиж хоёр намтай нөхөр гарч ирсэн. Ингээд үзэхлээр Сүхбаатар аймгийг МАХН-ын хүн авч яваа гэх үү. МАШСН (хуучнаар нь)-ын хүн авч яваа гэх үү.
Бас болоогүй ээ. С.Эрдэнэцогтыг дараа нь МАХН-ын аймгийн хорооны дарга болгоод авсан гэж байгаа. Түүнээс хойш тус аймагт МАХН-ын анхан шатны байгууллагуудын ажил таг унтарсан. Хурлаа ч хийж чадахаа байсан юм. Манай намын зарим гишүүд Эрдэнэцогтыг намын дарга байхад намын хуралдаа очихгүй гэх болж.
Одоо аймгийн намын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн үзэл бодлын ялгаврыг харсан ч байдал тийм.
Сүхбаатарт төрийн ажил алба үнэнхүү завхарч аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын албанд ажиллаж байгаа хэдэн хүн үгсэн хуйвалдаж хөрөнгө мөнгө идэж, шамшигдуулж байна.
Энэ нь Сүхбаатар аймагт төргүй байгаагийнх. Яагаад гэвэл аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргагүй жил гаруй боллоо. 2005 оны намар аймгийн иргэдийн хурлын дарга талийгаач болсон. Гэтэл нөхөн сонгууль явуулалгүй өдий хүрч байгаа юм.
Угтаа бол нөхөн сонгуулийг хугацаанд нь явуулж, дараа нь даргаа сонгочих учиртай. Нэгэнтээ иргэдийн хурлаа бүрдүүлчихээгүй нөхцөлд бол дарга сонгох бололцоо байхгүй л дээ. Гэтэл бас л хууль дүрмээ гутааж завхруулан өнгөрсөн хугацаанд төрийн алба давхар хаших эрхгүй, өмгөөлөгч, нотариатч ажилтай Ч.Энхтуяа гэдэг эмэгтэйг Иргэдийн хурлын дарга хэмээн цоллож нэг хэсэг жүжиг тавьсан.
Yүнийг ардчилсан намын тал эсэргүүцэн сүүлдээ шүүхдээд гурван шатны шүүхийн шийдвэрээр буруу нь тогтоогдож хэдэн сар машин унасан тамгагүй дарга төрхөмдөө буцсан.
Ингээд даргагүй төрийн байгууллага хагас дутуу ажилтай, төсвөө ч хуваарилж чадахгүй байна. Энэ нь аймгийг удирдах биш, уруудуулж байгаа Эрдэнэцогт мэтийн хүмүүст эрх мэдлийн хуваарь зааггүй дураараа дургиж төсөв, хөрөнгө үрэн таран хийх бололцоог олгож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын амжуулсан ажил гэвэл зарим албан тушаалтныг намын харьяаллаар нь гадуурхан халж солихоос хэтрээгүй. Аймгийн театрын даргыг өөрчлөх гэж бөөн хэл үг мандсан. Даанч бүтээгүй. Аймагт ирсэн төсөв хөрөнгө зориулалтаар бусаар зарцуулагдах нь ихэслээ. Сүхбаатар аймгийн ард түмэн сохор биш, бүгдийг харж байна. Сонгогчдын эрх ашиг сүрхий хохирч хэдхэн хүний дураар дургилт, тоглоом тохуу хэрээс хэтэрч байгааг бүр хэлж ядах боллоо. Гэвч ард түмэн бол ард түмэн. Гэхдээ 1921 оны ардын хувьсгалыг энэ нутгийн унаган хүү Д.Сүхбаатар удирдан хийж байсан аугаа түүхийг мартаагүй. Бахархаж өдий хүрсэн. Тэгвэл төрийн албыг завхруулдаг хар хувьсгал энэ нутгаас төрж байгаад харамсч байгаа юм. Энэ тухайд тус аймгийн сонгогч олны итгэл хүлээн гарч ирсэн эрхэм түшээд Ч.Улаан, Р.Буд нар үг дуугүй байх нь тун хачирхалтай. Энэ хүмүүсийг бидний төлөө, тус аймгийн ажил амьдралын төлөө ажиллаарай гэж л сонгогч түмэн гаргаж ирсэн шүү дээ.
Сонгуулийн үеийн буцалсан өрсөлдөөн дунд явж байсны хувьд би бүрэн мэдэж байна. Угаас нэгэнт сонгогдлоо бол боллоо гэсэн сэтгэлээр хааяа нэг тууз хайчлах ёслолд оролцох төдийгөөр гишүүний үүргээ хязгаарлаад байх шиг. Сонгогчид амаа барьж байна шүү.
Тус аймгийнхан өнөөдөр залуургүй онгоцонд суугаад далайд төөрсөн юм шиг л байна.
Амьдрал доройтож ард олон инээх баярлах юаар бага байх боллоо. Ажил амьдрал унаж, мөхөж байна гэж хэлж болно.
Аймгийн нутаг дэвсгэрт Төмөртэйн цайрын ордоос эхлээд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй уурхай олширч тухайн газар нутгаас хүн, мал нь дайжиж, болдогсон бол малаа туугаад огт өөр оронд очиж амьдрахаас өөр аргагүйд хүрч байна.
Ардууд ярьж байна. Шилийн богд, Алтан овоо хоёроос өөр хятадын мөр гараагүй газаргүй боллоо гэж. Yнэн байдал тийм. Гаалийн Баатарын хэрэг гэдэг дуулианд манай аймгийнхан холбогдож байсан. Яагаад гэхээр Бичигтийн боомтоор зөөсөн төмөр ачсан хэдэн зуун машин манай нутгийг ч хэрчиж хаясан. Тэгээд Х.Баатар, Даваажав нар чинь МАХН-ын их хурлын төлөөлөгч, итгэлтэй гишүүд байлаа.
Ингээд бодвол МАХН-ын бас нэг алдаа энэ тэмдэглэгдэх учиртай биз. Арга ч үгүй юм аа. Төрийн ажил нь нурчихсан газар хаанахын хэн ч ирээд дураараа загнаж болдгийн жишээ ийм.
Хариуцлагын ямар ч тогтолцоо байхгүй газар гэвэл Сүхбаатар аймаг. Хэдэн хүн хуйвалдаад төрийн ажлыг унагаж л байдаг. Зарим нь намаасаа урваад дарга болж эрх дарх эдэлж л байдаг.
Тэглээ гээд хэн тэрэнд хариуцлага тооцох юм. С.Эрдэнэцогт ч биш, аймгийн иргэдийн хурал ч биш.Тэд өөрсдөө төрийн ажил завхруулсан буруутнууд юм чинь.
Ерөөс өнгөрсөн сонгуулиар аймгийн иргэдийн хуралд нэг кг жимс, шуудай нүүрсээр сонгогчдоо хуурч гарч ирсэн тааруухан нөхдөөс болж төрийн ажил унаж байгаа юм гэдгийг эцэст нь хэлье.
Хамгийн гол юм төсөв хөрөнгийг зохицуулалтгүйгээр, хяналтгүйгээр зарцуулж хэдхэн хүн түмний юмаар гараа угааж байгааг давтан өгүүлмээр санагдлаа.
Миний хувьд хэний ч дутагдлыг уран бүтээлчийн хувьд гонгинож хэлдэггүй, голд нь ортол зандарч хэлдэг. Шүлэг найраглалаар ухааруулахыг хичээдэг. Yүнийг маань ч олон түмэн уншигчдын дийлэнх гадарлах биз ээ.
Төрийн нуруу төвшин, түмний амьдрал өөдрөг байг гэсэн ерөөлөөр захидлаа өндөрлөе.

Сүхбаатар аймаг. Яруу найрагч, сэтгүүлч Ай.ТӨМӨР-ОЧИР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button