Загасчдын хөлд дарагдсан Буйр нуур

Саяхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр орон нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар агнах загасны дээд хязгаарыг 200 тн-оор тогтоожээ. Гэвч үүнийг хайхарч байгаа үгүй нь бүү мэд. Загас экспортлох зөвшөөрөл хүсэгчид олширч агнагчид улам ширүүсэв. Уг нь байгаль орчны хяналтын үнэлгээ хийсний дараа энэ ажлыг эрхлэх ёстой байсан ч түрүүчийн гурван компани 40 гаруй хятад ажилчин оруулж ирээд ангуучлаад эхэлжээ. Тэд хүний нутгийн загасыг авахаа мэдэхээс биш нуур усыг бодноо гэсэн юм ердөө ч байхгүй. Одоогоор агнуурын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 14 байдаг нь ганцхан нуурандаа бол ахадсан тоо. Эдгээрийг дагалдан хэчнээн хятад иргэд ирэх нь ойлгомжтой. Аймгийн мэргэжлийн хяналтынхан эхнийхийг нь зогсоосон сурагтай ч тэд ямар байнга манах биш дээ.
Загасчид агнуурын ажлыг тогтоосон цэгт нуурын захаас 100 метрийн дотор үйл ажиллагаа явуулах журмыг ч үл хэрэгсэн нуурын гүнд отгоо байрлуулан бохирдуулж хаяад явдаг. Сүүлд нуур гэсэхээр хог новш муу муухай бүхэн дотроо үлдэнэ. Хүндрүүлэгч төмөр гэхэд хэдэн арван тн-оор л хаягдана. Энэ мэт их ачааллыг талын хөх сувд болсон Буйр маань тэсч ядсаар.
Байгаль орчны хяналтын үнэлгээг ашиглах аж ахуйн нэгжийн зардлаар мэргэжлийн байгууллагаар хийлгэх учиртай гэнэ. Гэтэл 2002 оноос хойш энэ үнэлгээг хийлгэлгүй өдий хүрчээ. Тэгэхээр Буйрын загасны нөөц ямар байгаа хэдий хэмжээний загас агнаж болох эсэхийг бурхан ч мэдэхгүй гэхээр юм.
Yнэндээ бол загасыг нь хятад иргэд барьж, хятадууд авч байна. Монголчууд болохоор ямар нэг ашгийн төлөө зүгээр л аахилахыг нь аахилна гэгч болж буй юм. Гэтэл цаанаа бусдын өврийг түнтийлгэж яваа юм. Хөөрхий нуур, загас хоёрт юуны буруу байхав дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button