Т.Энхтайван Хэвлэл мэдээллийг ашиглаж бохир улс төр хийх нь утгагүй

Түлш, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайвантай уулзаж ТЭХЯ-ны ажил болон түүний талаар сонин хэвлэлд гарсан зарим асуудлаар ярилцлаа.

-Өвлийн бэлтгэл ажил ямар байна?
-Түлш эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Гэхдээ хэд хэдэн газар хүндрэлтэй асуудал байгаа. Шарын голын нүүрсний уурхай нүүрснийхээ үнийг нэмэх санал тавьж энэ саналыг хүлээж авахгүй бол нүүрс нийлүүлэхээс татгалзаад байгаа. Дархан, Эрдэнэтийн ТЭЦ-ийн түлш хангамжийн талаар яам тодорхой ажлуудыг төлөвлөж, зуухнуудыг Багануурын нүүрсэнд шилжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Багануурын дулааны станц, Даланзадгадын дулааны цахилгаан станцын их засварын ажил хөрөнгө мөнгөгүй байснаас хугацаа алдаж хоцорч байна.

-Түлш эрчим хүчний дэд сайд ер нь ямар ажил эрхэлдэг юм бэ. Та урьд нь Түлш эрчим хүчний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Энэ хоёр ажлын хооронд ямар ялгаа байна даа?
-Онцын их ялгаа байхгүй дээ. Урьд нь хариуцаж байсан салбар учраас үзэж танилцах,судaлж үзэх зэрэг цаг алдах юмгүй амар байна.

-Дэд сайдын хувьд дээрээ сайдтай, дороо төрийн нарийн бичгийн даргатай учраас арай ачаалал багатай хэрэг үү?
-Дэд сайдын хувьд арав гаруй ажлын хэсэг, комиссын дарга,ахлагчаар ажилладаг. Тухайлбал, салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хэсэг, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Хийн түлшний тухай хуулийн ажлын хэсэг, Салбарын өр авлага барагдуулах, эдийн засгийн чадавхийг сайжруулах ажлын хэсгийн ахлагч гээд хөвөрнө дөө.
2000-2002 онд Дэд бүтцийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрчим хүчний удирдах газрын даргаар, 2002-2004 онд хоёр агентлаг нэгдэхэд Түлш эрчим хүчний ерөнхий газрын даргаар ажилласан.
Энэ үед түлш эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, үүний тулд 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, улсын үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэх, өмч хөрөнгө, өр төлбөр, хүн хүч, ашиглалтын зааг ялгааг нь хуваарилж өгөх,үнэ тарифын гажуудлыг арилгах зэрэг ажлыг гардан зохион байгуулалцаж явсан.
2002 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг УИХ-аар батлуулж 40 гаруй сум суурин газрыг ТЭХС-д холбож, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц болон эрчим хүчний алдагдал бууруулах, техник технологийг сайжруулах олон арван төслийг хэрэгжүүлсэн.
Энэ бүхний үр дүнд 2000 онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан эрчим хүчний салбарын өр авлага ихээхэн буурч, 2002 оноос ашигтай ажиллаж эхэлсэн.

-Таны гадаад яваад ирсэн ажлыг тань талаар сонирхьё?
-Би аравдугаар сарын 1-4-нд Хятад улсад Засгийн газрын томилолтоор холбогдох яамдын албаны хүмүүстэй, албан ажлаар яваад ирсэн. Ерөнхий сайдыг Хятад улсад хийх төрийн айлчлалаас өмнө Эгийн голын УЦС-ын төслийн ажлаар Хятад улсын Худалдааны яам болон Эксим банкны удирдах албаны хүмүүстэй уулзаж айчлалын үеэр зурах санамж бичгийн талаар тохиролцон нааштай шийдвэрлэсэн. Түлш, эрчим хүчний болон Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Дараа нь арваннэгдүгээр сарын 13-17-нд Япон улсад албан томилолтоор ажиллаж өмнө нь яригдаж байсан Монголд салхин станцын парк байгуулах тухай асуудлаар ярилцаж газар дээр нь үзэж улмаар энэ ажлын судалгааны ажлыг хоёр тал судалж үзэхээр тохиролцсон.
Ерөнхий сайдын айчлалын үеэр Хятад улсаас үзүүлэх 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монголд Эгийн голын УЦС-ыг барихаар Засгийн газруудын хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын Эрчим хүчний салбар төдийгүй эдийн засаг нийгмийн хөгжилд том бүтээн байгуулалт байх болно.

-Таны тухай сүүлийн үед зарим хэвлэлд таагүй мэдээ гарч байна?
-Тиймээ. Сүүлийн үед бишээ. 2000 оноос хойш бичээд байгаа. Ямар зорилготой хэн гэдэг хүн миний нэр төрийг гутаан доромжилж, гүтгэлэг хийгээд байна вэ гээд хэвлэл сониныхонтой уулзахаар нэг хүний захиалгаар энэ бүх ажил хийгдээд байдаг юм. Надад тэр хүнтэй тэмцэлдэж явсан түүх байхгүй.

-Та мэддэг юм бол уулзаад энэ талаар ярьж болдоггүй юмуу. Хүнийг гүтгэж доромжлох чинь хуультай биз дээ?
-Би өөрт нь нэг удаа хэлж үзсэн. Энэ бол улс төр ш дээ гээд инээж байсан. Өнөөдөр зарим сурвалжлагч сэтгүүлчид тодорхой хүний захиалгаар бусдын нэр төрийг гутаан доромжлохоо юман чинээ тоохоо байжээ. Авилга хээл хахууль гэдэг чинь энэ салбарт хөгжих гээд байна гэж бодогдохоор. Дээр нь нийгэмд буруу ойлголт өгөх, ялангуяа төрийн албан хаагчид, өнгөтэй өөдтэй хүмүүсийг дэндүү гутаан доромжлох нь төрийн болон улс үндэстнийхээ талаар олон түмнийг, нийгмийг гутранги үзэлд оруулж байгаа биш үү.

-Нэг хэвлэлд таныг саяхан төрийн хоёр албан хаагчтай албан тушаалын хор найруулж яваад осолд орсон. Хэргийн газраас зугтсан, хүний мөсгүй зан гаргаж Япон явсан гээд л бичсэн?
-Миний найз М.Амарсайхан амралтын өдөр надтай цуг хөдөө салхинд гараад адуу мал дээр оччихоод ирье гэж тохироод аравдугаар сарын 11-нд бид Төв аймгийн Баян сум орчихоод буцаж явахдаа найз нөхөд минь жонш ачсан чиргүүлтэй Маз машины араас орж найз нөхдийн минь амь нас эрсдсэнд их харамсч байгаа. Тэгэхэд Амарсайхан маань Батмөнх даргатай хамт явж байсан юм. М.Амарсайхан бид хоёр 1990 оноос хойш нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, захиргааны байгууллагад хамт ажилласан сайн найз нөхдүүд байсан. Тэдний бичээд байгаа шиг Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ ХК-ийн захирлаар тавих гэж хор найруулж явсан юм байхгүй. Талийгаачид компанийн захирал хийгээд байх сонирхол, зорилго ч байгаагүй. Гай зовлон хэлж ирдэггүй, гай газар дороос гэдэг л болсон. Иймд хүмүүсийн үхэл, зовлонгоор улс төр хийж болохгүй. Энэ бол адгийн амьтны шинж нь илэрч байгаа хэрэг.

-Ослын учир шалтгаан нь юу юм бол?
-Энэ талаар хэн ч бичихгүй байгаа. Учир шалтгааныг нь хууль хяналтынхан албан ёсоор тогтооно биз. Биднийг буцаж явахад Амарсайхан, Батмөнх дарга хоёр түрүүлээд явж байсан юм. Биднийг араас нь хүрээд ирэхэд ийм аймшигтай зүйл болсон байсан. Чиргүүлтэй Маз машины чиргүүлийн ар тал ямар ч гэрэл дохио, гэрэл ойгоогүй байсан. Хүнд даацын машин удаан хурдтай явж байхад эсрэг талаас нь машин зөрөхөд харьцангуй хурдтай явсан машин гэрэлд цохиулж зогсч амжилгүй машины хойноос орсон болов уу гэж бодож байна. Иймэрхүү осол Улаанбаатар-Налайхын замд маш их болдог. Бүрэн бүтэн техникийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох талаар жолооч, зохицуулагч нарт шаардлага тавих хэрэгтэй.

-Таныг хэргийн газраас явсан, найз нөхөд нь осолд орчихоод байхад гадаадад томилолт аваад явлаа гээд байгаа?
-Осол болсны дараа маш хүнд бэртэл авсан М.Амарсайханыг жолооч болон найзынхаа хамт өөрийнхөө машинаар Улаанбаатар руу цаг алдалгүй явуулж эмнэлэгт хүргэсэн. Би өөрөө осол болсон газар үлдэж, нийслэл, Багахангай дүүргийн удирдлагатай ярьж хууль цагдаа, эмнэлгийнхнийг ирж үзлэг шалгалт хийж дуустал нь хамт байгаад үүрийн 5.00 цаг болж байхад явсан. Маргааш нь талийгаач Батмөнх даргын ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Мөн М.Амарсайханы гэр бүлийнхэнтэй нь болон эмч нартай нь уулзсан. Ингээд нөгөөдөр нь есдүгээр сард явахаар байгаад хойшлогдсон Япон явах ажлаар виз билет нь гарчихсан дахин хойшлуулж болохгүй ажил байсан тул яваад ирсэн. Харамсалтай нь М.Амарсайхан маань бие нь сайжирч байгаад намайг ирэхийн урьд өдөр өнгөрчихсөн. Би уул нь энэ талаар хэвлэлд ярих хэрэггүй гэж бодож байсан юм. Yнэхээр харамсалтай зүйл болсон.

-Мөн таны талаар их хөрөнгө мөнгөтэй, олон объектыг хууль бусаар авсан, хурдан морь үнэ цохиж авч сайд дарга нарт бэлэглэдэг гээд л бичсэн байсан?
-Тиймээ. Намайг гүтгэж миний нэр төрийг гутаасан хэд хэдэн үйлдлийнх нь төлөө бичсэн сэтгүүлчийг цагдаа шүүхэд өгч шалгуулна. Энэ нийтлэлтэй холбогдуулж манай яамны хэвлэл мэдээллийн алба мэдэгдэл гаргасан. Гуулингийн УЦС-нь 2000 онд намайг Эрчим хүчний удирдах газрын даргаар ажиллахаас өмнө Гуулингийн газар тариалангийн усжуулалтын системийг ашиглаж тэр үеийн Хөдөө аж ахуйн яамны шугамаар 1997 онд баригдаж ашиглалтад орж, одоо орон нутгийн өмчид ажилладаг юм билээ. Энэ станцыг өмчлөх нь битгий хэл энэ талаар надад мэдэх юм байхгүй. Мөн Горхи Тэрэлжийн аман дахь Болор зуслан, Налайхын дулааны станцыг Энхтайваных гэж бичсэн. Болор зуслан өнөөдөр ч гэсэн төрийн өмчийн мэдэлд, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-ийн мэдэлд ажиллаж байгаа. Налайхын дулааны станц ч мөн ялгаагүй инженер техникийн ажилтнууд нь гурван жилийн хугацаатай менежментийн гэрээгээр авч ажиллаад гэрээний хугацаа нь дууссан тул өнөөдөр төрийн өмчийн харъяалалд ажиллаж байгаа. Мөн намайг хурдан морь үнэ цохиж авдаг, УИХ-ын дарга Ц.Нямдоржид хурдан морь бэлэглэсэн гэж бичсэн. Би хурдан морь үнэ цохиж аваад хүнд бэлэглээд байсан юм байхгүй. УИХ-ын даргад морь бэлэглэх нь бүү хэл тэр хүнтэй улсын ажлаас гадуур хөдөө гадаа таарч, уулзаж учирч яваагүй. Тэр хүнийг ч гэсэн гүтгэж байгаа юм биш үү. Гоё халиунаа уралдаж үзээгүй битүү үрээ авч байсан. Олон түмэн мэднэ. Сүүлийн үед улс бүсийн наадамд миний морьд хурдалсан нь үнэн. Тэдгээр чинь миний унаган адуунууд шүү дээ. Хүнийг ингэж хэтэрхий гүтгэж болохгүй. Бусдыг гүтгэн, нэр хүндийг нь гутааж бохир улс төр хийх нь түүнд сайн үр дүн авчрахгүй байх даа. Энэ хүн өөрөө төрийн өмчийн хэд хэдэн объектыг хувьчлал нэрээр үнэгүй авч ашиглан олон тэрбум төгрөгийн хөрөнгө луйвардаад байгааг төрийн өмчийн хороон дээр хангалттай баримтаар ярьж байгаа. Бусдыг дандаа өөр шигээ бодож хар явдалтай гэж ойлгож болохгүй. Энэ гүтгэлэг дайралт манай намын 2008 онд УИХ-д нэр дэвшиж болох хүмүүсийн хэлэлцүүлгээр миний нэр Налайх, Багануур дүүргээс нэгээр гарсанаас хойш маш их идэвхижиж байгаа. Сүүлийн үед энэ нийтлэл гарснаас хойш 99700803 гэсэн утаснаас байнга заналхийлж сүрдүүлж байгаа.

-Та гэр бүлийнхээ компанийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай гэр бүлийн компани 1992 онд Цоглог ХЭАА нэртэй байгуулж байсан, хэд хэдэн салбар нэгжтэй, хуулийн хүрээнд бизнес, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг Цоглог хангай ХХК гэж бий. Ирэх жил байгуулагдсаны 15 жилийн ой болно. Миний эхнэр захирлаар нь ажилладаг. 100 гаруй ажилтантай. Зөвхөн 2000 оноос хойш гэхэд улс, орон нутгийн төсөвт 300-гаад сая төгрөгийн татвар төлсөн. Нийтлэлд дурдсан Ахуй үйлчилгээний комбинатын барилгыг 1995 онд, Хүнс барааны захыг 1998 онд дуудлага худалдаагаар авч байсан. 2000 оноос хойш жил бүр YТЕГ-аас олгодог Найдвартай татвар төлөгч гэрчилгээ, Найдвартай татвар төлөгч хаягтан өргөмжлөлөөр шагнагдсан.
2004-2006 онд миний бие төрийн ажлаас чөлөөлөгдөж нэг хэсэг ажилгүй байх үедээ энэ компанид ажиллаж байсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button