Сайн, эрүүл махыг экспортод гаргана

Махны үйлдвэрлэл хангамж, нөөц бодлогын талаар Махны холбооны тэргүүн С.Дэлэг Дотоодын зах зээлд тогтвортой хангамж нь махны экспортын баталгаат нөхцлийг бүрдүүлнэ сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Манайд махыг голдуу гулуузаар нь экспортолж, тоог гол үзүүлэлт болгодог аж. Харин хэдэн тонн мах экспортолж хэчнээн сая доллар олох нь гол асуудал гэдгийг онцлов. Тиймээс цаашид аль болох өртөг өндөртэй зах зээлд гаргах нь чухал байгааг дурдлаа. Мөн махыг гулууз биш шулж ангилсан эсвэл эвдэж бэлэн болгосон бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаагаа махны холбооны тэргүүн хэллээ. Хурлын зорилго ч үүнд оршиж байсан юм. Мах бол улирлын чанартай худалдаалагддаг. Тиймээс иргэдийг махаар жигд хангана гэсэн ойлголт байхгүй. Нийслэлд маш олон хүн шилжиж ирсэн болохоор махны нөөц хүрэлцэхгүй байгаа аж. Зөвхөн нийслэлийнхний нэг жилийн махны хэрэгцээг хангахад 28 мянган үхэр нядлах хэрэгтэй болдог гэнэ. Тиймээс цаашид өндөр ашиг шимтэй үхэр үржүүлж, эрээс нь таван сайн бух авч бусдыг нь мах бэлтгэлд ашиглаж, харин эмийг нь үржүүлье гэсэн санал гаргаж байлаа.
Хурлын нэг сонирхолтой сэдэв нь Yндэсний дугаарын тусламжтайгаар малчны хотоос хэрэглэгчид хүртэл махыг хянах гэсэн Францын судлаачийн илтгэл байв. Тэрээр монгол малд таван оронтой давтагдашгүй хувийн дугаар өгч, ээмэг зүүе гэлээ. Мөн тухайн малын нутаг буюу аймаг, сум, баг бүр 2 оронтой дугаартай байх аж. Малчид хүртэл тусгай дугаартай байх юм. Ингээд тухайн малын дугаарт ХХААЯ гэрчилгээ олгож, гэрчилгээнд хувийн дугаар, төрсөн он, сар өдрийг тэмдэглэж хянах юм. Хэрвээ тэр малыг нядалвал гэрчилгээнд нядалсан он, сар, өдөр цагийг бичих аж. Ингээд тухайн малын маханд дээр дурдсан тэмдэглээнүүдийг нааж, худалдаалж буй дэлгүүрийн лангуунд танилцуулгыг байрлуулах ажээ. Энэ маягаар эрүүл махаар хэрэглэгчдийг хангах аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button