М.АХМАДИНЕЖАД Израилийн мөхлийг зөгнөв

Иран улс Палестины батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийж буйтай давхцан М.Ахмадинежад ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ удаа үйл явдал хоёрдугаар найруулгаар өрнөв. Иран улс саяхан Палестинд санхүүгийн том тусламж үзүүлсэн. Гадаадад хийж буй анхны айлчлалаараа Тегеранд хүрэлцэн ирсэн Палестины Ерөнхий сайд Исмаил Ханиаг М.Ахмадинежад хүлээн авч уулзахдаа Сионист дэглэм устаж мөхөхийн ирмэг дээр ирээд байна. Палестины ард түмний тэмцэл өдрөөс өдөрт зорилгодоо ойртож байна хэмээн онцолжээ. Түүний үзэж буйгаар, анхнаасаа хиймлээр байгуулагдсан Израиль улс мөхөх тавилантай гэнэ. Израиль бол АНУ, Их Британийн бодлогыг тулган хүлээлгэх, нялзаах зорилгоор байгуулагдсан. Өрнөд түүнийг хэрэглэж байгаа үед оршин тогтсоор байна. Дараа нь мөхнө. Израилийн удирдлага хэзээ ч бие дааж бүс нутагт энх тайванг тогтоож чадахгүй хэмээн Ираны Ерөнхийлөгч хэлжээ.
Ливаны дайны үйл явц Ойрхи Дорнодын сонгомол ардын тэмцэл дандаа амжилтад хүрдэггүй гэдгийг Ахмадинежадад ойлгуулсан юм. Израиль улс армиа өвч зэвсэглэж, Хамас-ын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь Иранд таалагдахгүй байгаа ажээ. Иран улс бүс нутагт нийт арабуудад хамаатай яльгүй давалгаа, хямрал үүсэх бүрт Израилийг заналхийлж байсан. Хэрвээ Ливанд дайн дэгдвэл Сири улс татагдаж орно, улмаар … хэмээн Тегеран тооцоолдог бололтой. Гэвч бүс нутгийн манлайллын төлөө өрсөлдөж байгаа Лалын бүгд найрамдах Иран улс хамгийн бага эрсдэлтэйгээр Израиль улсыг сүрдүүлэх боломжийг Ерөнхийлөгчдөө олгож байгаа. Эс тэгвэл өөрсдөөс нь хэдэн алхам түрүүлж яваа Израиль улсын занганд орох аюултай юм. Тэгэхээр Ахмадинежадын хатуу ширүүн үг Израиль, Палестины сөргөлдөөн дэх тогтвортой байдалтай хамаатай болж байгаа ажээ.
Иран улс НYБ-ын Аюулгүйн зөвлөлийн толгойг дахин эргүүлж чадсан ч цөмийн физикийн салбар дахь судалгаа шинжилгээгээ зогсоогоогүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шалгагчдыг Иранд ирэхийг зөвшөөрсөн ч уран баяжуулах үйл явцаа зогсоогоогүй юм. Кремлийн саналыг сайшаасан ч хамтарсан үйлдвэр байгуулахаас татгалзжээ. Эдүгээ Лалын бүгд найрамдах улсад сионист дэглэмийн эсрэг тэмцэхээс илүү уран баяжуулах, цөмийн реактор барих, эцэст нь цөмийн циклийг эхлүүлэх гэсэн нэн чухал ажил байна. Мэдээж энэ ажлаа явуулахын тулд үе үе Израиль улсын мөхлийг зөгнөн ярьж халхавч хийж байх хэрэгтэй ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button