Бөхийн засуул Х. Пүрэв Бөхчүүд ард түмэндээ биш удирдлагууддаа гомдоод барилдахаа байсан

Сүүлийн үед энэ бөхчүүд нэг л биш ээ хэмээн гайхаж, хэлэх үгээ олж ядмаар олон асуудлууд ар араасаа цувах боллоо. Энэ бухний хажуугаар МҮБХ-ны удирдлага тэргүүнүүдийнх нь хууль, хууль бус гэсэн асуудлууд шүүх цагдаагаар ид гүйж байна. Удирдлага бөхчүүдийн хоорондох хэрүүл нь гарын даа, хөлийн цэц, засуулуудаа ч хөлдөө чирч хоёр хуваагдахад хүрчихээд буйг өнөөдөр нуух хүнгүй болжээ.
Энэ удаад бид Х.Пүрэв засуултай уулзаж яриа дэлгэлээ. Тэрээр 11 дүгээр сарын 26-нд болсон Улс тунхагласны баяраар үзүүр түрүүнд үлдсэн Азжаргал, Мөнгөнцоож нарын барилдааны үеэр барьцыг нь тавиулснаас үзэгчдээс ундааны савны банга хүртээд авсан билээ.

-Таныг МҮБХ Цэцдийн зөвлөлөөсөө хассан гэсэн. Бөхийн холбоо, бөхчүүдийн асуудал нэг л биш болоод байна. Чухам юу болоод байна вэ?

-Бөхийн холбоонд одоо албан ёсны удирдлага байхгүй. Удирдлагын эрхийг нь Р.Нямдорж хууль бусаар авчихаад бөхчүүдийг хооронд нь талцуулж, үзэл бодлоор нь ялгаварлаж олон янзын бусармаг уйлдлүүд хийж байгаагаас болоод үндсэндээ бөхчүүд маань хоёр хуваагдчихаад байна. Миний хувьд бол Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний нэг байсан. Энэ зөвлөлийн гишүүдийг 2002 оны МҮБХ-ны IҮ их хурлаас сонгосон юм. Гэтэл саяхан өөрөө ч мэдээгүй байтал хасчихсан байна лээ. Намайг тийм шалтгаанаар хаслаа гэж хэлээгүй. Би нийтийн тээврийн үйлчилгээний томоохон компани болох Автобус 3-ын дэд захирал хүн. Техник, иргэний хамгаалалтын сургуулилттай үеэр хуралтай гэж утасдахаар нь Очиж чадахгүй нь ээ учир шалтгаан ийм боллоо. Та нар онцгой байдлын нөхдүүдтэй ярих уу гэсэн чинь яриагүй. Цэцдийн зөвлөлөөс хассан шалтгаан нь ердөө л энэ. Тэр хүн өөрөө цэц хуралдуулах эрхтэй хүн биш. Гэхдээ шүүхээс үүнийг нь түдгэлзүүлчихэж л дээ, харалмар.

-Таны мөрөн дээрээс аварга Сүхбат, таны дүү Сумъяабазар гээд нэлээд олон аварга төрсөн. Та ч хүндтэй засуулуудын нэг. МҮБХ яагаад танд хатуурхаад байгаа юм бол?

-Ер нь сүүлийн хэдэн аваргууд бүгд л миний мөрөн дээрээс гарсан. Өсөхбаяр л гэхэд аварга, далай аварга цол нь миний мөрөн дээрээс гарсан. Сүүлийн таван аварга тавуулаа миний мөрөн дээрээс гарсан. Баянаа аварга ч тэр, Мөөеө аварга ч тэр. Б.Бат-Эрдэнэ аварга бол олон жил миний мөрөн дээрээс
түрүүлсэн. Ер нь миний мөрөн дээрээс аварга төрдөг гээд бөхчүүд их дуртай байдаг юм. Сумъябазар өмнө нь дөрвөн жил үзүүрт хүрсэн хүн. Тав дахь дээрээ заавал миний мөрөн дээр ирж аварга болох хувь ерөөлтэй байсан юм байлгүй. Үндэсний бөхийн баруун талын засуул Цогзол ямар сайндаа За нагац ахынх нь мөрийг түшүүлээд бүлээн нөмөрт нь явуулчихъя гэж өөрт нь хэлж байсан. Өмнө нь дөрвөн жил Цогзолын мөрөн дээрээс гараад уначихаар хэцүү л байсан байх. Ер нь наадам болохоор бид чинь их эмээдэг юм шүү дээ.

-Ер нь хэдэн жил бөхийн засуул хийж байна вэ?

-1982 оноос гэдэг чинь 24 жил засуул хийж байгаа юм байна. Яахав дээлээ урахгүй, ноцолдохгүй монгол хүн гэж хаа байх вэ дээ. Спортын бүх төрлүүдээр явсан. Үндэсний бөхөөр ч ноцолдож л байсан. Тэгээд хүнд гэмтэл авсан учраас цааш нь барилдаж чадаагүй. Манайхан чинь ер нь бөхийн удамтай айл шүү дээ. Манай аавын төрсөн ах нь Дэлэг арслан гэж бөх хүн байсан. 1934 онд улс хувьсгалын 13 жилийн ойгоор түрүүлж байсан хүн. Миний аав бас сайхан барилдаж байсан хүн. Хүнд гэмтэл авсан учраас барилдаж чадаагүй юм. Яахав түүний ач, зээ нараас гэвэл Сумъяабазар, Дагваа нар бүгд байна. Эд маань телевизийн дэнж дээр манай гал голомтон дээр өсч, өндийж нохой сургуулийн эндээс уйлах нь уйлж дуулах нь дуулж өссөн. Сайхан өгөөжөө өгсөн газар байгаа юм. Зээ нар маань үе удмаа дагаад барилдаж байна. Миний хувьд бөхөд дуртай болохоор салж чадалгүй гарын даа хийж дараа нь засуул хийсээр өдий хүрлээ дээ.

-А. Сүхбат аваргыг зодог тайлсанаас болж таны бөх засах эрхийг хассан талаар яригдаж байсан?

-А.Сүхбатыг наадмаар хэрхэн барилдаж, зодог тайлсан талаар манай бөх сонирхогчид мэдэж байгаа байх. Сүхбат зодог тайлахдаа малгайгаа надад бариулчихаад тугнаасаа адис аваад эргэхдээ хормойгоо дэвсээд дэвжээнээсээ адис авах гээд суучихсан байхгүй юу. Би тэр үед үнэхээр хүнд байдалд орсон. Залуу сайн бөх, аварга гэдэг утгаараа зодог тайлж байна гэж бодохоор үнэхээр харамссан. Гэтэл Бөхийн холбоо намайг хүчээр зодог тайлуулчихсан юм шиг шахалт үзүүлсэн. Сүүлд долдугаар сарын 16-ны хурал дээр над руу дайраад байхаар нь би хэлсэн Яагаад та нар надтай хариуцлага тооцох гээд байгаа юм. Тэр хүнтэй өөртэй нь ярь л даа. Би ямар зодог тайл гэж хэлсэн биш. Тэр талбай дээр байгаа наадамчин олны өмнө би чангаацалдаад, ноцолдоод байлтай нь биш. Гэхдээ болиулах гээд ханцуйнаас нь татаад, Сүхбат цааш нь чангаагаад байхыг та нар бодвол харсан л байх. Эцсийн эцэстта нарын булхайтай үйл ажиллагаа, үзэл бодлоос чинь болж Монголын ард түмэн нэг сайхан бөхөө алдаж байгаа юм шүү гэж хэлсэн. Зодог тайлна, тайлахгүй гэдэг чинь хүний эрхийн асуудал шүү дээ. Тэгээд сүүлд нь Хэрлэнгийн Хөдөө аралд болсон наадмын бөхийн засуулуудыг томилохдоо намайг комиссоос хассан байгаа юм. Тэр нь сонин хэвлэлээр Далай аварга А.Сүхбатыг зодог тайлуулсаных нь төлөө Х.Пүрвээг Хэрлэнгийн Хөдөө арлын наадмын комиссоос хаслаа гэж гарсан байсан. Сүүлд нь би Р.Нямдоржтой уулзаж Та миний эрхийг хасах эрх байхгүй шүү гэдгийг хэлсэн. Яахав түүнээс хойш өдий хүртэл бөх засуулаад явж л байна. Одоо надаас бол ямар нэгэн далим хайгаад байгаа байх.

-Сая Улс тунхагласны баяраар Мөнгөнцоож, Азжаргал хоёр үзүүр түрүүнд улдсэн. Та Мөнгөнцоожийн барьцыг тавиулчих шиг харагдсан. Үүнээс болж үзэгчид бусад засуулууд ч их бухимдацгааж байсан?

-Барьц тавиулах биш юм байгаа юм. Та нар сайн хараарай. Үүнээс болоод хэвлэлээр намайг янз янзаар бичсэн. Тэгэхдээ аварга Сумъяабазарын нагац ах гэж байгаад бичсэн. Намайг хэрэг хийсэн байхад миний өмнөөс Сумъяа шоронд орохгүй биз дээ. Ер нь миний хийсэн алдааг Сумъяабазар дээр тохох хэрэггүй л байхгүй юу. Би алдаа хийсэн бол надтай л холбож ярь л даа.

-Сэнжнийх нь барьцнаас барьж авснаа алдаад далбаанаас нь барьчихаж байгаа харагдсан. Тэгэхээр хэний буруу болж таарав аа?

-Та нар бөхийн холбооны дүрмийг үз. Барьцаа бариад нэгэнт алдсан бол үргэлжлүүлж барьж болохгүй гэж дүрмэндээ заачихсан байгаа. Унасан хаяснаа мэддэггүй бөх хүн гэж байдаггүйтэй адил барьцаа тавьсанаа мэддэггүй бөх гэж байдаггүй юм. Нэгэнт тэр хүнийг барьцнаасаа гарчихсан байхад би ахиад үргэлжлүүлээд далбааных нь араас бариулна гэж байх уу. Хэрвээ тэр алдаж болно, алдаад барьц нь тавигдаагүй байхад үргэлжлүулж байхад өөрсдөө тэд чинь үгүй гэж зүтгэж байсан улс. Тиймээс энэ бол миний алдаа биш. Холбооных нь дүрмийн алдаа учраас би дүрмээр нь явсан. Улсууд их бухимдаж байсан л даа. Бөхийн холбооны дүрмийг удирдлагууд нь олон түмэнд тайлбарлаж таниулаагүй л байхгүй юу. Аргагүй шүү дээ, өөрсдөө хууль бус юм чинь энийгээ тайлбарлаад таниулах боломжгүй. Хэрвээ энэ дүрмийг ойлгуулбал сурвалжлагч та нар ч мэдлэгтэй болно. Үзэгч олон маань ч тэр сайхан бөхийн дэвжээ рүүгээ хог новш, ундааны сав чулуудахгүй шүү дээ. Ноднин Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлэхэд үзэгчид худлаа барилдлаа гэж бухимдаад ундаатай устай саваа чулуудахад би цохиулаад мөрөндөө гэмтэл авч л байсан. Ер нь бөхийн холбооны удирдлагууд ийм байдлаа үнэн бодитойгоор учрыг нь тайлбарлаад үнэнээр ярих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ монгол бөх ийм маягаар явбал удахгүй устаж мэдэхээр байна.

Өглөөний сонин 235 /513/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button