Хамгаалалтын албанд хяналт шалгалт хэрэгтэй байна !!!

Анх төр, засгийн томчууд эсвэл том одууд л бие хамгаалагчтай байдаг гэсэн ойлголт одоо нэгэнт үгүй болжээ. Өнөөдөр мөнгөтэй эрх мэдэлтэй хэн ч байлаа гэсэн хамгаалагчтай байх нь зүйн хэрэг болж.
Өнөөдөр бид аюул занал дунд амьдарч байна. Хүний санаанд ормооргүй дээрэм, хулгай, аллага өдөр бүр гарч байна. Ийм ороо бусгай үед ямар ч хүн албан байгууллага болон өөрсдийгөө аюул ослоос хамгаалуулахыг хүснэ шүү дээ. Иймээс харуул хамгаалалт гэх нэр томъёо амьдрал дээр эрэлттэй хэрэглээ болж, биеллээ олж байна. Өнөөгийн нийгмийн шаардлагаар зүй ёсоор гарч ирсэн, байх ч ёстой зүйл гэнэ.
Өнөөдөр мэргэжлийн харуул хамгаалалтгүй газар гэж үгүй болж удахгүй хамгаалагчгүй хүн гэж үгүй болох нь ээ.
Эхэндээ 18-25 насны, 170 см-аас дээш өндөртэй залуусыг харуул хамгаалалтын ажилд сургаж авна гэсэн зар гаргадаг байсан бол одоо бол зүгээр л *Хамгаалалтын албанд залуусыг ажилд авна* гэдэг болжээ. Өөрөөр хэлбэл хамгаалагч болоход хамгаалалтын албанд ажилд ороход нас боловсрол мэдлэг бие бялдар ч хамаарахгүй болсон бололтой. Хэн ажилд орно гээд ирнэ түүнийг л авч байдаг газар болсон гэнэ. Бас энд ажилладаг залуус нэг хамгаалалтын албанаас нөгөөрүү байнга шилжин явдаг хамгийн тогтвор суурьшилгүй ажилчид болжээ. Энэ байдал нь ажлын орчин, цалин хангамжаас ихэвчлэн шалтгаалаад ийм байдаг бөгөөд заримдаа нэг газар алдаа дутагдал гаргаж хариуцлага алдсанаасаа болдог гэх. Гэвч тэднийг ажилд авах газар мундахгүй их. Нааш ир нааш ир гэж далласаар.

Энэ юунаас болов? Хамгаалалтын алба өнөөдөр борооны дараах мөөг шиг олширчээ. Энэхүү бизнес нь ч овоо ашиг орлоготой байдаг юм байх. Гадна дотны хэн ч бай түүн дундаа ихэнхдээ л шүүх цагдаад ажиллаж байсан манай хүмүүс хамгаалалтын алба гээчийг хялбархан байгуулчихдаг аж.
Сүртэй сайхан нэр бодож олоод, зөвшөөрөл авлаа , хэдэн байгууллагуудтай хамгаалалтыг нь хариуцан хийх гэрээ хийлээ, ажилд авах зар өглөө гүйцээ.
Ингээд л ирсэн өндөр нам өргөн бүдүүн эрүүл эрүүл бус элдэв зуршилтай есөн шидийн залуусыг цуглуулаад л шууд л нөгөө *түүхий* нөхдийгөө хамгаалагч хэмээн нэрлээд л обьектруу илгээнэ.
Нөгөө байгууллага нь болохоор *бат бөх бамбай цайз илд сэлэм хаан баатар мэт* хамгаалалтын албаар хамгаалуулсан одоо аюулгүй боллоо амар сайхан жаргана хэмээн сэтгэл амарна… !!!
Гэвч үнэндээ ямаршуухан өнгө зүстэй хэн гээчээр хамгаалуулж эд хөрөнгөө мануулж байгаагаа мэдэхгүй. Энэ бол маш эргэлзээтэй.

Үнэндээ ихэнх хамгаалалтын албадын хувьд ажилд орьё гээд л ирсэн хэнийг ч хамаагүй шууд л ажилд шалгаруулахгүйгээр авдаг, тэднийг хувцас хэрэгсэлээр хангах тал дээр дутмаг зарим нь бүр юу байдаггүй өгдөггүй хангадаггүй, хамгаалагч ажилтан нараа сургалт зөвлөгөөнд хамруулдаггүй зэрэг наад захын байх ёстой шалгуур байдаггүй, түүгээр хангадаггүй байх нь элбэг болжээ.
Хүний амь нас эрүүл мэнд байгууллагын эд хөрөнгө ирээдүй аюулгүй байдлыг харж хамгаалж байх энэ өндөр хариуцлагатай ажил алба ингэж доод төвшинд хүрсэн нь харамсалтай.
Энд хариуцлага гэж зүйл үнэндээ бүрхэг гэж болно. Угаасаа дотоод журам тогтолцоо нь нэг л буруу байдаг гэх.
Тэгэхээр энэ олон сүртэй нэртэй хулхи болсон Хамгаалалтын албадад хяналт шалгалт хийж нэг мөр болгох цаг хэдийн болжээ.
Энд хувь хүн албан байгууллагууд ч гэсэн шүүмжлэлтэй хандаж шаардлага тавьж байхгүй бол та хэнд итгэж хэнээр эд хөрөнгөө амь нас амьдралаа даатган харуулж хамгаалуулж байгаа чинь эргэлзээтэй итгэхэд бэрх байна шүү өнөөдөр.
Хаанаасаа хаалгач нь гэдэгчлэн энэ мэт асуудалд анхаарал хандуулахгүй бол ХЗХ-ын дампуурал гэдэг шиг л Хамгаалалтын албадын дампуурал гээд баахан байгууллага хүмүүсийг хохироосон зүйл гарах вйи дээ.
Гэхдээ энд бүгд биш зарим нэг Хамгаалалтын албад ийнхүү учир дутагдалтай халтуурдаж ажилладаг тухай нэр дурдалгүй *нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино* гэдэгчлэн өгүүллээ.
Хамгаалалтын албадад хяналт шалгалт хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна!

/Болод.м/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button