2010 оны дэлхийн аваргад Монгол улс нэр дэвшлээ

– Монгол улс энэ тэмцээнийг хүлээн авахаар нэрээ дэвшүүлээд байгаа талаар тодоруулан ярина уу ?
Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2010 оны тэмцээнүүдийг хүлээн авах орнуудын хүсэлт, нэрээ дэвшүүлж болох талаар саяхан FISU – гээс манай байгууллагад мэдэгдсний дагуу бид холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай ярилцсны үндсэн дээр энэ тэмцээнийг Монгол оронд зохион байгуулж болох юм гэж үзсэн. Тэгээд энэ хүсэлтээ олон улсын байгууллагад гаргасан.
Энэхүү тэмцээний эрхийг авахын тулд Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын 2002 онд гаргасан 24/19 тоот тушаалын дагуу зохих нөхцөл, болзолыг хангаж, Засгийн газрын зөвшөөрлийг урдчилан авдаг учиртай юм. Хэрэв энэ зөвшөөрлийг авахгүй бол тухайн жилийн улсын төсөвт хөрөнгө, мөнгө тусдаггүй хүндрэл учирдаг юм.
Иймээс бид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Н. Баяртсайхан нартай уулзан боксын оюутны дэлхийн аваргын тэмцээнийг 2010 онд Монголд зохион байгуулах хүсэлтээ гаргасныг дэмжин шийдвэрлэж өгсөнд бид баяртай байгаа. Энэхүү тэмцээнийг авахад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Монголын боксын холбооны удирдлага дэмжин хүлээн авч хамтран зохион байгуулахаа мэдэгдсэн.
– Тэмцээний эрхийг хэзээ олгон, шийдвэрлэх вэ?
Тэмцээний эрхийг Дэлхийн оюутны спортын өвлийн XX дугаар Универсиад наадам болох үеэр 2007 оны 1 сарын 14-16 ны өдрүүдэд Итали улсын Турин хотноо болох Олон Улсын Оюутны Спортын Холбооны /FISU/ Гүйцэтгэх Хорооны ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Нэр дэвшсэн орнуудын танилцуулга, хүсэлт, нөхцөлийг судлан үзэж ярилцаж байгаад шийддэг. Бид илтгэл тавьж хэлэлцүүлнэ, видео кино бэлтгэсэн байгаа. Одоогоор хэдэн орон нэрээ дэвшүүлээд байгаа талаар бидэнд мэдээлэл алга байна. Ер нь дэлхийн аваргын тэмцээний эрхийг 3 жилийн өмнө өгч бэлтгэл ажилд нь оруулдаг онцлоготой.
Бидэнд энэхүү тэмцээний эрхийг авах ихээхэн бололцоо бий. Юуны түрүүнд энэхүү асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг эрх бүхий 23 гишүүний нэг нь Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Оюутны Спортын Холбооны Гүйцэтгэх Хорооны Гишүүн Д.Баясгалан ажилладаг юм.
Мөн манай оронд 2002 онд шатрын, 2006 онд Бөхийн сонгомол болон чөлөөт барилдааны төрлөөр оюутны дэлхийн авараг шалгаруулах тэмцээнүүдийг амжилттай явуулж, Монгол улсын нэр хүнд олон улсын байгууллагын түвшинд өндөр байгаа, энэ төрлийн тэмцээнд манай оюутан тамирчид сайхан амжилт үзүүлж байгаа, манай холбооны олон улсын байгууллага дах идэвхтэй үйл ажиллагаа зэрэг олон талын эерэг хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын санхүү, зохион байгуулалтын хүчтэй дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байх. Энэ тэмцээнийг хүлээн авах тухай Нийслэлийн Засаг дарга, Монголын Боксын холбооны хүсэлт ч чухал үүрэгтэй. Бид энэ тэмцээний эрх авах бичиг баримтыг боловсруулан явуулахад цаад талаасаа шаардсан англи, франц хэл дээр 100 орчим хуудас материалыг бүрдүүлэн бэлтгэж өгсөн.
Нэрээ дэвшүүлсэн улсууд танилцуулгаа хийсний дараа тус хурлаас гишүүдийн олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Тэгээд FISU энэхүү тэмцээний эрх олгосон батламж бичгийг тухайн эрх авсан орны Засгийн газарт ирүүлдэг юм.
-Боксын тэмцээн хаана болох вэ, ямар түвшинд явагдах бол?
Энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотноо шинээр баригдаж 2008 онд ашиглалтанд оруулах 6000 хүний суудалтай Спортын шинэ ордондоо хүлээн авч явуулахаар төлөвлөж, мэдээллээ олон улсын байгууллагад явуулж байна. Танхимд нэгэн зэрэг 2 боксын ринг байрлуулах учиртай. Гадаадын тамирчдыг Баянгол зочид буудалд байрлуулахаар төлөвлөсөн. Шинэ ордон маань тамирчдын жин үзэх өрөө, эмнэлэг, допингийн үйлчилгээ, бие халаалтын өрөө, хэвлэлийн болон техникийн зөвлөгөөн хийх танхим, хувцас солих өрөө зэрэг нь нэг дор байх учир олон улсын стандартад тохирч байгаа.
Мэдээж хэрэг тэмцээний эрхийг авсны дараа ажлууд эхлэдэг. Бидэнд өмнөх 2 тэмцээнийг хүлээн авч зохион байгуулсан сайхан туршлага байна. Юуны түрүүнд Монгол улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Зохион байгуулах хороогоо байгуулах, улсын төсөвт суулгах зардлын тооцоог гаргах, сурталчилгааны ажил явуулах, гишүүн орнуудтай байнгын холбоотой ажиллах, FISU зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах, удирдлагын чиглэлээр хамтран ажиллах, Олон улсын боксын холбоо/ ОУБХ/- той хамтран шүүлт , зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, гишүүн орны холбоодод байнгын мэдээлэл хүргэх, харилцан мэдээлэл солилцох, өндөр зэрэглэлийн шүүгчдийг урьж ажиллуулах, оролцох монголын тамирчидыг бэлтгэх, дэмжих зэрэг олон талт ажлыг төлөвлөгөө гарган хийх ёстой.
Тэмцээнийг олон улсын стандартад тохирсон, өндөр зэрэглэлийн үзүүштэй сайхан тэмцээн болно гэж бид үзэж байгаа.
– Энэ тэмцээний тухай манай уншигчидад танилцуулна уу?
-Оюутны дэлхийн аваргын анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Станбул хотноо зохиогдсон бол удаах нь 2006 онд Казакстаны Алмата хотноо болсон. 2008 онд Украйны Донецк хотноо болно.
Олон улсын боксын холбооны техникийн дүрмийн дагуу зохиогдож эрэгтэй тамирчид арван хоёр жингээр хувийн дүнгээр өрсөлддөг. Тэмцээн нь долоон өдөр үргэлжилнэ. ОУОСХ-ний дүрмээр нэг улсаас 12 тамирчин оролцно. Үүнд – 48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, 91кг, -97 кг, 97 жинд болон багт дөрвөн албаны хүн оролцохыг зөвшөөрдөг.
Тэмцээнд 18-28 насны өдрийн ангийн оюутан хүн орох журамтай.
Тэмцээнд таван тивийн олон арван залуу шилдэг тамирчид улс бүрээс шалгаран оролцдог, ойролцоогоор дэлхийн 20 гаруй орны 200 орчим төлөөлөгчид өмнөх жилүүдэд оролцож иржээ. Бидний судалгаагаар 30 гаруй орны 250 гаруй тамирчидыг оруулах бололцоотой юм билээ. Хоёр олон улсын байгуулллагын гишүүн орнуудтай эртнээс сайн ажиллах л хэрэгтэй шүү. Өнгөрсөн 2 удаагийн тэмцээнүүдэд ОХУ, Куба, Казакстан, Турк зэрэг улсын залуу тамирчид амжилттай оролцож бүрэлдэхүүндээ олимп, дэлхийн аваргын медальтнуудаас бүрдсэн хүчтэй багтай ирж оролцдог юм билээ.
Тэмцээнийг ОУОСХ-ны ерөнхийлөгчийн томилсон Гүйцэтгэх хорооны гишүүн удирдаж, энэ Холбооны ДАШТэмцээн хариуцсан ажилтан, техникийн, мандатын, эмнэлгийн комиссын нийт таван хүн, Олон улсын боксын холбооны 4 төлөөлөгч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан явуулдаг. Мөн улс бүрээс 4 оос дээш тамирчинтай бол нэгээс дээш олон улсын зэрэгтэй шүүгчдийг авч ирдэг.
-Өмнө нь Монголд боксын төрлөөр ямар тэмцээнүүд болж байсан вэ, бидэнд энэ талын туршлага байна уу?
– Монгол улс олон улсын спортын тавцанд боксоор өндөр амжилт үзүүлдэг орон гэж үнэлэгддэг бөгөөд олимпийн спортын үндсэн хөтөлбөрт ордог энэ төрлийн дэлхийн хэмжээний анхны тэмцээнийг өөрийн оронд явуулахаараа чухал онцлоготой болж байгаа юм.
Манай оронд боксын олон улсын тэмцээн /Интернационал-*Нөхөрлөл нэрээр/ зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ спортын тэмцээнийг явуулах материаллаг нөхцөл бололцоо бүрдсэн ба хүлээн авч зохион байгуулах туршлага, боловсон хүчний чадавхитай мэргэжилтэнүүдтэй бөгөөд боксын олон улсын 6 шүүгчтэй юм. Олон улсын шүүгч С. Баясгалан сүүлийн олимп, дэлхийн аваргын тэмцээнд шилдэг шүүгчээр шалгаран оролцож байгаа шилдэг, туршлагатай хүн.
-Манай оюутан тамирчид урьдах тэмцээнүүдэд ямар амжилттай оролцож байсан вэ?
-Монголын оюутан боксдын төлөөлөгчид Казакстанд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2006 оны тэмцээнд /Х.Ганхуяг/ алтан медаль, Э. Мөнхэрдэнэ хүрэл медаль авч спортын өндөр амжилт үзүүлж байсан.
-Тэмцээний зохиосны ач холбогдол юу вэ?
-Монгол улсад энэ тэмцээн зохион байгуулагдснаар манай улсыг дэлхийн тавцанд таниулан сурталчилах, олон орны нэр хүндтэй шилдэг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх бололцоог олгох, манайхан ур чадвараа сайжруулах таатай нөхцөл бүрдүүлэх төдийгүй 2012 оны Лондонгийн Олимпд бэлтгэх томоохон сорилт болох юм.
Түүнчлэн тамирчидынхаа амжилтыг эх орныхоо дэвжээн дээр сорин өмнөх амжилтаа ахиулах боломжтой, туршлага суулгах төдийгүй боксын багш, дасгалжуулагч, мэргэжилтэнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үзэгчид болон спорт сонирхогчиддоо дэлхийн шилдэг тамирчдын уран тоглолтыг үзүүлэх, өсвөрийн залуу үеийнхэнийг спортод дур сонирхолтой болгон хүмүүжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ж.Алт
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button