Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцож байна

Сайд нарын уулзалтын хүрээнд манай төлөөлөгчид 12 дугаар сарын 3-нд Азийн түнш орнуудын бүлэг болон ЕАБХАБ-ын хуучин, одоо, ирээдүйн 3 дарга нарын Азийн түнш орнуудтай хийсэн уулзалтуудад оролцож, Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграчлалд үр дүнтэй оролцох сонирхолтой байдаг бөгөөд ЕАБХАБ-тай ч мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглээд 2007 оны 6 дугаар сард ЕАБХАБ-тай хамтран олон улсын бага хурал зохион байгуулахаар шийдвэрлэснийг мэдээлэв. Манай улсын энэ шийдвэрийг уулзалтад оролцогсод сайшаан дэмжиж Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ. 2007 оны бага хурал нь ЕАБХАБ, Азийн түнш орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс орнуудын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлаарх яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд цаг үеэ олсон үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа тэд тэмдэглэж, бага хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Сайд нарын зөвлөлийн уулзалтыг жил бүрийн 12 дугаар сард ЕАБХАБ-ыг тухайн жил даргалж буй орны нийслэлд зохион байгуулдаг уламжлалтай ба 2006 онд Бельгийн Вант улс ЕАБХАБ-ыг даргалж байгаа болно.

Сайд нарын зөвлөлийн 14 дүгээр уулзалтаар ЕАБХАБ-аас тавьж буй зорилтуудын хэрэгжилтийн явц, 2006 оны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашдын хамтын ажиллагааны зорилтоо тодорхойлох юм. Уулзалтаар бүс нутаг дахь улс төр, аюулгүй байдал, хүний эрх, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, шинээр тулгарч буй бэрхшээлүүд зэрэг асуудлаар холбогдох 20 гаруй шийдвэрийг гаргах юм.
Манай улс 2004 онд ЕАБХАБ-тай хамтран ажиллах Түнш орны статустай болсон. Тус байгууллагатай хүний эрх, ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өрнүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бришамбу өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсад айлчилсан болно.
2006 оны 12 дугаар сар 4

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button