АСГАТЫН мөнгөний ордыг мөнгөний бялуу болгов

Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Шийрэвдамбыг томилсон юм. Гэнэтхэн, бас нууцхан хийсэн хуралдааны гол зорилго нь зөвхөн дээрх томилгоо байсангүй. Эрх баригчдьш нууцалсан мэдээллийг энд тодорхой болгоө.

Засгийн газрын гишүүд Баян-Өлгий аймгийн нутагт байдаг Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн байна. Уг ордыг Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэл эзэмшиж байгаад төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс лицензээ хураалгаад байсан юм. Одоо мөрдөж байгаа хуулиар бол уг ордын лиценз саналаа өгсөн дараагийн аж ахуйн нэгжид шууд очих учиртай. Монголын топ аж ахуйн нэгж гэгддэг Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийн төлбөрт 36-хан ам.доллар төлөхөөс луу унжиж, лицензээ алдахаас огтхон ч айхгүй байсан нь араасаа олон хар дагуулдаг. Асгатын мөнгөний орд бол арвин их нөөцтэй, Орос, Монгол хоёр орны хилийн зурваст оршдог.

Олборлолт явуулахын тулд уул уурхайн нарийн технологи, орчин үеийн тоног төхөөрөмж шаардагдах тул монголчуудаас илүү оросууд их сонирхдог. Баялгаа дэмий л харж суухаар бусадтай хуваагаад ч болтугай ашиглая гэсэн бодолтой хүмүүст уг ордын лиценз Монголросцветмет нэгдлийн эзэмшилд байх нь ашигтай байв. Гэхдээ уг ордыг оросуудын нөлөөнөөс ангид байлгах сонирхолтой хэсэг бүлэг байсан нь ч нууц биш. Ийм сонирхолтой хүмүүс лицензийн төлбөрөөс 36 ам.доллар сох дутаах замаар тэрүүхэн тэндээ бойкот зарласан байхыг үгүйсгэх аргагүй. Асгатын мөнгөний ордын 278А дугаарын эзэмших эрхийн лицензийг алдах нь монголчуудаас илүү оросуудад хохиролтой. Харсаар байгаад халаас руугаа орох сая сая долларыг алдсан оросууд уурлажээ. Яг энэ үетэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал давхцав. Монголчууд сандрав. Тэгэхдээ Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж Асгатын мөнгөний ордын лицензийг Орос, Монголын хамтарсан Монголросцветмет нэгдлийн мэдэлд буцаан олгожээ.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд, Монголросцветмет нэгдлийн эзэмшиж байсан Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаа, хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд хохирол учруулж болзошгүй байдалд хүргэсэн гэм буруутай албан тушаалтанд арга хэмжээ авахыг ТӨХ-ны даргад даалгасугай гэжээ. Энэ шийдвэр гарсны нөгөөдөр нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлахаар мордлоо. Төрийн тэргүүний хойд хөршид хийж буй айлчлалын үеэр Монголросцветмет нэгдлийн асуудал хөндөгдөнө. Ерөнхийлөгч оросуудын өмнө нүүр бардам зогсох байх. Гэхдээ энэ ордын хувь заяа, баялгийн ашиглалтад оросууд дахин нөлөөгөө тогтоож чадлаа. Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний орд төрийн тэргүүний хөршдөө барьж очсон амтат бялуу нь боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button