Төмөр замынхан Д. Сайханцэцэгийг 100 гаруй сая төгрөгөөр эрхлүүлжээ

Хангай зөрлөгт хоёр зүтгүүрийн вагон мөргөлдөж, хэд хэдэн хүний амь үрэгдсэн. Энэ тухайд зарим мэргэжилтнүүд бялт хэмээх тэсрэх зүйлийг тавиагүйгээс дээрх осол болсон, энэ бялтыг авах мөнгө төмөр замын байгууллагад бий гэж мэдэгдэж байсан. Үнэхээр ч доорхи баримтаас харвал төмөр замынхан нэлээд мөнгөтэй бололтой. Энэ вант улсынхан нэгэн ажилтнаа хэрхэн эрхлүүлсэн тухай баримт түшин дурдъя.
УБТЗ-ын дарга асан Магдей В.В 2006 оны есдүгээр сарын 05-ны өдөр А-229 тоот тушаал гаргаж, УБТЗ-ын Санхүүгийн албаны дарга Д.Сайханцэцэгт гурван өрөө байр худалдан авч өгөхийг Барилга орон сууцны албаны дарга Ж.Ганбаатарт даалгасан тухай хэвлэлүүдээр мэдээлэгдсэн. Энэ талаарх баримт буюу тушаалыг манай сонин эх хувиар нь нийтэлж байна. Хамгийн сонирхолтой нь уг баримтад гэрээ байгуулсан талууд гарын үсэг зурахад Д.Сайханцэцэг мутраа хайрласан байгаа юм. Өөрөөр хэлбэл өөртөө байр өгөх баримтад өөрөө гарын үсэг зуржээ.

Тухайлбал, тухайн үед алба хашиж байсан Нз-1 буюу УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга, НГ буюу УБТЗын ерөнхий инженер, НК буюу УБТЗ-ын Боловсон хүчний албаны дарга, НН буюу УБТЗ-ын Төлөвлөгөө, эдийн засгийн албаны дарга, НФ буюу УБТЗ-ын Санхүүгийн албаны дарга /Сайханцэцэг өөрөө /, НЗпб буюу УБТЗ-ын орлогч даргын гарын үсэг байгаа юм.
Гэтэл Д.Сайханцэцэг замын даргын тушаалыг зөрчин уг байраа дээрх тушаалд заагаагүй байхад нэмж таван өрөө болгон томсгосны зөрүү мөнгийг төмөр замаас гаргуулсан сураг ч байна. Харин дээрх гурван өрөө байрны мөнгийг Төмөр замаас гарган нийт 76 мянган доллар төлүүлсэн баримтыг нийтлэв. Тушаалд зааснаар Д.Сайханцэцэгт гурван өрөө байр авч өгөөд мөнгийг нь төмөр замынхан төлөхөөр шийдвэрлэсэн байгаа юм. Тэрээр таван өрөө болгон томсгосон байрандаа хэчнээн төгрөг нэмсэн нь тодорхойгүй.

Д.Сайханцэцэг нь 1997 онд УБТЗ-ын Санхүүгийн албанд балансын нягтлан бодогчоор ажиллаж байгаад тодорхойгүй шалтгааны улмаас ажлаасаа гарчээ. Дараа нь олон улсын тээвэр зуучийн Монгол транс компанид ажиллаж байхдаа мөнгө төгрөгийн асуудалд холбогдсоны улмаас цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан ч УБТЗ-д Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдсон гэж баттай эх сурвалж ярьж байсан юм. Түүнийг төмөр замчдад олгодог бараг бүх шагналыг богино хугацаанд авсан тухай ажилчид нь ярьдаг юм билээ. Тэдгээр шагналыг төмөр замд насаараа зүтгээд ч авч чадаагүй гэж ярьж буй хүмүүстэй олон тааралдаж байсан. Тухайлбал, 2005.01.27-нд Тэргүүний төмөр замчин тэмдэг, 800 мянган төгрөг, 2005.03.30-нд Нягтлан бодох бүртгэлийн зардлын шинэчилсэн зүйл ангийн хувилбарын төсөл-ийг боловсруулахад идэвх зүтгэлтэй ажилласан гэж нэг сарын цалин, 2005.05.05-нд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт өргөмжлөл, нэг зуун мянган төгрөг, 2005.5.10-нд ТЗ-ын 2004 оны санхүүгийн тайлан тэнцэлд зөвлөх үйлчилгээтэй холбоотой тендер-ийн бичиг баримтыг бэлтгэсэн гэж 300 мянган төгрөг, 2005.8.10-нд ТЗ-ын тээврийн үндсэн үйл ажиллагааны зүйл ангийг монгол хэлнээ хөрвүүлж, бэлэн болгоход идэвх зүтгэл гарган ажилласан гэж тавин мянган төгрөг, 2006.01.25-нд Хүндэт төмөр замчин цол тэмдэг, нэг зуун мянган төгрөг, 2006.01.27-нд 800 мянган төгрөгөөр шагнуулж байжээ.

Үүнээс гадна тэрээр гар утасныхаа ярианы төлбөрийн лимитээс хэтэрсэн мөнгө, тэр ч байтугай биеэ эмчлүүлэхэд зориулж 134650 төгрөгийг ч тэднийхээс гаргуулсан байна. Мөн 31.6 сая төгрөгийн маягт хийлгэн аж ахуйн нэгжүүдэд шахсан байсан хэргээр УБТЗ-ын цагдаад шалгагдаж байсан, өөрийн эрдмийн ажлын удирдагч гэх хүнээ ОХУ-аас авчирч, байгууллагынхаа зардлаар байрлуулан бэлэг сэлт өгсөн гэхчлэн дэлгэвэл баримт нэлээд байна.
Монголын төмөр замд гарч буй дээрх хариуцлагагүй байдлууд болон төмөр замчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашиг зөрчигдөж байгааг эсэргүүцсэнтэй холбоотойгоор тус газрын ҮЭ-ийн хороодын дарга нарт ил, далд дарамт шахалт ирэх болжээ. Иймд саяхан хуралдсан УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах хорооны гишүүдэд үүнийгээ даруй зогсоон шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай уриалгыг хүргүүлсэн гэнэ.

Тус ҮЭ-ийн хорооныхон өнгөрсөн тавдугаар сард цуглаан зохион байгуулж, дээрх асуудлын талаар Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Монгол-Оросын хувь нийлүүсэн УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Ч.Ганзориг нарт шаардлага хүргүүлж байсан байна.

Ардын эрх сонин 236 /514/
С. Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button