С.Мандах Төсвийн төсөлд барилгын хөрөнгө оруулалт бараг мартагджээ

Барилгын салбарын хөрөнгө оруулалт санаанд хүрсэнгүй
Эдийн засаг судлаач С.МАНДАХ

-2007 оны төсвийн төсөлд төсвөөс гаргах хөрөнгө оруулалтын асуудлыг авч үзэхэд юуны өмнө Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 40-өөд тэрбум төгрөгийг нэмж оруулахаар төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулалтын абсолют буюу динамик өсөлтийг харах юм бол өнгөрсөн хоёр жилээс харьцангүй өсөлттэй харагдаж байгаа юм. Энд онцолж нэг зүйлийг хэлэхэд барилгын салбар дахь хөрөнгө оруулалтын зарцуулалтын ихэнх нь барилгын үйлдвэрлэл, тодруулбал барилгын материалын үйлдвэрлэл, үндэсний барилгын байгууллагын техник технологийг шинэчлэх асуудалд зарцуулагдахаар байна. Хөрөнгө оруулалтын үр ашигт ч шууд нөлөөлөхөөр байгаа. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл буюу санхүүжилтийн эх үүсвэрийг хангах явдал чухал. Гэтэл барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалт бараг тусаагүй байна. Яагаад барилгын материалын үйлдвэрлэл, үндэсний барилгын салбарыг онцолж яриад байна вэ гэвэл, өнөөдөр улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгө оруулалтын ихэнх нь гадагшаа урсч гарч байна. Барилга угсралтын ажлын нийт өртгийн 60 хувийг барилгын материал эзэлдэг юм. Түүний 60-80 хувийг манайх гаднаас импортоор авдаг. Барилгын машин механизм, түүний шатах тослох материалыг гаднаас авч байна. Ингээд үзэхээр тухайн барилга обьектыг барих явцад бэлэн мөнгө гадагш урсч байна гэсэн үг. Энэ урсгалыг тодорхой хэмжээгээр саармагжуулахын тулд барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх нь бодит шаардлага болоод байна.
Барилгын салбарын мэргэжилтэй боловсон хүчний хомсдол их байна. Өнөөдөр барилга дээр ажиллаж байгаа ажилчдын бараг 60 хувь нь гадаадын буюу хятад хүмүүс байна гэсэн судалгааны тоо байгаа.

-УИХ-ын чуулган дээр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар яригдаж байсан. Энэ нь барилгын салбарт ч хамаатай юу?
-УИХ-ын нэгдсэн чуулган дээр албан ёсоор мэдэгдсэн, оны эхний арван сарын байдлаар хөрөнгө оруулалтын хэрэгжилт 50 гаруй хувьтай байна гэж. Энэ нь барилгын салбартай шууд холбоотой. Яагаад гэхээр барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн явц, гүйцэтгэлийн хооронд урт хугацааны зөрөө гарчихдаг учраас тухайн барилга обьект он дамждаг явдал цөөнгүй бий.

-Ирэх жилийн хувьд аль салбарт хөрөнгө оруулалт түлхүү төсөвлөгдөж байна вэ?
-Жил жилийн төсвөөс ажиглахад түлш эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү төлөвлөгдөж зарцуулагддаг. Ирэх жил гэхэд түлш эрчим хүчний салбарт 43 тэрбум, авто замд 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөж байна. Миний бодлоор манай орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгож болох барилгын салбар дахь хөрөнгө оруулалт дэндүү бүрхэг тусгагдлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button