Манай Засгийн газар Москва руу нүүжээ

Тус танхим 18 сайдтай. Тэдний долоо нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан Москваг зорьжээ. Зүүн гурван аймагт ажиллаж буй Ерөнхий сайдыг Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх дагалдан яваа юм байна. Мөн төмөр замын даргыг томилгоог бантагнуулж орхисон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл Булган аймагт явсан тул эзгүй байв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд ч Туркт айлчлахаар явжээ. Төсвөө батлуулж аваад л тэд тал тал тийшээ мордсон байна.
Мэдээж энэ намрын чуулганаар УИХ, Засгийн газрынхны нугалж, ард нь гарах ёстой том ажлын нэг нь ирэх оны төсвийг батлах байв. Том ажлынхаа ард гарсан хүмүүс түр зуур амсхийхэд ч болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ за одоо л нэг амжуулъя гэсэн шиг томилолт өвөртлөн бүгд тал тал тийш зорьцгоосон нь магтах зүйл яав ч биш. Сайд, дарга нарын энэ айлчлал болгон улсын төсвөөс чамгүй мөнгө хумсалж буй нь тодорхой. Гэтэл бүр нэг улсаас нөгөө рүү өртөөлж нисэн буун, нисэн буун аялж яваа сайд нар ч байна. Тухайлбал, сайд С.Отгонбаяр Герман, Б.Жаргалсайхан Япон улсад айлчлаад тэндээсээ шууд ОХУ-ыг зорьжээ. Ер нь энэ долоо хоногт улстөрийн амьдрал намдуу, Засгийн газрын төвшинд шийдэх асуудал байхгүй бололтой. Өчигдөр гэхэд хэлэлцэх асуудал байхгүй гэдэг шалтгаанаар УИХ дахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөлийнхөн хуралдсангүй. УИХ-ын гишүүдийн өрөө ч тас түгшээтэй өнжив. Сайд нар эзгүй байгаа тул лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй аж.
Ерөнхий сайд пүрэв гаригт нийслэлд ирэх бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан явсан сайд нар ч энэ долоо хоногийн сүүлчээр буцаж ирнэ. Тэгэхээр гүйцэтгэх засаглалынхны ажил ирэх долоо хоногоос л жигдрэх нь бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button