Загварын ертөнцөд шинэ урсгал нээхийг хүсч байна

-Таныг загварын бие даасан анхны тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэж сонслоо. Энэ тухайгаа тодруулна уу?
-Энэ шоу маань Театр мода-Монголд анх удаа хэмээх загварын тоглолт юм. Манайд ийм төрлийн шоу өмнө нь болж байгаагүй. Шинэ урсгал гэж хэлж болно. Шоу бүхэлдээ театрчилсан хэлбэрээр болох бөгөөд тайз засал, бүжиг гээд бүх зүйл нь театрчилсан шийдэлтэй байх юм. Тиймээс тоглолтод оролцох хувцаснуудаа хүртэл шинээр хийж байна. Тоглолтод зориулж Чимбай загварын агентлагийн загвар өмсөгчид миний коллекцуудыг жүжигчилсэн хэлбэрээр хүмүүст хүргэнэ.

-Театрчилсан гэхээр эхлэлээсээ төгсгөл хүртлээ жүжигчилсэн өгүүлэмжтэй байх уу?
-Анх бид ингэж хийх гэж үзсэн боловч энэ нь арай боломжгүй юм билээ. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ хоорондоо уялдаатай байна. Хүн үзэхэд ойлгомжтой атлаа ойлгомжгүй ч юм шиг санагдах байх. Тухайлбал, шоу эхлэхдээ эмэгтэй хүнийг бурхдын амьдралтай зүйрлэн төгсгөл рүүгээ эмэгтэй хүн төгс төгөлдөр хэлбэр рүү хэрхэн шилжиж байгааг өгүүлэхийг зорьсон. Гэхдээ загварууд маань хоорондоо уялдаа холбоогүй.

-Энэ шоунд ихэвчлэн ямар төрлийн загварууд зонхилох вэ?
-Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. Зонхилох төрөл байхгүй ч эхний хэсэгт авангард чиглэл түлхүү орсон. Yндэсний, гоёлынх гээд олон төрөл холилдсон байх юм. Харин хоёр дахь коллекц нь цэвэр үндэсний хэв маягийг илтгэсэн байх бол төгсгөлийн коллекц нь 12 сар нэртэй 12 төрлийн загвар байх юм. Энэ нь бараг гоёлын төрөлдөө орохуйц загварууд. Материалын хувьд ч сонголт ихтэй. Арьс, төмөр эдлэл болон гар урлалууд багтсан байгаа. Зарим хувцсандаа зээгт наамал хүртэл оруулсан.

-Загварын шоуны ач холбогдол, зорилго нь юунд оршиж байна вэ?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд болсон үйл ажиллагааны хамгийн отгон арга хэмжээ. Гэхдээ хэт туйлшраагүй. Тиймдээ ч Театр мода-Монголд анх удаа гэж хийж байна. Монголын загварын ертөнцөд нэг шинэ хуудас нэмж байна гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, манай загварын ертөнцөд нэг шинэ урсгал, өөр арга барил, өөр техник оруулж ирж байгаа болохоор энэ нь маш том нээлт болох юм. Түүнчилэн энэ шоуг зохион байгуулснаараа бусад дизайнер маань өөрөөр сэтгэж, өөрийнхөө хөдөлмөрийг ард түмэнд үнэлүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Манай дизайнерууд хувцaс урлах гэж хэчнээн их хугацаа зарцуулдаг билээ. Гэтэл цаг, хөдөлмөр шингээж бүтээсэн хувцсаа бараг л 30-хан секунд л үзэгчдэд сонирхуулах боломжтой байдаг. Харин Театр мода энэ бүгд өөрчилнө. Өмнө нь манай загвар өмсөгчид зүгээр л тайзан дээр гараад алхчихдаг байсан бол одоо өмсч буй хувцсаа дотроосоо мэдэрч түүнийг амилуулж чаддаг болох юм.

-Та энэ шоуг цаашид уламжлал болгон хүрээг нь тэлж чадна гэдэгт итгэлтэй байна уу?
-Мэдээж итгэлтэй байна. Бид зөвхөн эхлэлийг нь тавина. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болно. Тэгэхээр театр мода-д оролцохын тулд манай загвар өмсөгчид үүнд бэлдэж, шалгуулдаг болох байх. Дизайнерууд маань ч энэ наадамд оролцсоноороо өөрсдийнхөө нөр их хөдөлмөрийг ард түмэнд үнэлүүлж чаддаг наадам болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Тэгэхээр Гоёл наадамтай эн зэрэгцэхүйц болох нь ээ?
-Гоёл наадам бараг 17 жил болж байна. Энэ хугацаанд нэг л хэв загвар ноёрхож байлаа. Одоо шинэчлэгдэх үе нь ирсэн. Тэр утгаараа манай загвар загвар зохион бүтээгчид Гоёл-д оролцон бүтээлээ өрсөлдүүлдэгтэй адил Театр мода-д оролцож тэр жилдээ юу хийж бүтээснээ, ямар санаа агуулснаа хүмүүст хүргэн үнэлүүлдэг болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button