Дохагийн тэнгэрт төрийн дуулал маань дахин эгшиглэлээ

Азийн 15 дугаар наадамд манай жудогийн тамирчид өнгөтэйхэн явж байна.
Өчигдөр Д.Нямхүү анхны алтан медалийг авч Дохагийн тэнгэрт төрийн далбаагаа хийсгэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол 66 кг-ын барилдаанаар манай гавъяат тамирчин Х.Цагаанбаатар дахин алтан медалийг эх орондоо авчирлаа.
Өнгөрөх шөнө болсон жудогийн барилдаанд гавъяат маань Японы Хироки Акимотог хагас тойрогт ялснаар аваргын төлөө барилдах болсон юм. Акимотой эхний үед илт хошуучилж явсан бол сүүлийн шатанд Х.Цагаанбаатар илүүрхэж коко буюу 3 оноо авч, 2 минутын илүү цагтаа ялалтыг авсан.
Алтан медалийн төлөө 2001.2003 оны дэлхийн аварга, Ираны бөх Араш Мирэшмэлтэй
тунасан бөгөөд Х.Цагаанбаатар язари мэхээр ялалтыг авч алтан медалийн үзүүрээс атгаж авлаа.
Тэрээр Алтан медаль авсандаа маш их баяртай байна. Монголчууд бид гараа сайнтай явна. Чармайлт маань намайг амжилтанд хүргэсэнд маш их сэтгэл хангалуун байна. Миний гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч, дэмждэг бүх хүмүүс намайг их зоригжуулж байсан. Би спортоор хичээлдэг бүх хүний хувьд номер нэг байхыг хүсдэг. 2008 оны олимпод амжилттай оролцоно гэдэгтэй итгэлтэй байна хэмээн тус наадмын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө онцолсон байна.
Ийнхүү Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд ялалт байгуулж, Монголд хоёр дахь алтан медалийг авчирлаа. Юутай ч гол найдлага тавьж байсан тамирчдын нэг ард түмнийхээ итгэлийг алдсангүй, хэлсэндээ хүрч амжилттай сайхан барилдлаа. Доха-гийн тэнгэрт мандуулах тугийг барих хүндтэй үүрэг Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарт оногдож байсан бол тэрээр Монголын тугчин муу амжилт үзүүлэх эрх байхгүй тиймээс зөвхөн алтан медалийн төлөө барилдаж , алтан соёмбот тугаа Дохагын тэнгэрт мандуулаад ирнэ гэсэн түүний амлалт биелэлээ оллоо.
Катарын энгэрт Монголын маань далбаа ийнхүү дахин хийсэхнээ. Тамирчиддаа улам их амжилт хүсэж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button