Хүдэр, хандгайг хил дамнуулж худалдаалдаггүй

Сургалтад манай хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаны 50 гаруй мэргэжилтэн хамрагдав. Yүнд БОЯ, ГЕГ-ын харьяа Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх алба, Улсын мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд оролцсон. Сургалтыг АНУ-ын Загас, зэрлэг ан амьтны албаны ахлах байцаагч Майкл Якошини удирдсан юм. Тэрээр албаныхаа зэрлэг ан амьтны худалдааны хөтөлбөрийн тоймоос танилцуллаа.
Бусад улс орноос АНУ-д байгалийн зэрлэг ан амьтныг маш их импортолдог байна. Энэ нь экспортын хэмжээнээс хэд дахин илүү аж. Импортоор загас, аалз, бусад төрлийн мөлхөгч амьтныг оруулж ирдэг бөгөөд хандгай, буга зэргийг арьсны зориулалтаар импортолдог байна. Харин тус улсад бар болон зааны ясыг хууль бусаар оруулахыг зөвшөөрдөггүй аж. Гэвч үүнийг илрүүлж чадахгүй, хууль бусаар худалдаалах явдал гарсаар байдаг гэнэ.
Харин Монголоос АНУ-д аргаль, янгир, цаа буга, чоно, буга, зээр, хандгай, үнэг, нохой, тарвага, эр гахай, дорго, булга, сарлаг, тэмээ, ямаа зэрэг амьтныг худалдаалдаг юм байна. Эндээс буга, янгир, зээр нь спорт агнуурын төрөлд ордог ажээ.
Сургалтын үеэр онцлон ярилцсан чухал асуудал бол Монголоос хүдрийн заарыг гаргаж, хил дамжуулан худалдах хуулийн заалт, зөвшөөрөл байдаггүйг хөндсөн юм. Яагаад манай улсаас АНУ-д заар экспортоор орчихсон юм бэ. Хэзээ, хэн, хэдийг оруулсан мэдээллийг авч болох уу хэмээн манай хууль, гаалийн мэргэжилтнүүд Майкл Якошинигоос асуусан. Монголоос хүдэр оруулж болохгүй гэсэн заалтыг АНУ-ын гаалийн алба мэддэггүй тохиолдолд асуудал өөр болох юм. Гэхдээ хүдрийн агнуурын талаар зөвшөөрөл өгсөн тухайн үеийн Засгийн газар, компанийн нэрийг өгч болно гэсэн хариулт өглөө. Гэвч хүдэр нь Монголоос Америкт худалдаалдаг амьтдын нэрд ороогүй байсан бөгөөд хандгайтай андуурсан болохыг аль аль тал нь хожим ойлгосон. Энэ нь магадгүй орчуулгын алдаа байсныг үгүйсгэсэнгүй. Гэхдээ Марк Якошинигийн тайлбар хангалтгүй байгаа учир амьтан тус бүрийн талаар сайн орчуулж тайлбарлаж өгөхийг Улсын мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд хүслээ. Мөн энд хэдэн тооны ямар амьтан хэзээ Америкийн хилээр орсон баримт ч тодорхойгүй байгаа учир нухацтай ярилцах, асууж сонирхох зүйл их байгаагаа нуусангүй.
Хүдэртэй андуурсан хандгайг ч Монголоос гадагшаа гаргах зөвшөөрөл байдаггүй. Тиймээс ийм мэдээллүүдийг АНУ-ын Гаалийн албаны мэдээллийн санд оруулъя гэсэн хариуг хэллээ. Эндээс харахад Монголоос Америк руу хил дамнуулан худалдаалж буй амьтдын мэдээлэл хоёр талын гаалийн албанд нэлээд бүрхэг байгаа нь илт байлаа. Бас нэгэн жишээ бол дээрх амьтдын нэрд тэмээг оруулсан байна. Зэрлэг тэмээ, гэрийн тэмээ хоёрыг ялгаж тэмдэглэх хэрэгтэйг манай мэргэжилтнүүд АНУ-ын талд дуулгалаа. Энэ нь зэрлэг тэмээг агнаж хил дамнуулсан биш гэрийн тэмээний ноос ноолуурыг хилээр оруулсан байх гэлээ.
Сургалтын зорилго нь АНУ-д зэрлэг ан амьтныг хэрхэн хамгаалдаг ерөнхий ойлголт, мөн хулгайн ан, агнуурын зөрчлийг илрүүлэх талаар байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахад орших аж. Энэхүү сургалт гурван өдөр үргэлжлэх юм. АНУ-ын гааль дээр хураагдсан барааг (ан, амьтан) хэрхэн шийдвэрлэдэг тухай өнөөдөр ярилцах аж. Мөн энэ өдрийн сургалтаар хилээр гаргаж буй зэрлэг амьтны ясыг малын яснаас хэрхэн ялгаж, таних талаар ярилцах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button