Газар доорхи амьдрал үргэлжилсээр…

Хир даарь болсон хувцастай хижээл насны эр уугиж буй задгай галаа үлээж нэг үзэн, төнхөж басхүү оролдон асаахыг хичээвч эс дийлэв. Эцэст нь үнхэлцэг шиг тогоо руугаа цоо ширтэн уртаа гэгчийн шүүрс алдаад түүхий гэдэс дотрыг дэмий л нэг эргүүлэхчээн аядсанаа түлш хайж эхлэв. Гэвч үнэндээ түлш олоогүй юм.

Тэрээр ганцаараа биш ажээ. Уусан архиндаа халуу шатан хүйтнийг ч үл тоон хурхирах эр. Тогоон доторхоос нь аль болох ахиухныг тоншчих санаатай отож буй хоёр халтар нохой гээд бараа бологсод бишгүй аж. Түүнийг Ө.Батбаяр гэдэг. Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн урд талд байрлах траншейнд өнгөрсөн намраас эхлэн толгой хоргодох болжээ. Нийслэлийн харьяат тэрээр цагтаа уг нь жолооч байсан. Холын тээвэрт хоёр гурван сараар явчихаад ирэхэд хүүхдүүд нь жигтэйхэн их саначихсан машиных нь дуугаар хар хурдлан гэрээсээ гарч ирдэг байжээ. Хань нь ч ялгаагүй. Дэндүү удаан яваад ирлээ дээ, чи минь. Даарч, хөрөв үү, ядрав уу гээд л угтана. Ирэх өдрийг нь мэдэж байсан юм шиг халуун хоол хэзээний зэхчихсэн Өлсч ундаасаа байлгүй. Ахиухан ид гэнэ. Эцгийгээ санасан хүүхдүүд аавыгаа амар хоол идүүлнэ гэж үгүй. Аягатай хоолноос нь иднэ гэж урвалзана. Зөвхөн аавд нь хоол аягалаад өгчихсөн юм шиг. Дараа нь тоглоно гэж мөрөн дээр нь суучхаад бууна гэж үгүй. Одоо харин хэн ч биш болоо юу гэлтэй. Тэр тусмаа хүүхдүүдийнхээ ээжид бүр үнэ цэнээ алджээ. Гэхдээ ханийгаа буруутгахыг хүсээгүй. Ах нь таван сайхан хүүхэдтэй гэсэн үгээр эхнэртэйгээ холбоотой асуултыг хөөрхөн аргалж дөнгөсөн.

Түүний ярихаар хамгийн том хүү нь одоо 25 настай бол отгон нь дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг аж. Үргэлж биш ч үе үе хүүхдүүдээ жигтэйхэн их санадаг. Хэдийгээр хүүхдүүд нь том болсон ч эцгийнхээ сэтгэлд нялхаараа байдаг бололтой. Шил, лааз цуглуулж олсон мөнгөө өөрөөсөө харамлах шахам хэд хоног хурааж байгаад чихэр, боовхон өвертлөн гэртээ очдог гэсэн. Тэр бүрийд ханиасаа халуун дулаан үг сонсох юмсан гэж хүсдэг болохоо ч нуусангүй. Энэ тухайгаа тэрээр Эхнэрийнхээ арга эвийг олох гэж их л хичээдэг. Даанч намайг ажилгүй гэж зандраад байдаг болохоор гэртээ амьдрах арга байдаггүй л дээ. Бид хоёрыг авалцаж эхлэхэд хүүхдүүдэд маань маш хүнд байх шиг санагддаг. Тиймдээ ч би хүүхдүүддээ гай болоод яахав. Нэг өдөр ч гэсэн тэдний маань сэтгэл амар байг гэж бодоод энд амьдрах болсон гэлээ. Түүнээс ажил хайж үзсэн үү гэж асуухад Хайлгүй яахав. Өнгөрсөн хавар хүн шиг амьдрая гэж шийдээд тавдугаар сургуулийн ойролцоо баригдаж буй барилга дээр ажиллахаар туслах ажилтнаар орсон. Эзэн нь хятад хүн байсан л даа. Өдөр, шөнөгүй ажиллуулчихаад хөлс мөнгийг минь өгөлгүй залилчихсан. Ахиад өөр барилга дээр ажиллая гэж бодсон ч үнэхээр цөхөрсөн. Ажиллая гэж очсон газар бүрийн дарга намайг харуутаа л Манайд ажил байхгүй гэж хэлээд толгой сэгсэрдэг байсан.

Эцэст нь хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй болсон доо гэж хэлээд өнөөх уртын урт санаагаа алдав. Гэхдээ Ө.Батбаяр Хэзээ нэгэн цагт надад ажил олдох юм шиг санагддаг шүү гэж хэлээд инээмсэглэсэн.
Цагтаа Аяны жолоо дээшээ байг гэж дуулан холын замд гардаг байсан түүнд одоо ердөө дурсамж л үлдэж. Өөрөөр хэлбэл, түүнийг жолооч байсан гэж хэлхээргүй болжээ. Тос, маслын үнэр ханхалж байдаг хувцаснаас нь нэгширсэн өмхий үнэр л нэлхийнэ. Магадгүй түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс хаа нэгтээ таарвал нүүр бууруулах биз. Тэгээд Өнөөх Батбаяр чинь аймаар гудамжны хүн болчихсон байна лээ. Цагтаа ясны жолооч явсан даа гэж хэлээд харамсч мэдэх л юм.
Гэхдээ үүнийг бичигч вээр түүнийг амьдралынхаа төлөө тэмцсэнгүй дээ гэж буруутгахыг бодоогүй юм шүү. Траншейнд амьдарч буй хүмүүсийн зүрх сэтгэлд хүнээ гэх сэтгэл байна уу. Өнөөдөр тэднийг өөд нь татаад авбал амьдралын төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх хүсэл байна уу гэдгийг л тандах гэсэн хэрэг. Тиймээс ямар нэг дүгнэлт хийхийг хүсээгүй юм. Харин уншигч та өөрийн гэсэн дүгнэлтийг хийнэ биз дээ.

Ардын эрх сонин 236 /514/
Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button