Босоо тогтолцоог халъя

Аж ахуйн нэгжүүдийг нь ТӨХ, боловсрол, соёл, эрүүл мэнд гээд орон нутгийн төсөвт байгууллагууд нь салбарын яамныхаа шууд удирдлагаар ажиллаж, төсөв хөрөнгөө захиран зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, 2002 онд УИХ-аар батласан Төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилт (ТБУС)-ийн тухай хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэсэн үг. Таван жил гаруй дуншиж төрсөн энэ хууль батлагдсанаар удирдлагын босоо тогтолцоо үйлчилж, аймгийн ИТХ зөвхөн нутаг дэвсгэрийнхээ төсвийн зардлаа сум, төсөвт байгууллагын нэрээр баталж, сумдын ИТХ дээрээс баталж ирүүлсэн хуваарийг ёс төдий хэлэлцэн мөрдөж байна. Энэ нь наад зах нь засвар үйлчилгээ, тулгамдсан бусад асуудлыг нь цаг алдалгүй газар дээр нь шийдчих эрх мэдэл, хөрөнгийн эх үүсвэргүй болгов. Эндээс хуулийн сул тал ажиглагдаж байна.
Салбарын яамд ч энэ талаар мэрийгээд нэмэр алга. Аймаг, сумандаа зардал чирэгдэл багатайгаар шийдэх асуудлыг төсвийн багцад ороогүй шалтгаанаар сумаас аймагт асуудал тавьж, аймаг нь дамжуулах үүрэг гүйцэтгэдгээс иргэд хохироход хүрч, түүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй өнгөрч буй нь төрийн бодлогын алдаа биш гэж үү.
Салбарын яамд төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх гол үүргээсээ хальж, аймаг, сумын Засаг дарга нар тэргүүлэх салбарынхаа ажилд анхаарсан дүр эсгэж хандах болсон, орон нутагт яамныхаа бодлогыг хэрэгжүүлж байгаа газар агентлагийн удирдлагууд бид яамнаас удирдлагатай хэмээн тэндээ ихэрхэх хандлага, энэ бүгд хэт төвлөрүүлсэн тогтолцооны балаг гэж хэлмээр байна. Харин өдөр бүр чихний хонх болсон сургууль, эмнэлгийн төсөв мөнгийг, удирдлагатай нь салбарын яамд авчихсан болохоор аймаг, сумын Засаг дарга нар нутгийн хөгжлийн төлөө бага анхаарч байгаа юм. Гэхдээ хуваарилагдсан төсвийн мөнгийг төвөггүйхэн зарлагадчихна. Тэгээд сонгуулийн эрхийн хугацаа дуусахад улсын хөрөнгө оруулалт, гаднын зээл тусламжаар аймаг, сумандаа бий болсон бүхнийг өөрөө бүтээчихсэн мэтээр сурталчилж, ёстой л хүний юмаар хүүдэгнэж оноо авах нь шударга үнэнд ч, ёс зүйд ч нийцнэ гэж үү.
Хэрвээ Монгол Улсын амин чухал тэргүүлэх боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв, түүнийг захиран зарцуулах эрх, удирдлага нь тухайн аймаг, сумандаа байдагсан бол байдал өөр.
Төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан санал болгоход энд дурдсан салбаруудын босоо тогтолцоог өөрчилж төсөв мөнгө, удирдлагыг нь тухайн аймаг, суманд нь шилжүүлэх нь зүйтэй байна. Ингэснээр бодлого боловсруулах яамд аж ахуйн үйл ажиллагаатай хэт хутгалдаж цаг алдахаас ангижирч бодлого хэрэгжүүлэх, хяналт тавих, боломжтой болно. Харин дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын асуудлыг яамандаа төвлөрүүлж, шаардагдах боловсон хүчнээр хангах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг захиалга, гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байвал хаана хаанаа хариуцлага дээшилж, ажилд тустай байхсан бус уу. Энд нэгэн зүйлийг онцлон хэлэхэд аймгийн Засаг даргын Тамгын газарт Бодлого зохицуулалтын нэртэй хэлтэс бий. Нэр нь хүртэл тохироогүй. Яг утгаар нь аваад үзвэл тухайн хэлтэс төр, засгийн бодлогыг манай аймагт тохирохгүй юм байна гэх эрхтэй ч юм шиг.
Орон нутгийн төр, захиргааны байгууллагууд Монгол Улсын хуулийн хүрээнд, УИХ-аас баталсан бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутгийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх л үүрэгтэй. Yүнийг бодлого гэж нэрлэх нь буруу бөгөөд туулайг бар болгосонтой агаар нэг юм. Иймд аймаг, нийслэлийн, одоо салбарын яамдад харьяалагдаж байгаа газар агентлагуудыг аймгийн Засаг даргын Тамгын газарт бүрэн шилжүүлмээр байна. Бүтцийн энэ өөрчлөлтөөр орон тоо нэмэгдэхгүй, харин ч одоогийн бодлого зохицуулалтын нэртэй хэлтсүүд татан буугдах, нийлэх зэргээр орон тоо, төсвийг хэмнэх боломж гарна. Тиймээс УИХ-аар хэлэлцэж байгаа ТБУС-ийн тухай хуулиар болохгүй байгаа босоо тогтолцоог өөрчилж орон нутгийн эрх мэдэлд шилжүүлэх, төрийн сангийн нэгдсэн тогтолцоог хэвээр үлдээн боловсронгуй болгох, орон нутгийн төсвийг улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж орлогын доод, зарлагын дээд хязгаарыг жил бүр тогтоон өгч хяналт тавих эрх зүйн үндсийг нь бүрдүүлмээр байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button