Их хөмсөгт хаана байна вэ

Ойн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үйлсэд үлэмжийн хувь нэмэр оруулсан олон хүнд төрийн эрхэм дээд шагнал хүртээж олон түмнийг баярлуулж, бас идэвхжүүлэв. Yүний дотор Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн Ц.Гантөмөр, Монгол Улсын Ардын зураач цол хүртсэн Ц.Доржпалам, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн зохиолч Д.Гармаа нарын зэрэг ахмад үеийн төлөөлөгчид байсан нь бахархалтай сайхан санагдав.
Тийм хүмүүсийн нэг нь радиогийн бүдүүн дуут хэмээн алдаршсан зохиолч, сэтгүүлч Базарын Цэдэндамба гуай юм. Намар намрын шаргал өдрүүдэд Ургацын далай-н сайхан аялгуутай хослон уран цэцэн үгийг урсган, хүнгэнүүлэх нь нэн бахтайсан. Тэр хүн энэ баярын босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв. Шагнал үнэхээр нүдээ олсонд баярласнаа илэрхийлэхийн хамт, санаанд хадгалан явдаг нэгэн бодлоо хэлэх гэсэн юм. Шагнал гардуулж байх тэр агшинд их хөмсөгт нь хаана явна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй санаанд оров. Намар болж ургацын далай уянгалах цагаар Радиогийн бүдүүн дуут, телевизийн их хөмсөгт хэмээх энэ хоёр хүн айл бүрийн байнгын зочин болдог байж билээ.
Yгүйлэгдэн байгаа их хөмсөгт нь хэн болохыг асуулт үгүйгээр мэдэх хүн асар олон байгаа даа. Тэр бол Монгол телевизийн сурвалжлагч асан С.Ерөөлсүрэн Хаврын дуу-төлийн дуу, Намрын өнгө-алтан шаргал сэдвээр 1970-аад оны эхнээс хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй хооронд 1980-аад оноос аймаг хооронд уралдаан туршлагын хэлбэрээр зохиож байсан теле дуудлага, өндөр бүтээлийн аян, Цагийн үнэ цэн, Чанар-нэр төр сэдвээр зохион байгуулж байсан үйлдвэрлэгч хэрэглэгчдийн теле уулзалт зэрэг олон сайхан нэвтрүүлэг нь үзэгчийн сэтгэлд хоногшин үлдсэн юм. Магадгүй одоо орон зай нь үгүйлэгддэг байж ч мэднэ. С.Ерөөлсүрэн бол амьдралын халуун цэгт нойр хоолыг үл огоорон зүтгэж явсан сайн сэтгүүлчийн зэрэгцээ төр, олон нийтийн зүтгэлтэн байсан юм. Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар хоёр удаа сонгогдохдоо Барилга, хот тохижуулах асуудал хариуцсан байнгын комиссыг удирдаж, нийслэл хотыг хөгжүүлэх, тохижуулах, хот нийтийн аж ахуйг өргөтгөхөд ихээхэн санаачилга гаргаж байсныг тэр үеийн хүмүүс сайн мэднэ. Өндөр насны тэтгэвэрт гарсан ч бичих туурвих ажлаа алгуурлалгүй Амар байна уу, Газар ээж, Даатгалын мэдээлэл сониныг санаачлан гаргаж Буга урамдсан хангай хэмээх сайхан ном бичсэн юм билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн гишүүний ажилд хичээнгүйлэн зүтгэж явна. Монголын радио, телевизийн хамт олны дунд Д.Амбасэлмаа, С.Ерөөлсүрэн, Б.Цэдэндамба гуравт юм өгөхгүй бол болохгүй гэсэн яриа байдаг тухай ч дуулддаг байсан билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button