Хятад колонийн хаант улс болохоор зэхэж байна

Бээжин хотод Хятад-Африк-ийн хоёрдугаар дээд хэмжээний уулзалт болж, Африкийн 40 орны удирдагчид цугласан юм. Африк тивийн ийм олон орны төлөөлөгчдийг АНУ ч, ОХУ ч хэзээ ч цуглуулж чадаагүй хэмээн тоймчид тэмдэглэн хэлж байна. Бээжин эдийн засгийн асуудлыг гарган тавьж, үзэл суртлын хүчин зүйлийг таягдаж хаясанд хамаг учир байгаа ажээ.
Хятад улс Африкийг аль эртнээс бөөцийлж, анхны төслөө аль 1956 онд Танзанид төмөр зам тавьснаар хэрэгжүүлж байсан билээ. Гэвч сүүлийн 10-аад жилд Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр хятадууд Африкийг илүү нухацтай барьж авах болжээ. 2005 онд Их тэнгэрийн орны Хар тивтэй хийсэн худалдааны эргэлт 40 тэрбум долларт хүрсэн бөгөөд ийнхүү Хятад Африкийн худалдаа наймааны гуравдагч (АНУ, Францын дараа) түнш болжээ. Харин БНХАУ Африкийн эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтаараа дэлхийд нэгдүгээрт орж байна.
Бээжинд болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтыг ерөнхийдөө эдийн засгийн хамтын ажиллагаанд зориулжээ. Уулзалтын үеэр Хятад улс Африкийн орнуудад 1.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрэв. Хятадууд 2009 он хүртэл эдийн засгийн харилцаа холбоогоо хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Африкийн орнуудад гурван тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, хоёр тэрбум долларын экспортын зээл олгох бөгөөд мөн Хятадын хөрөнгө оруулалтад тусламж үзүүлэх таван тэрбум долларын сан байгуулах юм. Бээжингийн урт удаан хугацааны төлөвлөгөөнд Африк дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 2020 онд 100 тэрбум долларт хүргэнэ хэмээн тусгажээ. Хятад улс хар тивийн нэн ядуу орнуудын өрийг тэглэж, Африкийн бараа бүтээгдэхүүнд зах зээлээ байнга нээлттэй байлгаж, мөн тус тивийн 150 мянган оюутныг Хятадын их, дээд сургуульд суралцуулахаа амлажээ. Ажил хэргийн хүрээнийхний харилцаа холбоог хөгжүүлэхийн тулд дээд хэмжээний уулзалтын хажуугаар 1500 бизнесмэн оролцсон уулзалтыг зохион байгуулж, Хар тивийн экспортын барааны үзэсгэлэнг гаргасан байна.
Хятадууд Африкийн чиглэл рүү ийнхүү идэвхтэй хөдлөх болсон шалтгаан тодорхой. Африк тив нефть, байгалийн хий зэрэг Хятадын эдийн засагт нэн шаардлагатай байгаа байгалийн баялгийн асар их нөөцтэй. Yүний зэрэгцээ хөрөнгө оруулалт, нийгмийн хэрэгцээ хангах төслийг хэрэгжүүлэх арга хэрэгслээр байнга дутагдаж байдаг билээ. Тэгэхээр Хятад, Африк хоёр бие биедээ хэрэгтэй, ашигтай болж байна. БНХАУ-ын импортолж буй нефтийн дөрөвний нэг орчим нь Африкийн экваторын бүсийн орнууд болон Суданаас ирж байгаа юм. Хар тив Хятадын бараа бүтээгдэхүүнийг борлуулах чухал зах зээл болоод байна. Хятад улс өрнөдийн хөрөнгө оруулагчид хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг салбаруудад, жишээлбэл Африкийн дэд бүтцийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна. Зөвхөн China Road and Bridge Сorporation компани Африкт 500 орчим төсөл хэрэгжүүлж байгаа юм. Хятад-Африк дээд хэмжээний уулзалтын өмнө China Ciүil Engenering Construction компани 8.3 тэрбум доллараар төмөр зам барих гэрээг Нигери улстай хийжээ. Нигерийн дотоод мужуудаас Атлантын эрэг хүртэл 1200 км урт төмөр зам босгох юм. Энэ нь Хятадын хөрөнгө оруулалтын түүхэн дэх гадаадын хамгийн том төсөл ажээ. Yүнээс гадна хятадууд Габон, Замби, Конго дахь олборлогч үйлдвэрүүдийг сэргээхэд тусалж байна. Хар тивтэй хамтран ажиллах үйл явцад нийтдээ Хятадын 600 гаруй компани оролцож байгаа бол, Хятад-Африк дээд хэмжээний анхны уулзалтаас хойш зургаан жил өнгөрөхөд худалдаа-эдийн засгийн 40 орчим тохиролцоо, гэрээ шинээр хийгдсэн байна. Хятад улс том төслүүд хэрэгжүүлэхдээ өрнөдийн орнууд шиг улс төрийн ямар нэг шаардлага, ардчилал, хүний эрхийн асуудлыг тулгахгүй байгаа нь африкуудад ихэд таалагдаж байгаа аж. Тиймээс Дарфур дахь аймаглан устгалтад буруутгагддаг Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир, өрнөдийн орнуудын хувьд заналт дүрс болсон Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе нар Хятадын түнш болж амжжээ.
Британийн Economist Intelligence Unit-ийн таамаглаж буйгаар, 2010 он гэхэд Хятад улс Африк дахь худалдаа эдийн засгийн ноёлогч хүч болж, Египет, Судан, Нигери, Ангол зэрэг бүс нутгийн хүчирхэг эдийн засгийн худалдааны гол түнш болох аж. Ингэхдээ хятадууд Хар тивийн уламжлалт түнш АНУ, Их Британи, Францыг шахаж зайлуулах бололтой. Дээд хэмжээний уулзалтын эцэст Африкийн лидерүүд Хятадтай харилцах харилцаанд шинэ үе эхэлж байгааг чанга дуугаар зарлаж, Африкийн орнууд аманд орсон шар тосыг түлхэн гаргаж болохгүй хэмээн санал нэгджээ.
Гэвч энэхүү чанга мэдэгдлийн цаана Хятад-Африкийн хамтын ажиллаагааны бараан, сүүдэртэй тал нуугдаж байна. Хятадын хөрөнгөөр Африкт баригдсан үйлдвэр, компаниудад зөвхөн энэ онд 30 орчим ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал болжээ. Тэд Хятадын капитализмын акулуудыг зальт мөлжлөгөө хазаарла гэсэн нэг л шаардлага тавьсан юм. Ажил хаягчид Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд цалин бага байгаа (бүр Африкийн хэмжүүрээр шүү дээ), Хятадаас хямд түүхий эд авчирч дотоодын үйлдвэрлэлийг сөхрүүлж байгаа, хятадууд Африкийн байгалийн баялгийг цөлмөж байгаа зэргийг илчилж, эсэргүүцжээ. Yүнээс гадна Африкт Хятадаас хөдөлмөрийн цагаачид хөврөн ирэх болсон нь лай болж байгаа аж. Тэд Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажиллах гэж ирээд нутгийн иргэдийн ажлын байрыг булаан авдаг байна. Ажил олгогч хятадууд африк ажилчдыг хятад хэл сур хэмээн битүү дохио өгч, эс тэгвэл ахиж дэвшихгүй шүү хэмээн сануулах болов.
Эцсийн дүндээ Хятад улс Африктай харилцах харилцаан дээр урьд өмнийн колонийн хаант улсын бүх алдааг давтаж байна хэмээн шинжээчид дүгнэх болов. Өөрөөр хэлбэл, хятадууд ХХI зууны неоколончлолын бодлогыг Африкт явуулж байгаа аж. Ийм хандлага, харьцаагаар Бээжин африкуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадна гэж үү. Магадгүй хятадууд дэлхийн шинэ, харгис колончлогч гүрнийг байгуулж байж болох ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button