Монголчуудыг хэрцгийн боол гэдэг байжээ

уламжлалт ардын эмнэлэг ихэд хөгжин төлөвшиж улмаар ардын эмнэлэг голлож байсных юм-
Өгүүллийн товч утга
Чингисийн монголчуудыг өнөөгийн жирийн монгол хүн хэрхэн үзэж, үнэлж дүгнэдэг, ямар бодолтой байдгийг өгүүлнэ. Түлхүүр үг
Монголын бахархал
Монгол сэтгэлгээ
Монголын үндэсний үзэл Мянганы суут их хүн, дэлхийн монгол төрт хүчирхэг улсыг үндэслэгч, цэргийн эрдэм төгс, ялан дийлдэшгүй дайчин жанчин, дэлхийг илбэн тохинуулагч, оюун төгс ухаант их хүн бол гагц Чингис Тэмүүжин мөн.

Саяхан болтол бидний монголчуудыг монголын эрхшээл нөлөөнд автсан сэхэн сэргэж явсан улс орны мулгуу түүхчдийг даган дуурайж тэдний үгээр ертөнцөд хосгүй, өөрсдөө төрүүлсэн их хүнээ нөж атгаж төрсөн, цуст зэрлэг алуурчин хэмээн бусдын ам дагаж хөвсрөгдөн хөөрч амаа мэдэхгүй бурж байснаа мартаж болохгүй бус уу?
Монголчууд өөрсдийгөө тэнгэр гаралтай, тэнгэс далайг гаталж ирсэн хөх монголчууд гэдэг. Хөх өнгө нь тэнгэрийг илэрхийлдэг утга Монгол¬чууд үнэхээр ч бусад арьстан, үндэс угсаатнаас онцгой, тэдэнд байдаггүй өвөрмөц шинжтэй нь тод томруун илэрч байдаг. Тиймээс ч монгол угсаатай, монгол төрх, ёс заншилтайгаараа бахархдаг.

Хятадууд эртнээс монголчуудыг ху хэмээн нэрлэж, хэрцгий боол гэж бичиж тэмдэглэдэг. Түвдүүд Хор буюу нүүдэлчид хэмээдэг байж. Номад гэдэг нь зэрлэг бүдүүлэг гэсэн үг биш, нүүдэлчид гэсэн утгыг илэрхийлнэ. Хүн төрөлхтний соёлыг үндэслэгч нь нүүдэлчид мөн. Төв Ази, Монгол нутаг, монголын говь бол амьд биес, амьтан адгуус, хүмүүн төрөлхтөн үүссэн өлгий гэсэн Америкийн эрдэмтдийн нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд, монголчуудын түүхийг үзэх хосгүй их нэмэр хандив болжээ.
Байгаль орчин, эрс тэс цаг уур, дөрвөн улирал огцом эргэж байдаг энэ орон газар амьдрахын төлөө байгальтай хатуу ширүүн тэмцэж, зохицож амьдрах үйл явц байхыг тэд зоригтой таамаглаж, түүнээ нотолсон нь нийт хүн төрөлхтний түүхэнд монголчуудад үзүүлсэн гайхамшигт буянт үйлс болжээ.
Гэтэл Баянзагт ажиллаж шинжлэх ухааны нээлт судалгаа хийснийг үлэг гүрвэлийн яс хулгайлсан гэж ичгүүр сонжуургүй, гүтгэн дайрч мунхаг харанхуйгаа харуулсныг бодоход нүүр хийх газаргүй.
Саяхан Америкчууд л манай Чингисийг мянганы хүн хэмээн алдаршууллаа. Ингэж хэлсэн ганц ч монгол, өөрх төрхтөн нэг ч байхгүй шүү дээ. Нээрээ л өндөр соёлтой, хүчирхэг хөгжилтэй гэж өөрсдийгөө үздэг тэдгээр улс орон яахаараа харанхуй бүдүүлэг, зэрлэг гэж тэдний нэрлэсэн Чингисийн монголчуудын өмнө өөрийн эрхгүй, арчаагаа алдаж, өвдөг сөгдөж, толгой гудайдаг билээ.

Түүхэн үнэн тухайн үеийн нь бодит байдалтай нь нягт холбон үзвэл монголчууд эзлэн түрэмгийлэгч, булаан дээрэмдэгч, харгис дарангуйлагч зэрлэгүүд биш, дампуурч доройтсон, өөр зуурын зөрчилдөө идэгдэж зэвэрсэн ертөнцийг эмхлэн илбэн тохинуулсан урьд хожид гараагүй тэнгэрлэг ариун үйлсийг бүтээжээ.
Монголын нүүдэлчдийн өвөрмөц соёл, оюун сэтгэлгээний уужуу уян чанараас тэд ихэд хоцорч, ухаарч ойлгох чадвараа алджээ. Тэр үеийн харь улсууд нүүдэлчдийн хөгжлийн төвшиний мөрөнд нь ч хүрээгүй байжээ. Ингэхийг түүхэн жам ёсоор Чингисийн монголчуудад дэлхийг манлайлах, сэрж өндийлгөх үүргийг заяажээ. Чингис, түүний залгамжлагчдын үйл хэргийг байлдан дагуулал, эзлэн түрэмгийлэл довтолгоон гэж нэрлэх нь үнэнд үл нийцэх бөгөөд ертөнцийг эмхлэн төвхнүүлэх, илбэн тохинуулах, өрнө дорны үүд хаалгыг нээх, даяарших үйл явцыг хэрэгжүүлсэн нь улс түмний бие биеэ харилцан ойлгох итгэлцлийг тогтоосон нь, нүүдэл, суурьшмал соёл, аж төрөх ёсны харилцан нөлөөлөл өрнөсөн нь гэх мэтээр томьёолох нь илүү оновчтой болж нүдээ олох болно.

Үүнийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж амьдруулахад нударгын хүч хэрэглэх, зөөлөн уян эвсэг бодлогыг ухаалаг хосолж алтан аргамж хэмээн тунхагласан билээ. Хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны байгуулсан агуу их гавьяа бол мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг байгуулсанд оршино. ХП-ХШ зууны монголын нийгэмд цоо шинээр үүсч, гарч ирсэн дэвшилт чигийг сонгосон талын сурвалжтан, чөлөөт иргэдийн /урт дурын хүмүүсийн/ хүчинд тулгуурлаж чадсанаар хэрэгжүүлжээ. Тиймээс Чингис Тэмүжинийг эдүгээ өөрийн эрхгүй Тэнгэрийн хүү, дэлхийн Богд эзэн, Мянганы суут их хүн хэмжээн өргөмжлөн дээдэлж, шүтэн биширч байна.

Тэрээр төр улсын жолоог хүчирхэг эзэн хаанд мэдүүлж төвлөрүүлэн зангидаж чадаад, хамтын хүчээр санга нэгдэн нягтруулж Их хуралдай /парламент/-г нүүдэлчдийн нийгмийн өвөрмөц нөхцөлд чадварлаг зохион байгуулж бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг хатуу зарчмыг тогтоожээ. Төрийн хэрэгт эрдэмтэн мэргэдийн санал, зөвлөлгөөг ямагт харгалзан, сэцэдийн зөвлөлийг байгуулжээ. Эрдэм ухааныг эн тэргүүнээ тавьж, чухамдаа аливаад шинжлэхүй ухааны үүднээс хандах журмыг үндэслэжээ. Улмаар нүүдэлчдийн цэргийн ардчиллыг хөгжүүлж улсаа удирдахад ард нийтийг өргөн оролцуулах аравтын тогтолцоог тогтоожээ. Энэ нь өргөн уудам оронд таруу сууж аж төрдөг ахуй нөхцөлд яв цав тохирсон юм.
Хуулийг дээдлэн шүтэж ёс дэгийг чандлан сахиж, монголын нүүдлийн нийгмийн төрийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхийг хүн бүрт эрхэм болгож Их засаг үндсэн хуулийг гаргаж мөрдүүлсэн байна.

Ийм хууль баталж мөрдөн баримталсан нүүдэлчин өөр ямар ч улс үгүй билээ. Чингис хаан уламжлалыг хүндэтгэн, бүтээлчээр залгамжлан хөгжүүлэхэд онцгой анхаарч, туулж өнгөрүүлсэн зам мөр туршлага сургамжид түүхээ онцгой анхаарч түүнээс ямагт суралцдаг уламжлалаа эрхэмлэдэг байсны тодорхой баримт нь Монголын нууц товчоо бөгөөд Их Монгол улс байгуулагдмагц туурвин бүтээсэн билээ. Чингисийнхэн түүхээсээ суралцаж чаддаг их ухаантнууд байжээ.
Түүхийн үе бүхэнд эх түүхээ үргэлжлүүлэн туурвисаар, суралцсаар, хүмүүжүүлсээр байсан нь өнөөгийн бидэнд ч асар их ач холбогдолтой. Түүхээ мэдэхгүй хүнийг ойн сармагчинтай адилтгасан нь ийм учиртай. Их Улсын үед холыг ойртуулж, хоёрыг холбох нь чухлын чухлыг харгалзан морин өртөөг байгуулсан нь онцгой үүрэг гүйцэтгэж хамгийн хурдан, шуурхай холбоо харилцааны хэрэглүүн болжээ.

Чингисийнхэн амьдрахын өлгий газар дэлхийд бэлчээр нутаг амин гол бөгөөд бэлчээрийг усгүй бол ашиглаж үл болох тул ус гэдэг чандмань эрдэнийг эн тэргүүнээ эрхэмд үзэж бэлчээрийг өргөтгөн тэлэх, эзэмшихийн тулд усжуулах, худаг ус гаргах замаар шийдсэн нь эдийн засгийн хувьд агуу их өөрчлөлт болжээ. Тиймийн учир Чингисийнхэн дэлхийн түүхнээ усжуулах гэдэг их буянт үйлсийг бий болгож үүнээс хойш дэлхийн улс орнууд өргөнөөр хэрэгжүүлж цар хүрээ нь цаглашгүй өсчээ. Үүний ачаар монголын хээр тал, говийн атар бэлчээрийг эзэмшиж чаджээ.
Монголчууд тэнгэрийг шүтэж, уул усаа тахидаг дархалдаг байсан нь мухар бишрэл биш, байгаль орчноо хайрлан хамгаалах, сэвтүүлж бузарлахыг цээрлэдэг ариун ёс бөгөөд байгаль дэлхийн баялгаа цөлмөн хөндийлсөн, ан амьтнаа хядан устгасан өрнө дорнын зарим улс орныг бодвол өнөөдрийн монгол орон онгон дархан тансаг дагшин газар хэвээр үлджээ. Монголчуудад байгаль орчноо хам¬гаалах ухаан хэнээс ч илүү эртнээс тогтжээ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр газар нутгаа цөлмөсөн орнууд саянаас ухаан орж байгаль орчныг хамгаалах тухай шуугиж хөл хөөрцөг, шагшаан шуугиан болж байна. Монголчуудын байгаль орчныг хайрлаж хамгаалах эрхэм ёсны ачаар баялаг нөөцтэй, баян байгалийн орон болжээ. Түүний хамт байгалийн баялаг, ус ургамлаа өөртөө ашигтай бусдад хор нөлөөгүйгээр зөв ашиглаж сурчээ.

Чулуу шатаахыг үзсэн тухайгаа гаднын нэгэн хүн гайхан биширснээ бичсэнээс үзэхэд европчууд тэр үед нүүрс гэдгийг мэдэхгүй байжээ. Байгаль дэлхийг хувьчлан эзэшмиж ашиглахыг бэлчээрийн мал аж ахуйн энэ оронд цээрлэдгийг Өгөөдэй хааны гэмшлийн үгнээс мэдэж болно. Монголчууд ямар эрдэнэс, баялаг байдгийг сайн мэддэг, түүгээр нь нэрлэж хайрлан тахиж ирсэн бөгөөд тэрхүү нэр бүхий газарт орчин үед үйлдвэр, уурхай байгуулж ашиглаж байна. Байгалийг танин мэдэхийн хэрээр ус ургамлыг хүн ардын эрүүл мэндэд ашиглан хүн ардаа тэтгэж Аварга тосон, Элст, Хужирт, Рашаант гэх мэтээр нандигнан нэрлэж, илааршуулах байгалиас заяасан өгөөж үр шимийг нь хүртдэг.
Ер нь Чингисийн Монголд аймшигт тахал, халдварт өвчин гарч, хүн ард, цэргүүд үй олноороо үхэж, сүйрсэн тухай түүхийн мэдээ байдаггүй нь эрүүл байгаль орчин, уламжлалт ардын эмнэлэг ихэд хөгжин төлөвшиж улмаар ардын эмнэлэг голлож байсных юм. Цаг зуурын ган зуд, байгалийн гачаал дайрлагыг энд хэлээгүй юм шүү.

Нэгэн зүйл. Нийгмийн оршин тогтнохын үндэс нь гэр бүл, Их монгол Улсын нийгмийн нэгж нь шинэ агуулгатай болж гэр бүл болох ариун ёс чанд мөрдөгдөж төрийн бодлогын чухал хэсэг нь болж чаджээ. Монголчуудын биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг гайхамшигт онол сургаал төрт ёсны дээд шийдвэрлэх зарчим болжээ. Айл гэрийн дотор хөдөлмөрийн чанд нарийн хуваарьтай бөгөөд өрх толгойлсон эр хүн нь онцгой, тэргүүлэх байр суурьтай, айлын бүхий л гадна дотно хүнд нүсэр ажил, хатуу хүтүүг хийж хамгаалж асрах, гадны халдлагаас амь биеэрээ хааж, ан гөрөө, аян жин, алсад зорчих зэрэгт зүтгэдэг байхад гэрийн эзэгтэй айлын дотоод нарийн ширийн ажлыг гүйцэтгэж хам¬гийн гол нь хүүхэд төрүүлж, өсгөж хүн болгох явдал гэж үздэг байна.
Тиймээс ч эрийг нь өрхийн тэргүүн, эмэгтэйг гэрийн эзэгтэй хэмээн хүндэлж гэр бүлийнхний эв нэгдлийг дээдлэн сахидаг бөгөөд айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг ариун ёс зарчим нэвт шингэжээ. Монголд эрхэм дээд эмэгтэйг шинжих тусгай нарийн болзолтой бөгөөд бэр буулгах цэвэр ариун ёс дэг үүнийг гэрчилнэ. Тэр үед монголчууд эмэгтэйчүүд бэлэвсрэх, айл гэр толгойлохыг ихэд цээрлэдэг байсан нь гүнзгий утга учиртай.

ХIII зууны үед монголчууд гар урлал, гар үйлдвэр, хот байгуулах арга технологийг хөгжүүлжээ. Тэгэхдээ бусад ард түмний дэвшилттэй тохирох зүйлийг өргөн нэвтрүүлж ашигласан нь мэдээж. Мал аж ахуй эрхлэхэд шаардагдах хөдөлмөрийн багаж хэрэгслийг бүтээсэн нь хосгүй. Жишээлэхэд олон төрөл тэрэг, түүний дотор олон шар хөллөж хөдөлж явдаг гэр-тэрэг. Тэргэн дээр барьсан орд-өргөө бүтээсэн нь дэлхийд өөр газар хаана ч байсангүй. Монголчуудын нум сум асар хол тусдаг оноц сайтайгаараа гайхагддаг, дуут сум, хүчит эрийн их хар нум, түүхнээ монголын махир сэлэм, Балбын дарханы балбаж хийсэн, бас нэг дарханы давтаж хийсэн хэмээн тэмдэглэгдсэн байх жишээтэй. Малын түүхий эдийг боловсруулах технологи нь онцгой өвөрмөц бөгөөд айраг цагаа исгэдэг, ааруул хурууд цагаан идээний бүтээгдэхүүн нь гаргуун шимтэй. Ааруул, хурууд, ээзгий хийдэг улс орон нүүдэлчдээс өөрийг дуулаагүй.
Монгол гэр /сархинаг ба хатгуур тоонот/ бол нүүдлийн нөхцөлд тохирсон, салхи шуурганд тогтвортой газар хөдөлсөн ч нурж унадаггүй, гадаа гэрт адил агаар амьсгал ямагт ариун, цэвэр цэмцгэр ачиж нүүх, барьж буулгахад хялбар амар, халуунд сэрүүн, хүйтэнд дулаан энэ сууц хүн төрөлхтний бүтээсэн олон сууцны шилдгийн шилдгийн нэгэн болж цаг улирах тутам сайжран тохижсоор иржээ.

Монголын хувцас гутал, өмсгөл, зүүлт нь байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд гайхамшигтай зохицдог, хийц ур сайтай, эдэлгээтэй, гоё ганганаараа онцгой содон. Сайн хүний нэг шинж нь үйлэнд уран байдаг. Монгол хувцасны загвар өнөө үед ч тэргүүн байранд шалгарч байгаа нь эртний үйлэнд уран уламжлалаа бүтээлчээр хөгжүүлсний тод илрэл юм.
Монгол улс нэгдэн төвхнөсөн үед иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд анхаарал тавьж онцгойлон үздэг болсон бөгөөд баатарлаг ид хавыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөө дурсгал босгодог байжээ. Үүний тод жишээ нь монгол үндэсний эрийн гурван наадам-ыг хэлэхэд хангалттай билээ. Энэ нь чухамдаа тусгаар тогтносон Их Монгол улсын төрийн их ёслол болжээ.
Аливааг бүтээж босгохдоо түүнд гоо үзэсгэлэн, урлагийг ямагт хослуулдаг нь гайхмаар. Уран гайхамшигтай хээ угалз, сийлбэр цоолбор, зээгт наамал, оёж шидэх, хатгамал, ширээс, ээрэх нэхэх, томох, сүлжих гэхчилэн олныг өгүүлж баршгүй.
Монголчууд байгалаас заяамал гоц авьяас билэгтэй ард түмэн. Монгол хүн бүрт байдаг онцгой авьяаслаг шинж нь тэд уянгалаг яруу, хурц тод бөгөөд яруу найрагч шүлэгч, ерөөлч, магтаалч цэцэн цэлмэг шүлэглэж илэрхийлнэ.

Монгол уртын дуу хосгүй эгшиглэнтэй нь хаана ч байдаггүй бөгөөд хөөмийлэх, исгэрэх нь гайхал төрүүлнэ. Тиймээс ч монголчуудыг дуучин ард түмэн, дуу хуурыг туурвин бүтээгчид гэдэг. Хоёрхон чавхдаст хөгжмөөр хорвоог уяруулдаг хосгүй нэгэн үндэстэн. Азийн цээжинд байдаг нь уртын болон богинын, зохиолын дуу, тэр ч байтугай сонгодог хөгжмийг ч тоглодог тэнгэрлэг морин хуурыг /хилийг/ бүтээсэн эзэд нь монголчууд билээ. Уртын дуу нь ая дэгийг долоон өнгөт нотоор тэмдэглэхэд хэцүү, түүний тансаг сайхныг бүрэн илэрхийлж чаддагүй аж. Тиймээс ч найрын гурван дуутай, наадмын гурван даваатай гэдэг үг гарсан биз.

Монголчууд өвдөг газрыг өлтөртөл, хажуу газрыг халцартал бүжиглэж биеийн гоо сайхан, уян налархай, бие бялдар, сүр хүчийг гайхуулдгаараа алдартай. Бас хүний оюун ухааныг задалж, зохион бүтээх чадварыг сорьж өсгөх увидас агуулсан оньст тоглоомыг гайхамшгийн нэгд оруулдаг нь зүйн хэрэг. Их гүрний үеэс хот, уран барилга, орд өргөө барьж байгуулах нь ихэсч Хархорум хот, Мөнх хааны орд, Хар хот зэргийг байгуулж эхэлсэн. Хархорумын 64 баганат Их танхим, Мөнгөн модон оргилуур алдартай байлаа. Сонирхолтой нь түүхнээ монголчууд нүүдлийн хотыг анх бий болгожээ.Барилга байшинг эртний Хятад, Төвд, Энэтхэг хэлбэрийг ашиглан барихын зэрэгцээ барилгын монгол хэлбэр хийц болох /стиль/ гэр хэлбэрийн барилга бий болжээ. Отчигин ноён хот байгууламжийн ажилд их сонирхолтой, мэргэжсэн хүн байсан гэдэг.

Их Монгол улсын үед соёл урлаг, шинжлэхүй ухаан цэцэглэж өрнө дорнын соёл харилцан нэвтэрч үндэсний соёл дэвжиж, үндэсний ухамсар сэтгэлгээ өөдөлж өрнөх бодит тааламжтай нөхцөл бүрэлдэж Монгол угсаатны монголоон гэсэн үндэсний Монголоон гэсэн гүн итгэлтэй чин зоригт монгол хүнийг төлөвшүүлэхэд бүхнийг зориулж Их засаг хуулийг баталж, уйгаржин монгол бичгийг төрийн албан хэл болгож монгол хэл бичгээ улам боловсронгуй болгож, монгол хэл судлалыг гүнзгийрүүлжээ. Монгол хэлээ, хэл судлал, хэл бичгээн сайжруулах нь тусгаар тогтносон Их Монгол үндэстэн оршин тогтнох чухал хүчин зүйл гэж үзжээ. Эх хэлээ эрхэмлэх нь эх орноо, улс үндсээ хамгаалах бодлого, их үйлсийн нэг тал билээ. Үүний баталгаа нь улирах түүхийн явцад дөрвөлжин үсэг, тод үсэг, соёмбо үсэг зэргийг бүтээн туршиж, яруу сайхан хэлээ баяжуулан хөгжүүлсээр иржээ.

Хүн төрөлхтний оюун санааны ертөнцөд монголчуудын цэргийн байлдах уран чадвар онцгой байр суурийг эзэлдэг бөгөөд Их улсыг байгуулах, дэлхийг төвхнүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Чингис хааныхан олон улсын харилцаанд гадаад худалдааг хөгжүүлж, Их торгон зам Хархорумаар дайрах болж, худалдааг улс хоорондын найрсаг харилцааны чухал хэрэглүүр болгож зах зээлийг олон улсын харилцаанд нээж өгчээ. Цаасан мөнгө, зоос мөнгийг хэрэглэх болсноор эдийг эдээр сольдог арилжааны хэлбэр худалдаа наймааны зэрэгт хүргэж, таваар, мөнгөний харилцааны эхийг тавьжээ.
Олон улс, өрнө дорнын хооронд олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих болжээ. Чингис хааны гадаад дотоод бодлого, хосгүй ухаан тэнгэрлэг үйлсийн ачаар эдүгээгийн дэлхийн улс түмэн оршин тогтнож урагшлан хөгжсөөр байгаа нь түүний өнөөгийн түүхэн ач холбогдол орших бөгөөд дэлхий дахинаараа Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг өргөн тэмдэглэж буйн үнэн учир оршино.
Монгол улс үеийн үед мөнхжин мандах болтугай.

МУИС-ийн хүндэт профессор, доктор Д.ХҮҮХЭНБААТАР
Ардын эрх сонин 236 /514/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button