Ла Скала театртэй болзсон минь

ХОЁР ТӨРХ
1946 онд Тосканинийн удирдсан түүхэн концертоор театр дахин төрсөн гэж ярилцдаг. Театрын амьдралын бас нэгэн чухал үйл явдал бол 2004 оны сүүлчээр хийгдсэн их засвар юм. Чухам энэ засварын дараа л Ла Скала түүхэн ба орчин үеийн гэсэн хоёр төрхтэй болсон гэдэг. Швейцарийн уран барилгач Марио Ботта театрын байшингийн нүүрэн хэсгийг засварлангаа ар дэвсгэр дээр нь хийсвэр уран барилгын сонгодог загварыг нэмжээ. Хүлээлгийн болон үзэгчдийн танхим, шатыг урьдын ер бусын байдлаар сэргээв. Хожим дэвссэн хивсийг зайлуулж, элдэв будаг шунхийг арилган, нямбай цэвэрлэгээ хийсэн байна. Одоо харагдах өнгэ нь хэт тод биш мөртлөө хоёр зуун жилийн өмнөх шиг алтлаг өнгөөр гялалзах аж. Ингэснээр эртний түүх нь улам тодорсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үндсэн их өөрчлөлтийг үзэгчдийн нүдэнд харагдахгүй, тайзны арын хэсэгт хийжээ. Өөрөөр хэлбэл, хөшигний ард шинэ техникээр тоноглогдсон орчин цагийн театр байгаа гэсэн үг. Тайзны хэмжээг гурав дахин томсгосон ба өнөөдөр ийм тайзан дээр аль ч найруулагчийн ямар ч бүтээлийг бүрэн тоглох боломжтой болов. Техникийн ид шидийг театрт бий болгосон инженер Франко Мальгранде энэ ажлынхаа төлөө Итали улсын өмнө байгуулсан зүтгэл-ийн одонгоор шагнуулж байв. Дуу авианы тархалтын өмнөх хэм хэмжээг хадгалж чадсан уу гэдэгт эргэлзэх хүн байсан ч төдөлгүй энэ эргэлзээ нь арилжээ. Засвар дууссаны дараа Риккардо Мути хөгжимчидтэйгээ театртаа ирж дуу авиаг шалгаад сэтгэл хангалуун үлдсэн гэдэг.

ОРОСУУД ЛА СКАЛА-Д
XIX зууны сүүлчээр Ла Скала театрын уран сайхны удирдагч болсон Тосканини Венийн дуурийн театрын удирдаач Густав Малерт хандан гадаадын дуурийн тоглолтуудыг Миланы театрт хийж байх санал тавьсан аж. Энэ нь театрын нэр хүндийг дэлхийн хэмжээнд улам өргөв. Чайковскийн Гилбэрийн хатан (1890) дуурийг Ла Скалад тоглосон нь Италид их чухал үйл явдал болсон гэдэг. Тосканини Евгений Онегин (1903) дуурийг итали хэлээр тавьсан ба тэр үед дуурийг эх хэлээр нь дуулах журам тогтоогүй байв. Харин үүнийг Оросын алдарт дуучин Федор Шаляпин эвдэх шахсан гэдэг. Тэрээр уг театрт анх удаа Бойтогийн Мефистополь дуурийн Мефистополийн дүрд 1901 онд дуулжээ. Дараа нь Шаляпин Борис Годуновын дүрийг бүтээхээр ирээд орос хэл дээр сургуулилтаа хийж байхад нь зогсоож, Энэ театрт зөвхөн итали хэлээр дуулах уламжлалтай гэжээ. Шаляпин хариуд нь Би одоо та нарын уламжлал гэж хариулсан гэдэг.

ӨӨРИЙНБА ХАРИЙН
Техникийн шинэчлэлийн хамт театрын бодлого өөрчлөгдлөө. Даяарчлалын эринд дэлхийн хөгжмийн урлагийн бүтээлчдийн дунд ихээхэн зогсонги байдалтай гэж тооцогддог Итали хувирч дэлхийн хэм хэмжээнд тохирохоор өөрчлөгдөж байна.
Шинэ захирал Штефан Лисснер (Wiener Festwocheen гэдэг Венийн наадмыг ч бас удирддаг) уламжлалыг барьдаг ч олон улсын бичигдээгүй хэм хэмжээг эрхэмлэдэг. Тэр нь Ла Скала цаг үетэйгээ хамт даяарчлагдаж байна гэсэн үг. Хэрэв 2000 он хүртэл Ла Скалад гол төлөв Италийн найруулагч ажиллаж байсан бол одоо энд дэлхийн сонгодог урлагиин шилдгүүд ажиллах болжээ. Олон үгтэй, ээдрээтэй гэж италичуудын шүүмжилдэг Вагнерийн дуурийг хүртэл тоглох болов. Олон улсын стандарт жүжиг бүтээх арга барил хүртэл нэвтэрч байна.

Театрын бодлогыг захирлуудын өргөтгөсөн зөвлөлийн есөн хүн шийднэ. Тэдний хэн нь ч хөтөлбөрт өөрийн санааг оруулах боломжтой. Гэсэн ч эцсийн үгийг уран сайхны удирдагч хэлэх эрхтэй. Орчин үеийн сонгодог урлагиин зах зээл өдрөөс өдөрт өргөжиж байна. Шинэ одууд түрэн гарч, тэднээс шилдгийг сонгох нь төвөгтэй болж байна. Маргаашийн алдартныг өнөөдөр шинээр тодруулах хэрэгтэй.
Хөтөлбөрийн голыг үндэсний сонгодог жүжиг бүрдүүлэх нь мэдээж хэрэг. Хөтөлбөрийн схем нь бусдаас арай ялгаатай. Жүжгийн тавилт хэд хоногийн завсарлагатай 5-7 тоглолтоор эхэлнэ. Дараа нь жинхэнэ анхны тоглолтын ээлж ирдэг. Зарлалын самбарт нь дуурь, бүжгэн жүжиг хоёр дараалан зарлагдсан байдаг. Энэ нь техникийн талаасаа илүү дутуу ажиллагаа шаардахгүй давуу талтай. Дуучид, жүжигчид, удирдаачийн хувьд ч ялгаагүй. Гэхдээ л гадныхан Миланд очоод ганц дуурь, эсвэл бүжгэн жүжиг үзэх нь хангалтгүй байдаг байх л даа. Энэ театрын бусдаас ялгагдах нэг онцлог нь улирлын нээлт нь өвөл буюу арванхоёрдугаар сарын 7-нд эхлээд арваннэгдүгээр cap хүртэл үргэлжилнэ. Уламжлал болсон наймдугаар сарын завсарлага гэж энд үгүй.

ӨӨРИЙН ХЭВ ЗАГВАР
Чанартай, уламжлалтай гэсэн хоёрхон үгээр Ла Скала театрын загварыг тодорхойлж болно. Ер нь энэ нийтлэг чанар Италийн дуурийн театруудын онцлог. Тансаг орчинд мэргэжлийн өндөр түвшинд дуулах, танил хөгжмөө сонсохоор үзэгчид театрт ирдэг. Театр урлагиин хөгжлөөс гадна зах зээл түүний гол хэрэглэгч дундаж үзэгчдийн талаар үргэлж бодож байх ёстой. Ла Скала ч үзэгчдээс ихээхэн хамааралтай. Улсын төсвөөс театрт дөнгөж 40 хувийн хөрөнгө оруулалтыг өгөх ба бусдыг нь театр тасалбарын үнэ хандиваар олох ёстой. 2000 он хүртэл харьцаа нь эсрэгээр байлаа. Төсөв доод хэмжээний төвшинд хүрсэн ч брэндыг хангалттай хэмжээнд барихад хүрэлцээтэй гэж театрын хэвлэлийн төлөөлөгч ярьж байна.
Зарим нэг чанартай тавилтаас гадна ерөнхийдөө бол тенор, сопраногийн бүрэн үзэсгэлэн, бие биенээ харан хайраа илэрхийлэх уйтгартай гэмээр үзвэр үзэгчдийг татдаг нь театрын хөтөлбөрөөс харагдана. Иймэрхүү маягаар Масснегийн Манон (найруулагч Жоэль) тавигдсан байгаа. Үе дамжин хэрэглэгдэх эмээгийн хуримын даашинз шиг гэмээр жүжиг нэг мөр ингэж л шийдэгджээ. Гэхдээ ийм үзвэрийг уйтгартай гэж хэлэх аргагүй. Хөгжим нь энэ бүтээлийн гол аврагч болдог аж.

БҮЖГЭН ЖҮЖИГ ШИНЭ ХАРЬЦАА
Ла Скала театрт бусдын адил бүжгэн жүжиг ч тавьдаг. Түүнийг 2001 оноос Фредерих Оливьери толгойлж байна. Өмнө нь тэрээр Опера де Пари, Монте Карлогийн ба Гамбургийн бүжгэн жүжгийн театрыг удирдаж байлаа. Тэр театрын бүжгэн жүжгийн бодлогыг өөрчилсөн юм. Ла Скалагийн бүжгэн жүжиг дуурийнхаа адил сонгодог чиглэлд л байсан билээ. Шинэ удирдагч хөтөлбөрийг шинэчлэн таван жилийн дотор ХХ-зууны бүжгийн чиглэлийг илэрхийлсэн 25 жүжиг тайзнаа амилуулав. Театр сонгодог ба орчин үеийн модерн бүжгийн ухаалаг харьцааг бүрдүүлж чадлаа.
Үзэгчдийн хувьд Ла Скалагийн бүжгийн нүүр царай нь өмнөхийн адил этуэль. Хүмүүс бүжиг дэглэгчийг биш од-ыг үзэхээр ирдэг. Өнөөдөр Баядерка бүжгэн жүжгийн од Светлана Захарова тэдний ярианы гол сэдэв нь. Опера де Пари-д бүжиглэж байсан энэ царайлаг бүсгүйг Ла Скала-д Ольивьери урьсан юм. Тэрээр энд гурван жүжигт бүжиглэж байна. Захароваг спотын хувцастай гудамжинд явахад нь хүртэл хүмүүс түүнтэй мэндэлдэг гэнэ. Бас л ийм замаар шахуу Оросын 23 настай Сарафанов эндхийн од болжээ. Тэдэнд энд ажиллах нь тансаг тохитой. Гэхдээ л эндхийн дүрэм горим өөр. Ядартлаа зүтгэдэг Америк шиг биш яг л хуваарийн дагуу ажиллана.

ХӨШИГ НЭЭГДЭХ АГШИНД
Оройн зургаан цагаас эндхийн орчин өөрчлөгдөж эхэлнэ. Кассны өмнө хүмүүсийн дугаар үүсч дараалал тэмдэглэх аж. Явцын дунд тэдэнтэй зэрэгцэн тасалбар дамлагчид гарч ирнэ. Тэдний ихэнх нь оросууд байх нь гайхалтай. Тоглолт 2000 цагт эхэлтэл театрын зоогийн газарт цагаа өнгөрөөвөл зүгээр. Үзэгчид цугларч эхэллээ. Тэд гоёж гангарсанаараа ялгагдан жинхэнэ голлон тоглогчид гэдэг нь шууд танигдана. Тэдэнд л зориулж энэ бүгдийг бүтээж хийдэг. Театрын өмнө ёслолын хувцастай цагдаа нар зогсох нь аюулгүй байдлаасаа илүү уламжлалт ёслол гэлтэй. Хүлээлгийн танхимд гоё хувцастай гал сөнөөгчид ч үзэгдэнэ. Ид шидийн эхлэлийг гэрлэн дохиогоор зохицуулдаг аж. Гэрлийн бүдгэрэлт ер бусын зураглал үүсгэн шидэт ертөнцийн хаалгын нээнэ. Тайзнаа үл ялих хөдөлгөөн гарч улаан хүрэн хөшиг ер бусын нугалаа гарган өргөгдөн нээгдлээ. Жүжиг эхэлж бидний Ла Скала театрт хийсэн аян төгсч байна.

ХАМГИЙН СҮҮЛД НЬ
Хэрэв та Миланд очихоор болбол театрын сайтад орж тасалбар захиалж болно. Үүнийг хичнээн эрт хийвэл төдий чинээ их хямдрал үзүүлнэ. Нэгэнт Миланд ирээд дуурь үзэх хүсэл төрвөл Duomo талбайн гол кассанд очоорой. Өдрийн 1200 цагаас онгорхой байгаа. Өөр нэг хувилбар нь оройн 1800 цагт шууд театрын кассанд очиж болно. Тэнд таныг дугаарлалд оруулах ба аз таарвал хажуугийн суудлын 15 еврогийн үнэтэй тасалбар ногдож магадгүй. Үгүй бол зарагдаагүй тасалбараас 25 хувийн хөнгөлөлттэй авч болно. Италийн үндэсний дууриас илүү гадаадын дуурь үзэх боломж бий. Тасалбар олох хамгийн хэцүү цаг нь театрын улирлын нээлтийн үе. Ихэнх суудал урилгаар хуваарилагдаж, үлдсэн цөөн тасалбар нь 2000 еврогоор зарагддаг.

Ардын эрх сонин 236 /514/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button