Г.БАТСАЙХАН Хятадууд нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах гэж байгаад амиа алдсан

Энэхүү үйлдвэрийг Байгаль орчны яамны мэргэжилтнүүд шалгажээ. Энэ талаар БОЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын орлогч дарга Г.БАТСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Танай яамныхныг саяхан газар дээр нь очиж ажиллаад ирсэн гэж сонссон. Хэргийн тухай хэвлэлээр янз бүрийн зүйл ярьж байгаа яг юу болсон юм бэ?
-Өнгөрсөн сард хэсэг хятад Хужирбуланд үйлдвэр байгуулж. Yйлдвэрийн зорилго нь хаягдал маслоос нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах байж. Гэхдээ тэд үйлдвэр байгуулахад авах ёстой зөвшөөрлөөс нэгийг нь ч аваагүй юм билээ.

-Ямар зөвшөөрөл хаанаас авах ёстой байсан гэж?
-Ийм үйлдвэр барихын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой. Мөн химийн хорт бодис ашиглах зөвшөөрөл гээд л. Зүгээр л худалдаа наймаа хийнэ гэсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байсан. Ингээд тэд өнгөрсөн сарын 12-ноос эхлэн хаягдал тос цуглуулаад түүнийгээ нэрж. Нэрэхдээ 10 тонн тосыг том тогоонд хийгээд дороос нь гал түлсэн байгаа юм. Ингээд хоёр дахь өдрөө тогоогоо халааж байтал мэргэжилтэн буюу инженер нь нас барсан байна. Yүнээс үүдээд л хэрэг мандаж. Мэргэжлийн хяналтынхан ч очиж, шалгаж. Одоо тэнд ажиллаж байсан хоёр хятадыг байцааж байгаа. Ийм л юм болсон.

-Инженер нь юунаас болж нас барсан нь тогтоогдож уу?
-Угаартаж нас барсан байх гэсэн таамаглал байна.

-Яагаад таамаглал гэж. Ийм удаж байхад юунаас болж нас барсныг нь тогтоогоогүй юм уу?
-Тос халаахаар угаар дээшээ дэгддэг. Энэ угаараас болж нас барсан нь тодорхой. Харин угаарын хийг ямар хортой, ямар бодис болохыг нь тогтооё гэхээр Улсын мэргэжлийн хяналтын газарт тийм лаборатори алга. БОЯ-ны лабораторид ч үүнийг шинжилж чадахгүй байгаа. Ингээд Монголдоо ганц байдаг Гаалийн ерөнхий газрын лаборатори руу дээжийг илгээж. Хүний биед хортой хоёр бодис илэрлээ л гэсэн. Цааш нь нарийн шинжилж чадаагүй. Шинжлэх бололцоо ч байхгүй юм билээ. Ингээд л гацаанд орчихоод байгаа. Уг нь ийм бодис шинжлэх лабораторитой болох гэж олон жил хөөцөлдсөн гэсэн. Харамсалтай нь бүтээгүй. Одоо л гор нь гарч байх шиг байна.

-Одоо хэргийн газар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юу. Онцгой байдлын албаныхан тэр хавийг тусгаарласан гэж байсан?
-Нийслэлийн Онцгой байдлын газрынхан хэргийн газар ажилласан, тусгаарласан. Харин дараа нь өнөөх 10 тонн тосоо устгах гэтэл бас л бэрхшээл гарлаа.

-Ямар?
-Yүнийг устгахын тулд Химийн хорт бодисын тухай хууль унших хэрэг гарсан. Хуулийн 6.2-т химийн хорт бодисыг устгах, яаж үгүй хийхийг үндэсний зөвлөл шийднэ гээд заачихаж. Yндэсний зөвлөлийн дарга нь манай яамны сайд. Ингээд өчигдөр үндэсний зөвлөл хуралдав. Хуралдаанаар 10 тонн тэр тосон дотор ямар химийн элемент байгааг шинжлэх, шинжилсний дараа хоргүйжүүлэх, хоргүйжүүлсний дараа шатааж устгах нь зүйтэй гэж үзсэн. Шатаахдаа зүгээр ч нэг шатаах бус өндөр даралтын тусгай зууханд шатаах ёстой байдаг. Гэтэл Монголд химийн хортой бодис буюу аюултай хог хаягдлыг устгадаг цэг алга. Ингээд ахиад л гацаанд орчихоод байж байна. Хурлаар мөн гурван шийд гаргасан. Нэгд ажлын хэсэг байгуулах, хоёрт дотор нь ямар бодис хольсныг бид мэдэхгүй учир олж тогтоох, гуравт шатаахад ямар бодис дэгддэгийг олж тогтоох.

-Яг өнөөдрийн байдлаар Хужирбулангийн ойр орчимд хорт бодис байхгүй гэсэн баталгаа бий юү?
-Химийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэр тосыг халаахад л хорт бодис дэгддэг. Хүйтэн нөхцөлд буюу халаагаагүй үед хорт бодис ялгарахгүй гэж үзэж байгаа. Тэгээд ч Онцгой байдлын албаныхан тогоог таглаад битүүмжилсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button