Хөдөө дэх төрөл садангийн засаглал

Хууль санаачлах гурван субьектийн хоёр нь болох Ерөнхийлөгч, Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулж хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй сурталчилж байна.
Орон нутгийн байдал ямар байна вэ. Хо.. аймгийн нэгэн суманд эхнэр нөхөр хоёр ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад өрсөлджээ. Эхнэр нь сургуулийн хичээлийн эрхлэгч, нөхөр нь тухайн үед ажилгүй байж. Сумын ИТХ хоёр ч удаа хуралдаад гишүүдийн санал тэнцсэн байна. Аймгаас бие төлөөлөгч очиж байж ахин хуралдуулж, эхнэр нэг саналын зөрүүтэй ялж дарга болжээ.
Бас нэг суманд төрсөн ахан дүүс Засаг даргад өрсөлдөж хоёр ч удаа тэнцжээ. Сумын ИТХ-ын дарга тэднийг Ээж дээр нь дагуулж очоод та хоёр хүүгийнхээ хэнийг нь дарга болбол дээр гэж бодож байна гэхэд ээж нь Хүн ахтай дээл захтай гэдэг байхаа гэснээр ах нь дарга болжээ. Гэтэл цагаан сараар дүү нь ахдаа золгоогүй өнгөрчээ.
ха аймгийн нэгэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр аав, ээж, хүү гурав зэрэг сонгогджээ. Аавыг Засаг дарга болгохгүй бол ээж бид хоёр саналаа өгөхгүй гэснээр аргагүйн эрхэнд аавыг нь Засаг дарга болгожээ.
Сумын ИТХ-ын ялалт байгуулсан намын бүлгийнхэн хуралдаж алтны дэргэдэх гууль шарлана гэдгийг бодолцож, өмнөх Засаг даргын жолоочийг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Хурал болдгоороо болж жолооч Засаг дарга болж бас ч үгүй эр хүний шийр зааж өмнөх даргаа ЗДТГ-ын дарга болооч гэж санал тавьжээ. Эрхэм дарга буурь зааж Тамгын газрын дарга биш, харин тамгаа шилжүүлбэл саналыг чинь хүлээн авахад бэлэн байна гэсэн ажгуу. Таван сарын дараа жолооч нь хуучин даргадаа албаа шилжүүлснээр сэтгэлийн шаналлаас салж санаа амарчээ.
Го аймгийн нэгэн суманд багийн Засаг дарга сонгох хуралд 32 иргэн ирж, 27 хүний нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр хамгийн бүрэг дуугүй нэгнээр Засаг даргаа сонгож, иргэдийн нийтийн хурал өндөрлөжээ. Иймэрхүү жишээ хэд л бол хэдийг дурдаж болох. Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ. Эхнэр, нөхөр хоёр, ах дүү хоёр, жолооч дарга хоёрыг ингэж эвдрэлцүүлсэн бодит хүчин нь юу вэ. Өнөөдөр хөдөөгийнхөн гол усаараа, дов жалгаараа, нам эвсэл болж, талцаж мэтгэлцэж, бүр өсөрхөж, хонзогнох байдалд хүрсэн нь бодит үнэн билээ. Суманд ардчилсан сонгуулиар өрсөлдсөн хоёр нөхөр өдөр бүр нүүр тулан уулзаж, үр хүүхэд төрөл төрөгсөд нь энэ нөхөр манай тэрнийг ялж ажилгүй болгосон этгээд гэж нэг хурлын төлөөлөгчдөө эчнээгээр яллаж суух болжээ. Ийм байхад орон нутгийн төр, захиргааны эрх мэдлийг өндөрсгөх, нэр хүндийг нь дээшлүүлэх асуудал хоосон яриа болон өнгөрч магадгүй юм.
Ингэхгүйн тулд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг саналын эрхтэй 50-60 хүнээс бус ядаж нэг бүхэл бүтэн багаас, болж өгвөл сумын нийт сонгогчдоос сонгодог болох. Өнөөдрийн хуулиар бол ахан дүүс, төрөл төрөгсөд, худ ургийн холбоотой нэг хэсэг хот айлыг бараадуулж МАХН ахыг, АН эгчийг нь, Хөрөнгөтний нам хүргэнийг нь, Эх орон нам бэрийг нь дэвшүүлж, тэдний хооронд нь дайтуулж сэтгэлийн шаналалд унагаж байна.
Хоёр. Багийн Засаг даргад сумын Засаг дарга 2-3 хүний нэр дэвшүүлж Иргэдийн хурлаар хэлэлцүүлж олонхийн санал авсан хүнийг томилдог жишиг тогтохгүй бол багийн хуралд хэн машинаар олон хүн зөөсөн, эсвэл хэн ахан дүүс олонтой нь Засаг даргаар сонгогддог гаж тогтолцоо үүсчээ.
Гурав. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон бүх шатны Засаг даргад нэр дэвших хүмүүсийн хувьд боловсрол, мэдлэг, дадлага туршлага, хамт олонд үнэлэгдсэн байдал зэргийг илтгэсэн шалгуур үзүүлэлтүүдийг яагаад тогтоож болохгүй гэж. Ядаж бичиг үсэгт бүрэн тайлагдсан байх ёстой шүү дээ. Хууль тогтоомж уншаад бусдад таниулчихдаг ядарсан нэгэнд часхийсэн өргөдөл бичээд өгчихдөг байвал аштай юу. Сумын дарга нь боловсрол мэдлэгээр тааруухан, санаж сэдэхээр маруухан нэгэн болбол сум тэр аяараа сувайрч, төр нь аяндаа дампуурч орон нутгийн ард түмэн үнсэнд хаясан шалз шиг болж дөрвөн жил гансрах эчнээ ял сонсдог болчихоод удаж байгаа билээ.
Дөрөв. Төрийн албаны зөвлөлийн зүгээс үе үе сургалт зохиож шалгалт авч, ажилдаа тэнцэж байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт гаргаж, дэвшүүлсэн нам эвсэл, эрх мэдэл бүхий хүмүүст нь шаардлага санамж өгч алдаа дутагдлаа засахыг шаардаж сонин хэвлэлээр нийтэд мэдээлдэг байсан ч болохгүй нь юусан билээ. Бага насны хүүхдүүд айл гэр болж тоглодог уламжлал байснаас том хүн төр барьж тоглодог уламжлал манайд байгаагүй билээ. Суманд төрийн биш төрлийн сонгууль давамгайлж аймаг, нийслэлд ард түмний биш ангийн, алтан нутгийнхны сонгууль голлож, төрийн эрх барих дээд байгууллага нь төрийн өмчийн хулгайгаар баяжиж сүлбэлдсэн, улс дамжсан корпораци гэдэг шиг нам дамжсан луйварчдаар бүрддэг жишиг Монгол оронд тогтох төлөвтэй. Ийнхүү бүх төрлийн сонгууль нь цусан төрлийн хийгээд хөрөнгө мөнгөний сүлбээгээр холбогдоод эхлэхээр үүсэж бий болсон төр засаг нь төрөлхийн хэлгүй, дүлий, тахир дутуу юм шиг нэг л унхиагүй, хийморь лундаагүй, бие биедээ найр тавьсан, өгсвөл цуг өгсөнө, үхвэл цуг үхнэ гэж хэн хэнийгээ шантаажилсан, барьцаалсан механизм болчихдог юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button