Баярлалаа, Д. Нямхүү

Азийн спортын наадамд монголчуудын медалийн салхийг хагалсан жүдочид алтан медалийн түрүүчийг мөн л авчирлаа. Уржигдраас өчигдөрт шилжих шөнийн 01 цагт Монгол Улсын төрийн дууллыг Дохагийн тэнгэрт эгшиглүүлж, ерөөлийн, бас өөрийнхөө нүдэнд баярын нулимс хуруулсан тэр тамирчин жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Дамдинсүрэнгийн Нямхүү байв.
Д.Нямхүүд харьцангуй хатуу сугалаа таарсан. Үнэндээ бол нэг медаль дээр буух нь буух байх гэж итгэж байсан ч алт гэж шууд найдахад хэцүү зоонд манай тамирчин таарсан байв.

Урд өдрийнх ньбарилдааны -100,100 кг-д Япон, Өмнөд Солонгосын бөхчүүд аварга болчихсон, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д бас л Хятад, япончууд алт зүүчихсэн, нэг ёсондоо түүний хамгийн ширүүн өрсөлдөгчид гэж таамаглаж болох Япон, БНХАУ-ын хатуу учраанууд түүнийг хүлээж байлаа. Эхний өрсөлдөгч болох Палестины бөхийг тэр цэвэр ялав. Дараагийнх нь Японы Такаши Оно. Жүдо барилдааны эх орны хүү Такаши Оног Д.Нямхүү урьд нь лав Ази тивийн аваргаар ялж байсан юм. 2003 оны Азийн аваргад Д.Нямхүү, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хамт алтан медаль зүүхдээ, хэсгийн аваргын төлөө тэр нөхрийг боох мэхээр ялж, медальд дөхөж очсон. Түүнээс хойш Д.Нямхүү жил гаруй бэртэлтэй, хоёр жил орчим бэлтгэл хийгээгүй гэхэд Япон залуутай энэ удаа тун сайн барилдлаа. Манай тамирчин түүнийг нэг юко, нэг коко үнэлгээгээр хожсон. Хэсгийн аваргын төлөө барилдсан Хятадын бөхийг бол бүр нэг базари, нэг юко, кокогоор ялсан. Алтын төлөө ч гэсэн Д.Нямхүү Казахстаны бөхөөс хавьгүй илүү харагдаж байлаа.

Телевизээр тайлбарлах нь, Д.Нямхүүг алтан медаль авсан даруй Катарын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монголын бөхчүүд хүчтэй байна. Монголын жүдоч алтан медаль зүүлээ гэж сүрхий ач холбогдол өгч байсан гэсэн. Өглөө нь ирээд интернетээс харахад, нээрээ тийм байв. Дохагийн албан ёсны сайтын тэргүүн нүүрэнд манай тамирчны зураг, мэдээлэл зэрэг заларчээ. Түүний товч бөгөөд ухаалаг хариулт олон орны сэтгүүлчдэд таалагдсан бололтой. Онцолж магтсан байв. Бас сэтгэгдлийг нь Дохагийн албан ёсны сайтад бичиж үлдээсэн байна.
Сэтгэл өндөр, маш их баяртай байна. Би Азийн наадмаас хоёр дахь медалиа хүртэж байна. Өмнө нь Бусаны наадмаас хүрэл медальтай нутагтаа очиж байсан. Энэ медалийг би гэр бүлийнхэндээ зориулмаар байна. Яагаад гэвэл тэд намайг ийм амжилтад хүргэсэн хэмээн Азийн наадмын монгол аварга сая сая үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ.

Нэгэн зүйлийг онцлоход Д.Нямхүү анх энэ удаа л аварга гэдэг нэрийг авч байгаа юм биш. Гурван жилийн өмнө тэр бэртэл гэмтлийн хүнд хатуутай нүүр тулаагүй байхдаа, 2003 онд жүдо, самбо бөхийн улсын аваргаас эхлээд олон улсын жүдочдын тэмцээн, Ази тивийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга гээд жижиг, том нийлсэн долоон тэмцээнээс алтан медаль зүүж, аварга хэмээх алдрыг аль хэдийн өвөртлөөд үзчихсэн байсан юм. Харин энэ удаа Азийн наадмаас медаль хүртсэний хамгийн том гавьяа нь тэр өөрийгөө ялан дийлж, их спортдоо эргэн ирсэн нь байлаа. Азийн наадмын алт хүртсэнээрээ Д.Нямхүү өөрийг нь Бээжинд сойж болно шүү гэсэн халуун итгэлийг ард түмэндээ шивнэв. Азийн наадмаас жүдочдод олимпиин эрхийн овоохон оноо өгнө гэсэн. Одоо Бээжинд л зүтгэх хэрэгтэй, Нямаа. Багтаа анхны алтыг авчирсанд, бас өөрийгөө ялсанд, бидэнд төрийн дуулал сонсгосонд баярлалаа, чамд.

Ардын эрх сонин 236 /514/
Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button