Орлоготнуудыг Сангийн сайд тэргүүлж байна

Эрхэм спикер арванхоёрдугаар сарын нэгэнтэй уралдан алхаа тогшсоноор ирэх оны Төсвийн хууль батлагдав. Үүний дагуу улсын төсвөөс ямар албан тушаалтнууд хэдэн төгрөг зарцуулах эрхтэй болсныг бид мэдээлсэн. Энэ удаад сайд, албан тушаалтнууд төсөвт юу нэмэрлэхийг өгүүлье.

Төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлэх буюу орлоготнуудын жагсаалтыг Сангийн сайд Н.Баяртсайхан тэргүүлж байна. Түүний харьяа агентлагууд нэг наяд 26 тэрбум 141 сая 64 мянган төгрөгийн орлогыг төсөвт оруулах ажээ. Үүнд Татварын ерөнхий газар 657.5, Гаалийн ерөнхий газар 352.4 тэрбумын орлого олох-оор төлөвлөжээ. Тодруулбал татвар төлөгчид төсвийн орлогын ихэнхийг нугалах төлөвтэй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд орлогоороо хоёрт буюу Сангийн сайдын ард гишгэжээ. Түүний харьяалдаг Нийгмийн даатгалын ерөнхий газар 216.2 тэрбумын орлоготой ажиллах ажээ. Орлоготнуудын гуравт 60 тэрбумаар Зам, тээвэр аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл жагсаж буй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар 30 тэрбумыг төсөвт төлөх бололтой. Жагсаалтын дөрөвт Ерөнхий сайд 19 тэрбумаар, тавд Үйлдвэр худалдааны сайд 18.9 тэрбумаар оржээ. Ерөнхий сайдын орлогын дийлэнхийг Төрийн өмчийн хороо бүрдүүлэх бол Үйлдвэр худалдааны сайдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар аварч байгаа юм.

Харин төсөвт хамгийн бага мөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, түүний харьяа байгууллага өгөх гэнэ. Түүний орлогын төлөвлөгөө ердөө л 116.9 мянган төгрөг бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 1.5 сая төгрөгийн орлогын төсөвт нэмэрлэх ажээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга орлогоосоо 1000 дахин их буюу 171.4 сая төгрөг зарах эрхтэй бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэг тэрбум 273 сая 563 мянган төгрөгийг ирэх онд зарцуулах юм.

Ардын эрх сонин 236 /514/
М.Билгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button