Орлоготнуудыг Сангийн сайд тэргүүлж байна

Эрхэм спикер арванхоёрдугаар сарын нэгэнтэй уралдан алхаа тогшсоноор ирэх оны Төсвийн хууль батлагдав. Үүний дагуу улсын төсвөөс ямар албан тушаалтнууд хэдэн төгрөг зарцуулах эрхтэй болсныг бид мэдээлсэн. Энэ удаад сайд, албан тушаалтнууд төсөвт юу нэмэрлэхийг өгүүлье.
Төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлэх буюу орлоготнуудын жагсаалтыг Сангийн сайд Н.Баяртсайхан тэргүүлж байна. Түүний харьяа агентлагууд нэг наяд 26 тэрбум 141 сая 64 мянган төгрөгийн орлогыг төсөвт оруулах ажээ. Үүнд Татварын ерөнхий газар 657.5, Гаалийн ерөнхий газар 352.4 тэрбумын орлого олох-оор төлөвлөжээ. Тодруулбал татвар төлөгчид төсвийн орлогын ихэнхийг нугалах төлөвтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд орлогоороо хоёрт буюу Сангийн сайдын ард гишгэжээ. Түүний харьяалдаг Нийгмийн даатгалын ерөнхий газар 216.2 тэрбумын орлоготой ажиллах ажээ. Орлоготнуудын гуравт 60 тэрбумаар Зам, тээвэр аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл жагсаж буй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар 30 тэрбумыг төсөвт төлөх бололтой. Жагсаалтын дөрөвт Ерөнхий сайд 19 тэрбумаар, тавд Үйлдвэр худалдааны сайд 18.9 тэрбумаар оржээ. Ерөнхий сайдын орлогын дийлэнхийг Төрийн өмчийн хороо бүрдүүлэх бол Үйлдвэр худалдааны сайдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар аварч байгаа юм.

Харин төсөвт хамгийн бага мөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, түүний харьяа байгууллага өгөх гэнэ. Түүний орлогын төлөвлөгөө ердөө л 116.9 мянган төгрөг бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 1.5 сая төгрөгийн орлогын төсөвт нэмэрлэх ажээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга орлогоосоо 1000 дахин их буюу 171.4 сая төгрөг зарах эрхтэй бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэг тэрбум 273 сая 563 мян¬ган төгрөгийг ирэх онд зарцуулах юм.

Ерөнхийлөгчийн Тамгым газрын дарга …1,5сая
Ерөнхий сайд …19 тэрбум 436 сая
Шадар сайд …2 тэрбум 104 сая
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар …867.5 сая
Гадаад хэргийн сайд …11 тэрбум 188 сая
Сангийн сайд …1 наяд 26 тэрбум
Хууль зүй, дотоод хэргийн сайд …6 тэрбум 83 сая
Байгаль орчны сайд …4 тэрбум 126 сая
Батлан хамгаалахын сайд …1 тэрбум 138 сая
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд …8 тэрбум 676 сая
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд …216 тэрбум 180 сая
Үйлдвэр, худалдааны сайд …18 тэрбум 957 сая
Хүнс хөдөө аж ахуйн сайд …177.5 сая
Эрүүл мэндийн сайд …4 тэрбум 426 сая
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга …116мянга
Үндэсний статистикийн газрын дарга …11 сая
Түлш эрчим хүчний сайд …754.1 сая
Зам тээвэр аялал жуулчлалын сайд …60 тэрбум 10 сая
Улсын мэргэлжийн хяналтын асуудал эрхэлсэн сайд …1 тэрбум 627 сая
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд …81.8 сая
Барилга, хот байгуулалтын сайд …5 тэрбум 205 сая
Санхүүгийн зохицуулах хорооны дарга …160 мянга
Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз …1 тэрбум 398 сая

Ардын эрх сонин 236 /514/
М.Билгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button