Хоёр нүүртэн-үүд 250 саяыг авах уу?

Ирэх оны төсөвт гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт нэрээр 250 сая төгрөг тусгасныг эрс эсэргүүцсэн гурван гишүүн эрхэм спикерийнхээ амнаас элдэв-ийг сонссон. Хоёр нүүртэй, хормой хошуугаа дэвсдэг… гэх мэтээр цоллоод 250 сая төгрөгийг авахаар хөрөнгө оруулалтын жагсаалтаа өгсөн үү гэж лавлаад түүнийг нь өгөхийг шаардаж байна. Чуулганы хуралдаан дээр танилцуулна, би хийнээ гэж Ц.Нямдорж дарга байнгын хорооны хурал дээр агсарсан.
Тэрхүү хоёр нүүртэй хэмээн адлагдсан гурав нь Э.Бат-Үүл, Батж.Батбаяр, Л.Гүндалай нар билээ. Тэднээс 250 саяд хошуу дэвсэн жавсаалт гаргаж өгсөн эсэхийг тодруулав.

Э.БАТ-ҮҮЛ Гүтгэж л байхгүй юу
-Та 250 саяыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хүртэл хийлгэсэн. Гэтэл Ц.Нямдорж дарга таныг хөрөнгө оруулалтын жагсаалтаа өгсөн гэж мэдэгдлээ. Энэ үнэн үү?

-Төсвөөр санал авах үед л Ардчилсан намын зөвлөл тойрогт гүйцэтгэх ажлын жагсаалт авсан. Түүнийг л гүтгэж байхгүй юу.

-Намын зөвлөлд авсан материал УИХ-ын даргад очсон гэсэн үг үү?

-Үгүй. Намын зөвлөлд л байгаа. Эрхэм гишүүн ийн товч хариулаад зав муутай байгаадаа уучлалт эрэв. Тэрээр 250 саяд зориулан тойрогт шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтаа мэдүүлээгүй бололтой. Төсөв хэлэлцэж эхлэх үед өөрөөр хэлбэл 250 сая сураг ч үгүй байхад намын зөвлөлдөө саналаа хүргүүлжээ. Эрхэм гишүүн өдгөө ч 250 саяын эсрэг байгаа бөгөөд шударга сонгуулиин төгсгөл ирсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа бололтой.

Б.БАТБАЯР Хөрөнгө оруулалтыг бол дэмжиж байгаа

-Эрхэм гишүүн ээ, Таныг 250 саяыг наанаа эсэргүүцсэн ч цаанаа хөрөнгө оруулалтын жагсаалтаа гаргаж өгсөн гэж хэллээ. Жагсаалт өгсөн юм уу?

-Тийм ээ.

-Яагаад, та чинь 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд байсан шүү дээ?

-Нэгэнт өгөхөөр шийдсэн тул хөрөнгө оруулалтын жагсаалтаа гаргахаас яахав. Бусад тойргоос хоцролтой биш.

-Яагаад эсэргүүцээд байсан юм бэ?

-Хөрөнгө оруулалтын бодлогыг би дэмждэг. Гэхдээ түүнийг тойргуудад хуваарилах зарчмаар хийхийг эсэргүүцэж байгаа юм. 100 сая, 250, 500 саяын хөрөнгө оруулалт хийсэн гишүүнтэй өрсөлдөх хүн олдох уу.

Л.ГҮНДАЛАЙ Зохион байгуулалттай үйл ажиллагаа

-Гүндалай гишүүн ээ, Таныг 250 саяыг эсэргүүцээд байсан мөртлөө алгаа тосоод авч байгаа гэж УИХ-ын дарга хэллээ. Энэ үнэн үү?

-Үгүй ээ, наадах чинь зохион байгуулалттай л үйл ажиллагаа.

-Жаахан тодруулж болох уу?

-Төсөв батлагдахын урьд орой Н.Батбаяр, Т.Очирхүү нар над руу утасдаад чиний хөрөнгө оруулалтын материал дутуугаас ажил саатаад байна. 250 сая төгрөгийг яамдын сайд нарын багцад суулгаж байгаа тул шийдээ хурдан өг гэсэн. Би эмнэлэг барина гээд тусгачихаа л гэсэн чинь маргааш нь янз бүрийн юм яриад байсан.

-Таныг хамгийн түрүүнд өгсөн гэж хэлсэн шүү дээ?

-Тийм юм байхгүй. Тэднийг утасдахаар л хэлснээс өөр гуйсан зүйл байхгүй. Юу гэж уруул дэвсэж очих вэ дээ.

-Эмнэлэг гэдэг нь тойрогтоо юу, эсвэл өөр газар уу?

-Тойрогтоо эрүүл мэндийг дэмжих төв барина л гэж хэлсэн.

-Тийм шаардлага бий юу?

-Байгаа байгаа.

-Ингэхэд та өнгөрсөн жилийн 100 саяа яасан бэ? Тойрогтоо зарсан уу.

-Тэр мөнгө яасныг би мэдэхгүй. Шадар сайдын багцаар дамжаад аймгийн удирдлагууд л шийдвэрлэсэн. Мөнгө нь байгаа гэсэн байх аа.

Ардын эрх сонин 236 /514/
С. Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button